2023 онд мал, амьтдын даатгалын нөхөн төлбөр өмнөх оноосоо 353.2 дахин өсжээ. Гэвч мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл болон гэнэтийн гамшгаас үүдэлтэй ихээхэн хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэх зорилготой даатгалын бүтээгдэхүүн болох малын индексжүүлсэн даатгалд хамрагдах нь эрс бага байгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тайланд тодотгож байв. Малын индексжүүлсэн даатгал нь малын хорогдлын эрсдэлийг Засгийн газар болон даатгалын компаниуд хариуцах даатгалын бүтээгдэхүүн бөгөөд нэг малчны хотонд гарсан хорогдлоор бус харин сумын хэмжээнд гарсан нийт хорогдлоор тооцон нөхөн төлбөрийг олгодог юм.
Даатгалын хураамжийн орлого 2023 онд 392 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30.4 хувиар өссөн байна. Нийт даатгалын хураамжийн орлогын 87.2 хувийг сайн дурын даатгал, 12 хувийг албан журмын даатгал, 0.8 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байгаа аж.
Харин даатгалын нөхөн төлбөр 2023 онд өмнөх оноосоо 26.6 тэрбум төгрөгөөр буюу 28.3 хувиар өсөхөд хөрөнгийн, авто тээврийн хэрэгслийн болон мал, амьтдын даатгалын нөхөн төлбөр өссөн нь жин дарсан байна. Харин тэтгэврийн даатгалын хураамжийн орлого 0.7 хувиар буурчээ.
Даатгуулагчдын 82.8 хувийг иргэн, үлдсэн хэсгийг аж ахуйн нэгж байгууллага бүрдүүлдэг. Мөн даатгуулагчдын 52.5 хувийг албан журмын даатгал, 47.4 хувийг сайн дурын даатгал, 0.1 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлжээ.