Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооноос Прага хотноо 2024 оны тавдугаар сарын 4-нд “Эмэгтэйчүүд үйлдвэрлэлд: Жижиг, дунд бизнес эрхлэлт” сэдэвт бизнес форум болон “Оны шилдэг-2024” шагнуулах гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус форумд Чех улс дахь бизнес эрхлэгч болон нийгэм, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг зэрэг салбаруудад ажиллаж буй иргэдийг өргөнөөр хамруулах юм.
“Оны шилдэг-2024” шагналыг дараах салбаруудаас шалгаруулна. Үүнд:
- Боловсролын салбарын шилдэг
- Шилдэг бизнес үйлдвэрлэл эрхлэгч
- Нийгэм, хүмүүнлэгийн салбарын шилдэг
- Урлаг соёлын салбар дахь шилдэг
- Оны шилдэг оюутан
Нэр дэвшигчдийн материалыг 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл nominations@admwe.org хаягаар хүлээн авна. Чех улсад аж төрж буй Э.Алтандолгио “Эмэгтэйчүүдийн виртуал орчинд ажиллах туршлага, ур чадвар - Чехийн жишээ" сэдвээр илтгэл тавьж, өөрийн туршлагаас хуваалцана. Барилга, цахим худалдаа, гоо сайхан, хүнсний үйлдвэр зэрэг салбарын Монголын бизнес эрхлэгчид ирж тус арга хэмжээнд оролцох аж.