Ховд аймгийн Мянгад сумын нутагт “Мянгад” 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг сүлжээнд залгасныг Эрчим хүчний яамнаас өчигдөр мэдээллээ. Уг станц нь жилд 17-22 сая кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх буюу өдрийн цагаар Мянгад сум болон Ховд аймгийн төвийнхний эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломжтой аж. Ингэснээр баруун бүсийн хэрэглээний 10 орчим хувийг нийлүүлж, ОХУ-аас худалдан авах эрчим хүчний зардлыг жилд дунджаар 3.4 тэрбум төгрөгөөр хэмнэх урьдчилсан тооцоо гаргажээ. “Мянгад” станцыг Дэлхийн банкны 16.5 сая ам.долларын эх үүсвэрээр барьсан бөгөөд 15-20 хүн ажлын байртай болж буйг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Ховд аймаг дахь салбарын дарга Я.Ганболд дурдав.