Хөгжлийн бодлогыг тодорхойлох суурь судалгаануудыг Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс хийжээ. Боловсролын салбар автозамын түгжрэлд хэрхэн нөлөөлж байна вэ, 2029 он хүртэл эрчим хүчний үнийг шатлалтайгаар нэмэхм шаардлагатай, төрийн албанаас гарч буй албан хаагчид харьцангуй өндөр боловсролтой зэрэг асуудлаар нарийвчилсан судалгаа хийж, үр дүнг нь танилцууллаа. Улаанбаатар хотын голлох 239 уулзварыг сонгож, нийтийн тээврийн чиглэлүүдийн тоон мэдээлэл, Улаанбаатар хотын бүсчлэл, автобусны төлбөрийн дататай уялдуулан судлав. Судалгаагаар боловсролын салбараас үүдэлтэй автомашины хурд хотын төв болон урд хэсгүүдээр 20-40 хувиар саардаг нь нотлогджээ. Тодруулбал, нийслэлийн автозамын сүлжээний хурд өглөөний 7-9 цагт 11.9 км. Зайсан, Их тойруугийн бүсэд гол түгжрэл үүсдэг бол дээрх бүсүүдэд автомашины хурд зуны улирал, сурагчдын амралтын үеэр 18 км цагт хүрдэг. 1,2,3,6-р бүс буюу хотын баруун, зүүн, төв болон урд бүсүүдэд дундаж хурд хамгийн бага. Харин 4,5,7,8,9-р бүс буюу хотын захаар зуны улиралдаа хурд удааширдаг байна.
2022 оны статистикаар Улаанбаатарын ерөнхий боловсролын 293 сургуульд 364 мянган суралцагч сурсан. Үүнээс хотын баруун, зүүн, төв болон урд бүсүүдэд ерөнхий боловсролын 153 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс дээрх сургуулиудын төвлөрөл иргэдийн зорчих хөдөлгөөний эрэлтийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлүүдийн нэг болжээ. Нийслэлийн ЗДТГ болон “ММСиЖи” судалгааны байгууллагын хамтарсан судалгаагаар өдөрт дунджаар 1 564 814 төв рүү зорчих хөдөлгөөн хийгдэж, үүний 21 хувь нь ЕБС, цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөх авах зорилготой аж. Тиймээс ЕБС, цэцэрлэг, их дээд сургуулийн байршил, багтаамж зэргийг нарийн төлөвлөх нь түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх нэг гарц болоод байна.
2029 он хүртэл эрчим хүчний үнийг нэмж байж шинэчлэлийн суурь тавигдана
Эрчим хүчний салбартаа шинэчлэл хийж чадсан жишиг улс нь Чили юм. Тус улс 1978 оноос шинэчлэлээ эхлүүлж, дамжуулах сүлжээний хувьчлал, тарифын тохируулга, бодит өртгийг өөрчилсөн байна. Хамгийн гол нь энэхүү шинэчлэл улс төрийн савлагаанаас үл хамааран үргэлжилж чадсан нь амжилттай үргэлжлэх суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Өнөөдөр манай улсад дээрх шинэчлэлийг хийх шаардлага нэгэнт үүссэн. Эрчим хүчний салбар хэрэглээний өсөлт, эх үүсвэрийн дутагдал, хязгаарлагдмал хөрөнгө оруулалт, ТӨХК-ийн засаглалын асуудлыг шийдвэрлэхгүйгээр цааш алхах боломжгүй болжээ. Монгол Улсын Эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувиар өссөн. Тиймээс эрчим хүчний төслүүдийн хөрөнгө оруулалтыг нөхөхөд үнэ тарифыг нэмэх тухай яригдана.
2022 оны байдлаар Монгол Улсын өрхийн дундаж орлогын 2.2 хувийг цахилгааны төлбөр эзэлж байна. Энэ нь олон улсын дундаж дүн 5 хувьтай харьцуулахад хоёр дахин бага. Өрхийн цахилгааны төлбөр 10 хувиар нэмэгдэхэд жилийн инфляцад 0.2 хувь, эдийн засгийн салбарын оролцогч нарын зардал 0.5 хувиар өсөх судалгаа ч гарчээ. Тиймээс эрчим хүчний салбараа аврах нэг гарц нь бодит өртөгт суурилсан тарифын шинэчлэлийг тогтвортой хэрэгжүүлэх гэдгийг судалгаа нотолжээ. Мөн шинээр төлөвлөж буй сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн тарифын хэлцэл, цахилгаан эрчим хүч худалдан авах, худалдах гэрээний нөхцөл зэрэг олон асуудал тулгамдаж буй. Дан ганц үнэ тарифт шинэчлэл хийснээр салбарын асуудал бүрэн шийдвэрлэгдэхгүй. Эрчим хүчний салбарын бүтцийг өөрчлөх зайлшгүй хэрэгцээ бий. Тодорхой хэлбэл, одоогийн нэг худалдан авагчтай загвараас дараагийн шатанд шилжих бэлтгэл ажлыг эхлүүлэхтэй нүүр тулна. Ингэхдээ 2029 он хүртэл цахилгааны үнэ тарифыг үе шаттайгаар шинэчилж байж шилжилтийн суурь нь болох юм.
19-35 насныхан төрийн албанаас гарах сонирхол их байна
Төрийн албан хаагчдаас авсан түүвэр судалгааны дүнгээс нэгэн сонирхолтой статистик анхаарал татна. Дээд боловсролын гэрчилгээний голч дүн өндөр албан хаагчид ажлаас чөлөөлөгдөх нь их болжээ. Ингэснээр төр чадвартай албан хаагчдаа алдсаар байгаа юм. Цахим судалгаанд хамрагдсан нийт албан хаагчдын 33.2 хувь нь ойрын хоёр жилийн хугацаанд төрийн албанаас гарах сэдэлтэй гэдгээ илэрхийлэв. Төрийн албаны хэт их дүрэм журам, цалингийн зөрүү, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа эрсдэлд орсон зэрэг нь дээрх шалтгааныг бий болгожээ. Ялангуяа, 18-35 насныхан төрийн албанаас гарах сонирхол ихтэй. Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд төрийн тусгай албан хаагчдыг хассан дүнгээр 185 862 албан хаагч байжээ. Гэтэл дөрвөн сарын хугацаанд 8176 албан хаагч ажлаас гарсан. Энэ мэтээр залуу, төрийн үйлчилгээний салбарт ажиллаж буй албан хаагч үргэлжлүүлэн ажиллах сонирхолгүй байгаа бол ямар нэгэн албан тушаалд суусан, дарга нар ажилдаа үлдэх амбицтай аж.