Үндэсний Статистикийн Хороо, Австралийн Статистикийн Товчоо хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Статистикийн салбар дахь хоёр орны уламжлалт хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх, Монгол Улсын статистикийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа, Австралийн Статистикийн Товчоог төлөөлж Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэйти Смит нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд Австралийн Засгийн газрын шууд тусламжийн санхүүжилтээр статистикийн түүврийн арга зүй, төрийн нэгдсэн өгөгдөл, мэдээллийн санг боловсронгуй болгох чиглэлээр туршлага судалж, чадавх бэхжүүлэхэд хамтран ажиллах юм. Хоёр орны статистикийн байгууллагуудын хамтын ажиллагаа 2004 оноос эхэлсэн түүхтэй.