Шилэн ажиллагааны талаар Цахим, хөгжил харилцааны холбооны сайд Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын 5Ш ажиллагаа өнгөрсөн жилийн хугацаанд өрнөсөн. Шилэн ажиллагааг эхлүүлсэн жилийн хугацаанд shilen.gov.mn системээр 978 мянган мэдээлэл ил тод болсон. Мэдээлэл ил тод болж, олон нийтийн мэдэх эрх хангагдсанаар нийт 97 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн. Шилэн ажиллагааны дараагийн шатны ажил болох shilen.gov.mn-2 системийг өнөөдөр албан ёсоор нээж байна. Шилэн мэдээлэлд олон нийт, хувийн хэвшил, төрийн байгууллагууд эх сурвалжид анализ хийх боломж нээгдсэн. Үүний үр дүнд хувийн хэвшлийн санаачилсан Монгол GPT-г системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хувийн хэвшлийн компанитай хамтран shilen.gov.mn-2 системд Монголын төр анх удаа GPT-г нэвтрүүлжээ. Open AI, chat GPT гэсэн хиймэл оюун ухааны тусламжтайгаар анх удаа ашигт малтмалын лицензийн мэдээллүүдийг нээлттэй болголоо. Одоогийн байдлаар Монгол GPT есөн настай хүүхдийн хэмжээнд сэтгэж байна. 978 мянган мэдээлэл ил тод болгосон ч дотроос хэрэгцээт мэдээллээ эрж хайхад хүндрэлтэй байсныг хиймэл оюун ухааны технологид тулгуурлан монгол инженерүүд сургаснаар мэдээллийг авахад хялбарчилсан” гэж ярилаа.
Энэ үеэр сэтгүүлчид Засгийн газрын тусгай сангуудын эргэн төлөлтийн талаар тодруулахад Сайд Н.Учрал "Өнгөрсөн оны эцсийн байдлаар 97 тэрбум төгрөг төлөгдсөн” гэв. Тодруулбал, Боловсрол Зээлийн Санд - ₮3.94 тэрбум, Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Санд - ₮55 тэрбум, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Санд - ₮20 тэрбум, Хөдөө Аж Ахуйн Корпорацад - ₮11 тэрбум, Гэмт Хэргийн Хохирогчдод Нөхөн Төлбөр Олгох Санд - ₮290 сая, Шинжлэх Ухаан Технологийн Санд - ₮26 сая төгрөг эргэн төлөгдсөн мэдээллийг өгсөн юм.