Манай улсын томоохон дөрвөн лабораторийн мэргэжилтэн, судлаачид нэгдэж, өнгөрсөн сард Туул голын бохирдлыг судалжээ. ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны шинжилгээний лабораторийн эрхлэгч, доктор Ч.Жавзантай энэ талаар ярилцлаа.
-Туул голын аль хэсэгт судалгаа хийв?
-УИХ-ын даргын 2017 оны 34 дүгээр захирамжаар Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг судалж, шаардлагатай бол хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын гишүүн А.Сүхбат ахалж буй уг ажлын хэсгийнхэн Туул голын эхнээс адаг хүртэл нь явж, нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ хүрээнд ШУА-ийг төлөөлж манай лаборатори, мөн УСУГ-ын Усны төв лаборатори, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, МХЕГ-ын Үндэсний лавлагаа лаборатори гэсэн дөрвөн газар хамтран өнгөрсөн сарын 8-нд судалгаа шинжилгээ хийлээ. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан ус голд нийлэхийн өмнөх болон дараах хэсгээс сорьц авсан. Үерийн далангуудын ус “ДЦС-IV” орчимд Дунд голтой нийлээд, Туулд цутгадаг юм.
Тэр хэсэгт бас шинжилгээ хийж, хариуг нь нэгтгэн гаргаад байна. Үүнээс гадна голын ёроолын хагшааснаас дээж авч, “SGS IMME Mongolia” компанийн лабораторид шинжлүүлэхээр өглөө. Туул голын усны чанарыг манай хүрээлэнгийн эрдэмтэд олон жил судалсан. Тэдгээрийн дүнд үндсэн бохирдуулагч нь Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй ус гэдгийг хэдийнэ нотолсон. Бид энэ удаа бохирдол үүсдэг гол хэсгээс сорьц авч, шинжиллээ.
-Гол бохирдсон нь харахад л илэрхий байдаг. Тэгвэл шинжилгээний хариугаар бохирдлын зэргийг хэрхэн тогтоов?
-Төв цэвэрлэх байгууламжаас гарсан ус голд нийлснээс эхлээд бохирдлын бүх үзүүлэлт Усан орчны чанарын стандартад зааснаас давж байна. Туул голын Сонгиноос доош урсах хэсэгт усны чанар эрс өөрчлөгдөж, маш их бохирдолтой болжээ. Тэнд их хэмжээний хөвмөл буюу умбуур бодис үүсдэг. Хурдас чулуулагт наалдаж, тогтоод буй нялцганасан өнгөр шиг зүйлийг ингэж нэрлэдэг юм.
Урсгалын явцад умбуур бодис голын ёроолд сууж хуримтлагддаг. Гол тодорхой зайд урсаж, өөрийгөө цэвэршүүлдэг гэж ярьдаг даа. Гэтэл Туулд их хэмжээний бохир өдөр тутам нийлж буйгаас урсаад ч цэвэршихээргүй болчихжээ. Мөнхийн бохирдол үүсэж байна гэж хэлсэн ч буруудахгүй нь.
Умбуур бодис ёроолд суух үед л бага зэрэг цэвэршиж байгаа юм шиг харагддаг. Үнэн хэрэгтээ бохирдол буурахгүй, харин ёроолдоо хуримтлагдсан хэрэг. Голоор мал, амьтан, машин тэрэг гатлах бүрт доор суусан хагшаас хөдөлж, дахиад л булингартана.
Туул гол Сонгино орчимд Төв цэвэрлэх байгууламжийн гаргалгааны устай нийлснээр бор ногоон өнгөтэй болж буй. Түүнээс цааш Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Лүн сумаар дамжин урсах явцад бага зэрэг тунгалагшаад Заамар хүрдэг. Уул уурхайн компаниуд тэндхийг бөмбөгдчихсөн юм шиг болгож, замбараагүй үйл ажиллагаа явуулж буйгаас гол дахиад л булингартан бохирдож, ёроолд нь их хэмжээний шавар, хагшаас сууж байна.
Түүнээс цааш Туул гол Орхонд нийлэх замдаа бага зэрэг цэвэршиж буй юм шиг үзэгдэвч мөн л бохир нь ёроолдоо хуримтлагдан үлдэж байгаа.
...Хур багатай үе таарсан учраас бидний шинжилгээгээр үерийн далангийн ус өмнөх жилүүдийн судалгааны дүнтэй харьцуулахад харьцангуй цэвэр гарлаа. Гэхдээ бороо орохоор Улаанбаатар хотын хөрсний бохирдол тэр чигтээ үерийн усаар угаагдаж, ямар ч цэвэрлэгээ хийгдэлгүй Туулд нийлдэг. Энэ бол маш том асуудал...
-Бохирдуулагч бодисын дотор ямар элемент давамгайлж байна вэ?
-Төв цэвэрлэх байгууламжийн гаргалгааны усан дахь бохирдлын үзүүлэлтүүд Хаягдал усны MNS 4943:2015 стандартаас олон дахин давжээ. Тухайлбал, нийт азот хүлцэх хэмжээнээс 2.9, фосфор 2.4 дахин их байна. Булингаршил буюу дээр дурдсан умбуур бодис 5.2 дахин илүү. Цэвэр ус хангалттай хүчилтөрөгчтэй болж байж усан орчны экосистемийг тэтгэн, өөрийгөө цэвэршүүлдэг.
