Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН) нь олон улсын хэмжээнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага хуваалцаж, бодлого зохицуулалтын орчныг сайжруулах зорилготой ажилладаг. Тус нийгэмлэгт 84 орны 89 санхүүгийн зохицуулагч байгууллага гишүүнчлэлтэй аж. Монголын Санхүүгийн зохицуулах хороо 2010 онд гишүүнээр элсэж, нийгэмлэгийн захирлуудын зөвлөлд хоёр удаа, Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачилгын даргаар 2021-2023 онд ажилласан. Ажиллах хугацаанд зах зээлийн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан бүс нутгийн онцлогт тохирсон бодлого зохицуулалтын шинэ санал, санаачилга дэвшүүлжээ. Мөн нийгэмлэгийн долоон ажлын хэсэгт идэвхтэй ажиллаж, өнгөрсөн оны есдүгээр сард Цахим санхүүгийн үйлчилгээ (DFS)-ний ажлын хэсгийн дэд ахлагчаар СЗХ-ны төлөөлөл сонгогдсон юм.
Тус нийгэмлэгийн гишүүн болох 12 орон Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад орсон бөгөөд Монгол Улсаас ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас хэрхэн гарсан туршлагаасаа хуваалцах хүсэлтийг тавьсан юм. Үүнтэй холбоотойгоор СХН-ээс цахим уулзалт зохион байгуулж, СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албанаас “саарал жагсаалт”-аас гарахтай холбоотой хорооноос хэрэгжүүлсэн арга хэмжээ, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог ФАТФ-ын стандартад нийцүүлж, хамтын ажиллагааг идэвхжүүлсэн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар өгч, туршлагаасаа хуваалцсан юм. Түүнчлэн уг цахим уулзалтаар Ла Троб их сургуулийн профессор Лиүс дэ Кокер ФАТФ-ын “саарал жагсаалт”-ын эдийн засагт үзүүлэх хор нөлөөг тайлбарлаж, Базелийн засаглалын хороо, Зимбабве Улсын Сангийн яам мөн өөрсдийн туршлага, үнэлгээний талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэв.