Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт буюу ҮАМАТ-08 гэсэн баримт бичгийг үндэсний хэмжээнд мөрддөг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталж, нэмэлт, өөрчлөлт оруулдаг эл тодорхойлолтод саяхан зарц, бараа бологч гэдэг ажил оруулж ирлээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг өнгөрсөн онд шинэчлэн баталсан. Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагуудын нийгмийн даатгалын тайлангийн системийг бас шинэчилсэн юм байна. Гэтэл уг систем дэх ажил, мэргэжлийнх нь жагсаалтад феодалын үеийн зарц хэмээх үг оруулсан нь олон хүний дургүйцлийг төрүүлж, шүүмжлэлийн бай боллоо. Учир нь “Бусдын эрхшээл, нөлөөний доор захирагдан, зарцлагдах хүн” гэж зарц гэдэг үгийг “Монгол хэлний их тайлбар толь”-д бэлээхэн тайлбарлаад өгсөн байгаа. Бид хэддүгээр зуунд, ямар нийгэм, дэлхийд амьдарч буй билээ. Гэтэл хэдэн зууны өмнөх нэршил, ажлыг ХНХЯ-ныхан өнөө үед “авчирч”, албан ёсоор бүртгээд, татварын код хүртэл өгснийг харсан иргэд гайхан балмагдаж, эгдүүцэхэд хүрлээ.
Салбар хариуцсан сайд Х.Булгантуяа эмэгтэйчүүдийг БНСУ-д зочид буудалд ажиллахад нь дэмжлэг үзүүлнэ гэх агуулга бүхий зүйл ярьсан нь саяхан. Түүний доромжлол нь зарц гэдэг ажлын байр гаргах байдлаар ийнхүү үргэлжиллээ. Өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл иргэдээ “Улныхан” хэмээн доромжилсон нь одоо ч мартагдаагүй. Ер нь ХНХЯ-ныхан, салбар хариуцсан сайд нь иргэдээ хамгаалах, дэмжих гэж бус, доромжлох л гэж ажилладаг юм биш үү гэж бодохоос өөр аргагүй байна.
Ямартай ч нийгмийн сүлжээгээр иргэдийн шүүмжлэл хөврөөд эхлэнгүүт Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтод байсан “Бараа бологч, зарц” гэсэн нэрийг өчигдөр “Үйлчилгээний ажилтан, туслах” болгон засжээ. Уг нь тэд шүүмжлэл гарсны дараа засах бус, анхнаасаа л зөвөөр бичих ёстой байсан шүү дээ.
Бэлтгэсэн М.Оч