Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын өргөтгөсөн хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухааны паркийн захиргаа, зарим эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлагууд болон дээд боловсролын байгууллагын удирдлага, эрдэмтэн судлаачид, багш нар оролцсон. Хуулийн төслийн үндсэн зорилгыг “Мэдлэгт суурилсан эдийн засаг, нийгмийн чиг баримжаа бүхий шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх замаар үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх”-д чиглүүлэн тодорхойлсон гэж хууль санаачлагчид онцолж байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр:
- Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим,
- Үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт,
- Хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэг,
- Хүний нөөцийн хөгжил,
- Санхүүжилтийн тогтолцоо,
- Хөрөнгө оруулалтын эрх зүйн үндэс тогтоохтой холбогдсон харилцааг олон улсын жишигт нийцүүлэн илүү нарийвчлан зохицуулахаар тусгасан нь онцлог юм.
Хуулийн төсөл батлагдсанаар “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ” гэж хууль санаачлагчид онцолж байна.