Гэтэл бидний шинжилгээ хийсэн цэгт хүчилтөрөгч огт илэрсэнгүй. Дээр нь хүлцэх хэмжээ тогтоочихсон бохирдлын бүх үзүүлэлт хэвийн түвшнээс хэт их гарлаа. Амьд организмд хор хөнөөл учруулахгүйн тулд л энэ бодис ийм хэмжээнээс хэтэрч болохгүй гэсэн хязгаарыг стандартаар тогтоодог шүү дээ.
Тэр заасан хэмжээнээс өчүүхэн давахад л усан орчны экосистем болон усны чанарт сөргөөр нөлөөлдөг. Бохирдол нь хүлцэх хэмжээнээс хэд дахин хэтэрчихсэн Туул голоос мал, амьтан ундаалж байна. Маш бохир ус ууснаас гэдэс дотор нь нян бактер үржиж, бусад эд эрхтэндээ нөлөөлөх эрсдэлтэй. Загасны заламгайд мөөгөнцөр үүсэж, шимэгч хорхой үүрлэчихсэн нь манай эрдэмтдийн нэлээд хэдэн жилийн өмнөх судалгаагаар илэрч байсан.
-Хүнд металл хүлцэх хэмжээнээс давсан уу?
-Бидний сорьц авч, судалсан цэгт стандартаас давсан хүнд металл илрээгүй ч бохирдлоос үүдэлтэй бичил элемент болох манган, фосфор тогтоосон хэмжээнээс давжээ. Туул голын Улаанбаатар хот орчмоор урсаж буй хэсэг нь голдуу ахуйн бохирдолтой. Манайх шиг ийм бохир ус голд нийлүүлдэг улс байхгүй. Гол бохирдоно гэдэг чинь хүн, мал, амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөө учраад зогсохгүй, цутгаж буй гол нь ч бохирдох үндэс болдог.
Заамар орчимд бол уул уурхайн нөлөөгөөр хүнд, хортой элемент их хэмжээгээр илэрч болзошгүй. Алт олборлохын тулд газрын гүн дэх хурдас чулуулгийг ил гаргадаг. Энэ нь битүү орчинд дарагдчихсан байсан дагалдах элементүүд агаарт дэгдэн исэлдэн ангижрах урвалд орж, тухайн орчинд сөргөөр нөлөөлнө. Эсвэл хөрсөнд шингэж, тэр нь хур тунадсаар угаагдаад гол руу орох магадлалтай. Энэ талаар нарийвчлан судлах шаардлага бий.
-Туул голын ёроолын хурдас чулуулаг харагдахгүй болсон. Мөн загасгүй болж, тэндээс уусан мал үхэх боллоо гэж Алтанбулаг сумын иргэд хэлж байсан.
-Хүний үйл ажиллагаа, хотжилттой холбоотойгоор гол бохирдож буй нь экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, цэвэр усны загас, жараахайн амьдрах нөхцөлийг үгүй хийсэн. Эсрэгээрээ хануур хорхойноос эхлээд бохирыг тэсвэрлэх, дасан зохицох чадвартай амьтдын зүйлийн бүрдэл олширчээ.
Цэвэр усны загас болон бичил амьтад Туул голын доод хэсэгт амьдрах боломжгүй. Усны чанар муудна гэдэг чинь тэр хэсэгт амьдарч буй айл өрх, мал гээд бүхий л амьд организмд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Энэ бол онцгойгоор авч үзэх, маш том асуудал. Бохирдлыг багасгаж, ёроолынх нь хагшаасыг цэвэршүүлэхийн тулд дорвитой арга хэмжээ авах цаг ирсэн.
-Үерийн далангаас хэр зэрэг бохирдолтой ус Туулд нийлдэг юм бол?
-Хур багатай үе таарсан учраас бидний шинжилгээгээр үерийн далангийн ус өмнөх жилүүдийн судалгааны дүнтэй харьцуулахад харьцангуй цэвэр гарлаа. Гэхдээ бороо орохоор Улаанбаатар хотын хөрсний бохирдол тэр чигтээ үерийн усаар угаагдаж, ямар ч цэвэрлэгээ хийгдэлгүй Туулд нийлдэг. Энэ бол маш том асуудал.
-Ёроолын хагшаасны шинжилгээний дүн хэдийд гарах вэ?
-Ирэх долоо хоногт гарна. Ёроолын хагшаасыг нарийвчлан судлаад, харьцуулах гэхээр манай улсад стандарт байдаггүй. Хөрсний стандарт гэж бий л дээ. Гэтэл ёроолын хагшаасыг хөрс гэхэд хэцүү, усан доторх зүйл шүү дээ. Тэглээ гээд усны стандарттай ч харьцуулж болдоггүй, шавар шорооны найрлагатай учраас тэр. Зарим тохиолдолд аргаа бараад хөрснийхтэй харьцуулах нь ч бий. Тиймээс бид ёроолын хагшаасны стандарт боловсруулж батлуулах талаар холбогдох байгууллагуудад санал тавьж байгаа.