Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгааны богино хугацаанд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллахаар чармайж яваа. Энэ хойгуур тэд мэтгэлцэх ёстой, эсэх тухай яриа өрнөсөөр л байна. МАН, АН, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзаж, хууль эрх зүй, шударга ёс, эдийн засаг, аюулгүй байдал, гадаад бодлого гэсэн сэдвээр мэтгэлцээн зохион байгуулахаар тохирсон гэх.
Улмаар МАН-аас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, АН-аас нарийн бичгийн дарга О.Магнай, МАХН-аас Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Гэвч намууд тус тусын “эзэмшлийн” хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэтгэлцэнэ гэснээр энэ сэдэв гацсан юм. Тэгвэл аль ч намын харьяаллынх биш, дундын хувилбар болох “Монгол HD” телевизийнхэн уг мэтгэлцээнийг зохион байгуулах саналыг дээрх намуудад тавьж, нөгөөдүүл нь хүлээн авчээ.
Нэр дэвшигчдийн энэхүү сорилт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй. Тус улсад анх 1960 онд зохион байгуулсан энэ арга манай улсад харьцангуй шинэ. Мөн сонгогчдод сонголт хийхэд нь хэрхэн нөлөөлдөг тухай судалгаа ч үгүй. Мэтгэлцээн сонгогч болон нэр дэвшигчдэд ямар давуу тал олгох бол.
ЮУ ХҮЛЭЭХ ВЭ
1993 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн П.Очирбат, Л.Түдэв нар хоорондоо мэтгэлцсэн нь манай улсын хувьд анхных байсан гэнэ. Гэвч 2013 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж, МАН-ын Б.Бат-Эрдэнэ, МАХН-ын Н.Удвал нарын хооронд болсон мэтгэлцээнийг л иргэд илүүтэй мэддэг. Барууны жишигт дөхсөн анхны мэтгэлцээн нь энэ байсан биз ээ. МҮОНТ-ээр шууд дамжуулсан эл мэтгэлцээн 120 минут үргэлжилж, урьдчилан бэлдсэн асуултуудад хариулсан юм.
Сэтгүүлч мэргэжилтэй, маш сайн илтгэгч, Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржтой бөх, хожим хуульч мэргэжил эзэмшсэн гишүүн Б.Бат-Эрдэнэ, төдийлөн олны танил бус Н.Удвал нар мэтгэлцэх нь “тэнцвэргүй” санагдаж байлаа. Хэл яриа, төрийн өндөр алба хашсан туршлагаараа тэд АН-ын нэр дэвшигчтэй зэрэгцэхээргүй байсан нь үнэн. Хэдийгээр тухайн үед Ц.Элбэгдорж өөрийгөө “дарж тоглосон” ч аргагүй л илүүрхэж байсан юм даг. Эл мэтгэлцээн иргэдийн сонголтод хэрхэн нөлөөлснийг тооцоолох боломжгүй.
Энэ удаа мөн л нэг бөх, нэг уяач, нэг фэншүйчин нэр дэвшиж байгаа. Барууны сорилт хүчээ авсан цаг үе учраас сонгогчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг дөрвөн жилийн өмнөхөөс илүү анзаарч үзэх болов уу. Мөн сонгогчдын саналд уг арга хэлбэр хэрхэн нөлөөлсөн талаар сонгуулийн дараа судалгаа хийнэ гэж найдаж байна. Юутай ч дээрх гурван эрхмээс илтгэх чадвараараа хэн нь илүү байх бол. Хариулахад амаргүй. Учир нь илтгэгчийн хэмжээнд ярих хүн эдэн дотор лав үгүй. М.Энхболд, Х.Бат тулга нар УИХ-д сонгогдож ажилласан тоогоор ойролцоо.
Гэвч төрийн өндөр албан тушаал хашсан туршлагаараа М.Энхболд нь илүүрхэнэ. С.Ганбаатарын хувьд УИХ-д ганцхан удаа сонгогдсон хүн. Уран гоё үг, сэтгэлийн хөдөлгөөнөөс илүү эдийн засаг, улс төр гээд тодорхой сэдвээр мэтгэлцэхэд үзэл бодлоо цэгцтэй, зөв илэрхийлэх чадвар чухал. Гэвч мэдлэг, туршлага, хэн нь илүү үнэн зөв, бодит үндэслэлтэй санал, санаачилга дэвшүүлэх, тэр нь хөрсөн дээр буух боломж хэр вэ гэдэг талаас нь харахад сонгогчдын боловсрол чухал байх болов уу. Сонгуулийн сурталчилгааны нэг пиар болоод буй боловсрол тойрсон ярианы үнэ цэнийг ч уг мэтгэлцээн харуулна. Нэг асуудлаар тэд ямар байр суурь илэрхийлэхийг зэрэг харьцуулах боломж олгох учраас уг арга сонгогчдод тустай. Мөн зөв шийдэл дэвшүүлж, байр сууриа хамгаалж чадвал нэр дэвшигчдэд оноо болно.
