Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 40 гаруй мянган хүүхдийн ирээдүй шийдэгдэх эгзэгтэй цаг дор БСШУС-ын сайдаа огцруулчихлаа, манай улстөрчид. Энэ намар эрдмийн өргөөний үүдээр анх орох гэж буй 32.6 мянган хүүхдийг сургуульд бүрэн хамруулах асуудал хоолой дээр тулчихаад байсан давчуу үед дэд сайд нь АНУ-д суух Элчин сайдаар томилогдоод “зуларчихдаг”, сэтгэлгүй сэтэртнүүдтэй юм, манай боловсролын салбар.
Бас болоогүй ээ, дэд сайдынхаа суудлыг боловсролын салбарын талаар “а” ч үгүй, намынхаа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргад шилжүүлэн өгөх тухай ярьж болдог, хэтийдсэн их эрх ямбатай төрийн түшээдтэй хүлцэнгүй ард түмэн ажээ, бид.
Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь гурван тийшээ хараад суучихдаг, эв түнжингүйн улмаас дөрвөн том салбарыг хамаардаг энэ яамны ажил өнгөрсөн хугацаанд урагшлаагүй нь үнэн боловч арай ч ингэж эзэнгүйдүүлж болохгүй байлтай. Тэр тусмаа ирээдүй хойчийн маань хувьд хамгийн чухал цаг үед нь салбарын яамыг “толгойгүй” болгоно гэдэг дэндүү тоглоомтой үйлдэл.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамныхан, түүний харьяа байгууллагууд “хүүе, хаая” гэх эзэнгүй арваад хоног сулдаа ганхсаны эцэст өчигдөр шинэ сайдынх нь сураг дуулдаж, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатарыг томилох саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын даргад өргөн барилаа. Өчигдрийг хүртэл сайдын сэнтийд залрахаар нэр нь дуулдаж байсан хүмүүсийн аль нь ч биш, огт өөр эрхэм ийн гэнэт “цоорон” гарч ирэв. Өмнөх сайдыг нь хараахан огцруулаагүй байхад л УИХ-ын гишүүн Л.Цогзолмаа, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, О.Содбилэг нарын нэгийг энэ албанд томилогдоно гэсэн яриа гарсан.
Сүүлдээ Т.Ганди, Д.Бадарч гэсэн хүмүүсээр магадлалын жагсаалт өртөөлөн үргэлжилсэн. Эндээс ЮНЕСКО-гийн Нийгэм, хүмүүнлэгийн секторын Нийгмийн өөрчлөлт, соёл хоорондын харилцааны салбар хариуцсан захирлаар ажилладаг Д.Бадарчийг хамгийн магадлалтай нь гэлцэж байв. Түүнийг БСШУС-ын сайдаар томилохын тулд гадаадаас дуудаж авчирсан гэх яриа хүртэл байсан ч эцсийн мөчид нөхцөл байдал 180 градус эргэх нь тэр. Ямартай ч энэ долоо хоногтоо багтаад тус яам сайдтай болох нь.
Гэхдээ хоёр сайдтайгаа тун таарамжгүй байсан Төрийн нарийн бичгийн дарга бүсгүй дахиад бантан хутгахгүй гэх баталгаа харин алга. Сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёр нь ойлголцохгүй, дахиад буруу зөрүү хараад суучихвал үүнээс болж хамгийн ихээр хохирох хүмүүс нь бидний ирээдүй болсон хүүхэд багачууд. Боловсролын салбарт шийдлээ хүлээсэн асуудал угаасаа хангалттай их байгаа.
Ахлах ангийнхны сурах бичгийг зохиох, хэвлэх ажил гэхэд л бүхэл бүтэн нэг хичээлийн жилийн хугацаанд огт хийгдсэнгүй. Цөм хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, кредит цагийг нь хэрхэн тооцох, хичээл сонголтыг яаж хийх гээд яаралтай хариулт шаардсан олон асуулт шинэ сайдыг “угтаж” буй.
Улс орны хөгжих гол үндэс нь боловсролтой, бас зөв хүмүүжил төлөвшилтэй иргэд байдаг. Боловсрол, хүмүүжил бол тасралтгүй үргэлжлэх ёстой үйл явц атал манайд төр, засаг солигдох тоолонд бодлого, зорилт, хэтийн төлөвлөгөө нь сайд, дарга нараа дагаад өөрчлөгддөг нь хамгийн хор хөнөөлтэйг учир мэдэх хүмүүс анхааруулдаг. БНСУ гэхэд л өнгөрсөн оноос ахлах ангийн сургалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн чөлөөт боловсролын тогтолцоог бүхэл бүтэн 10 жилийн турш судалж, нягталж, туршсаны эцэст ажил хэрэг болгожээ.
Харин манай боловсролын тогтолцоо болохоор нэг сайд нь гарч ирэхээрээ “Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж тулгадаг, дараагийнх нь “Цөм хөтөлбөр шиг хэрэгтэй зүйл алга” хэмээн ухуулдаг, өөр нэг нь “Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эсэхээ судалж байж шийднэ” гээд өмнөхөө үгүйсгэх жишээтэй. Тийм ч учраас боловсрол, эрүүл мэндийн салбарынхныг зориудаар улс төр рүү татан оруулж, улстөржүүлэхгүй, тэднээр нийгэмд үйлчлэх ажлыг нь зүгээр л тайван хийлгэх хэрэгтэй гэдэг эрдэмтэн, судлаачдын үг эрхбиш нэгийг бодуулна.
