Эрүүл мэндийн яам ДЭМБ-тай хамтран халдварт бус, тэр дундаа зүрх, судасны өвчнөөс сэргийлэх, хянах, нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Үүнтэй холбогдуулан “Монпэн” төслийн хүрээнд сургагч багш нарыг бэлтгэж эхэлжээ. Манай улсын хүн амын нийт нас баралтын 86 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Тодруулбал, 30-70 насныхан халдварт бус өвчнөөр нас барах магадлал 35 хувь байгаа нь дэлхийн дунджаас 17, бүсийн орнуудаас 19 хувиар өндөр байгааг мэргэжилтнүүд хэлсэн. ДЭМБ-аас халдварт бус өвчний эрсдэлийг бууруулахад эрүүл мэндийн анхан шатны нэгжийн үүрэг нэн чухал болохыг онцолж, чадавхыг нь бэхжүүлэхийг зөвлөдөг. Тиймээс манай улс тус байгууллагаас гаргасан PEN/HEARTS багцыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж буй юм. Ингэснээр манай улсын халдварт бус өвчний эрсдэл буурч, хүндрэлээс сэргийлэх боломжтой болох гэнэ.
Ташрамд дуулгахад, “Монпэн” загвар төслийг 2019 оноос хойш 14 аймаг, гурван дүүрэгт хэрэгжүүлсэн аж. Төслийн үр дүнд Дархан-Уул аймагт тархины харвалтын нас баралт 1.4, Сонгинохайрхан дүүрэгт 2.5 дахин буурсан аж. Харин ирэх онд долоон аймгийн өрх, сумын Эрүүл мэндийн төвд нэвтрүүлэхээр зорьжээ.
Ч.БОЛОР