Нөгөө талаас сонгуулийн сурталчилгааны хугацаа богиноссон. 19 хоногт бүх аймаг, сумаар тойрох амаргүй. Нисэх онгоц ашиглаж яваа МАН-ын нэр дэвшигчид л давуу тал бий байх. Бусад нь газраар л “жирийлгэж” яваа шүү дээ. Хэдийгээр тэд бүгд олны танил, “танилцах үдэшлэг” хийх шаардлагагүй нэр дэвшигч ч Монгол Улсын Төрийн тэргүүн болбол ямар зарчим баримталж ажиллахыг нь бүх сонгогч мэдэх учиртай.
Гэтэл өргөн уудам газар нутагтай, богино хугацаанд бүгдэд нь хүрч ажиллах боломжгүй нөхцөлд хэвлэл, мэдээллээр шууд, халз мэтгэлцэх нь тэдэнд айл бүрийн хойморт шууд зочлох боломж олгох давуу талтай. Одоогоор “Монгол HD” телевизээс хэзээ мэтгэлцээн хийх тухай албан ёсны тов гараагүй байна. Нэр дэвшигч, намуудтай зөвлөлдөж байж хуваариа гаргах биз ээ. 2013 оны жишгийг харахад сурталчилгааны сүүлийн өдрүүдэд буюу зургадугаар сарын 24-нд зохион байгуулсан юм билээ.
ХӨТЛӨГЧ БА АРГА ХЭЛБЭР
АНУ, Франц, БНСУ зэрэг улсад халз мэтгэлцээнийг гурван үе шаттай явуулдаг. Манай улс төрийн намуудын ажлын хэсэг дээр ч энэ жишгээр мэтгэлцэх талаар ярилцаж буй. Хэрэв үүнийгээ биелүүлбэл анхны тохиолдол болно. 2013 онд нэг л удаа халз мэтгэлцээн зохион байгуулсан байдаг. Юутай ч АНУ-ын Төрийн тэргүүний сонгуулийн мэтгэлцээнийг гурван шатанд гурван өөр хүн хөтөлсөн юм билээ. Манайд эл жишгийг дагах, эсэхийг мэдэхгүй.
Одоогоор хөтлөгч хэн байх вэ гэдэгт эдийн засагч Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Т.Энхбат зэрэг хувилбарыг нийгмийн сүлжээний хэрэглэгчид санал болгож байна. Мөн 2013 оны мэтгэлцээнийг хөтөлсөн сэтгүүлч Б.Оюунчимэгийн нэр ч дуулдаж буй юм. Цахим орчинд энэ талаар бичил санал асуулгууд өрнөөд эхэлжээ. Үүнийг одоогоор Д.Жаргалсайхан тэргүүлж явна лээ.
Хамгийн гол нь тэнцвэрийг хадгалж, зөв чиглүүлэх, туршлагатай хөтлөгч байгаасай гэж олон нийт хүсэж буй. Зохион байгуулагч нь хөтлөгчөө удахгүй зарлах болов уу.
АНУ, Франц зэрэг орны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулсан жишгийг харахад урьдчилан товлосон тодорхой сэдвүүдээр хөтлөгч нь асууж, нэр дэвшигч тус бүр хоёр минутад багтаан хариулж байжээ. 2013 онд манай улсад болсон мэтгэлцээн ч ийм хэлбэртэй байсан. Тухайн үед МҮОНТ зургадугаар сарын 21-23-нд иргэдээс урьдчилан асуулт авч, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт хамааралтай хэсгийг нь сонгож, бэлтгэсэн гэдэг. Энэ удаа ямар арга хэлбэрээр мэтгэлцээн өрнөх бол. АН-ынхны хувьд урьдчилан бэлдсэн биш, нэр дэвшигчид бие биедээ асуулт тавьсан нь зөв хэмээн үзэж буй юм байна.
Юутай ч нэр дэвшигч гурав биш гэхэд нэг удаа халз мэтгэлцэж таарах нь. Хэн нь цагаа барьж, богино хугацаанд оновчтой хариулан, зөв бодлого тодорхойлох вэ. Хамтдаа харъя.