Яг л цэрэг, цагдаагийнхныг улс төрөөс хол байлгах нь зүйтэй гэдэг шиг. Гэвч үнэндээ манайд мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд хамаагүй гэдэг шиг төрийн эрх барьж буй нам хэнийгээ сайдаар томилох нь тэдний дурын хэрэг гэсэн “хууль” үйлчилдэг. Төрийн албыг улс төрөөс ангид байлгах тухай Үндсэн хуульдаа тусгаж өгөхөөс нааш энэ байдал өөрчлөгдөхгүй гэдгийг философич, доктор Д.Дашпүрэв онцолсон юм.
Ж.Батсуурь сайдыг огцруулсан асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тайлбар хийхдээ “Бид Ажлын хэсэг гаргаж, яамд болон 21 аймгийн Засаг дарга, агентлагууд, төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг шалгаж байна. Төр хариуцлагатай байж, хариуцлагыг чухалчилж л төр шиг төр оршино. Тиймээс Засгийн газар цаашдаа ч хариуцлагын тухай байнга ярина. Ерөнхий сайд танхимынхаа сайдыг огцруулсан нь хариуцлагыг чухалчилж байгаа хамгийн том жишээ юм” гээд л ярина билээ.
Үнэхээр хариуцлагын тухай ярих гэж байгаа бол тухайн хүнийг анх томилохоосоо эхлээд анхаарах хэрэгтэй бус уу. Улс төрийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн бурантаглуулж, сайд, даргаар томилсон хүнээ Засгийн газар огцруулах хүртэлх тэр хугацаанд чинь бас эгэл ардын амь амьдрал утасны үзүүр шиг даган хөвөрч, улс орны амин чухал салбаруудын ажил цалгардаж байдгийг санаарай. Тэр тусмаа боловсрол бол Монголын хүн амын гуравны нэгээс илүүг эзэлдэг хүүхэд, залуучуудын ирээдүйг шийдэх маш чухал салбар.
Тиймээс хэн дуртай нь боловсролын сайдаар томилогдож, аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргаас эхлээд их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудын за хирлыг хүртэл тааллаараа өөрчлөн, тогтолцоогоор нь “самарчихаад”, дургүйгээ хүрэхээр хөхөө шиг хаяад явчихдаг гажуудлыг яг одоо цэгцэлмээр байна. Ямар сайндаа л БСШУСЯ сайдгүй байгаа энэ хэдэн өдөр чих амар, тайван сайхан буйгаа нэгэн дээд сургуулийн захирал ярьж байх вэ. Улс төрийн томилгоогоор ирсэн сайд дарга нар түшмэдүүдээ байн байн явуулаад, аар саархан зүйлээр “чангалаад” түвэгтэй байдаг тул их, дээд сургуулиудын захирлууд үнэндээ залхсан гэнэ лээ.
Гэтэл Англи, Энэтхэг зэрэг оронд боловсролын яам нь хоёр сайдтай байдаг аж. Нэг нь парламентаас сонгогдсон улс төрийн албан тушаалтан бол нөгөө нь төрийн албан хаагч. Төрийн албанд хамгийн доод шатнаас нь эхэлж ажилласаар яваандаа сайд хийх хэмжээнд хүрч очдог, улс төрөөс хараат бус хүн гэсэн үг. Тэр сайд нь салбарынхаа гол бодлогыг зангиддаг юм байна. Үүн шиг тогтолцоо манайд хэрэгтэй байгааг боловсролын салбарт насаараа ажилласан эрхмүүд зөвлөдөг.
Боловсролын системийн гол цөм нь сургуулийн өмнөх болон бага, дунд, ахлах ангийн боловсрол байдаг учраас ядаж эхний ээлжинд энэ шатлалыг улс төрөөс хараат бус, биеэ даасан тогтолцоотой болгоход анхаарах нь зүйтэй гэлцэнэ. Энэ шинэчлэлийг хийхийн тулд заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэлгүй, Төрийн албаны тухай хуулиар зохицуулах боломжтой аж. Зөвхөн боловсрол ч гэлтгүй, бусад салбарт ч улс төрөөс хараат бус, ийм бие даасан тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй байгааг бид бэлхнээ харж буй.
Уураг тархин доторх үйлдвэрлэл гэгддэг шинжлэх ухааны салбар ч улс орны хөгжлийн чиг зүгийг заахад хамгийн чухал үүрэг оролцоотой учраас үүнийг урт хугацааны, оновчтой бодлогоор зангидах, эрдэмтдээ нэгдмэл байлгах шаардлага зайлшгүй. Нүүдэлчин монголчуудыг дэлхийд данслах уламжлалт соёл, зан заншил, үүх түүхээ даяаршлын шуурганд хэрхэн авч үлдэх вэ гэдэг ч төр, засгийн бодлогын гол цөмд байх учиртай салбар мөнөөсөө мөн.
Монголын нэрийг тахалж буй спортынхноо ямар бодлогоор дэмжих, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийш харсан холбоодыг яаж нэгдмэл байлгах вэ гэдэгт мөн л салбарын сайд нь санаа тавих үүрэгтэй. Тиймээс хоорондоо маргаж, хэмлэлдэж, толхилцож суух цаг зав өчүүхэн ч байхгүйг бүү умартаасай.