Ази, Номхон далайн бүс нутагт дотоод эрэлт нэмэгдэх, хагас дамжуулагчийн экспорт сайжрах, аялал жуулчлал сэргэх нөлөөгөөр эдийн засгийн өсөлт эрсдэлд тэсвэртэй байх хүлээлттэй байна. Улмаар бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд дунджаар 4.9 хувиар өсөх төлөвтэй байгаа талаар Азийн хөгжлийн банкны “Азийн хөгжлийн төлөв 2024” тайланд дурджээ. Олон улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнөөс инфляцийн түвшин сүүлийн хоёр жилд өндөр байсан бол 2024, 2025 онд саарах эерэг төлөв бий.
Дотоод эрэлт, экспорт нэмэгдсэнээр Өмнөд болон Зүүн өмнөд Азийн бүс нутгийн эдийн засаг эрчимтэй өсөж буй нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл унаж, дотоодын хэрэглээ буурснаас үүдсэн БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг удаашралыг нөхжээ. Мөн бүс нутгийн эдийн засгийн өсөлт тогтвортой байхад эерэг нөлөө үзүүлэв. Энэтхэг Ази, Номхон далайн бүсийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байж, энэ онд 7, ирэх жил 7.2 хувиар өсөхөөр байна. Харин БНХАУ-ын эдийн засаг 2023 онд 5.2 хувь, 2024 онд 4.8, 2025 он 4.5 хувь болж саарах төлөв ажилагджээ.
Эдийн засгийн төлөвт нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, АНУ-ын мөнгөний бодлогын тодорхойгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн цаашдын уналт зэрэг нь сөрөг нөлөө үзүүлнэ. Дэлхийн хэмжээнд үнийн өсөлтийн дарамт буурах ч олон улс мөнгөний хатуу бодлого баримталж байгаа нь Ази, Номхон далайн орнуудын инфляц 3 хувь болж буурахад нөлөөлнө.