"Тэнгис" кино театрын урд баригдаж буй барилгаас урд шөнө төмөр унажээ. Азаар хүний амь нас эрсдээгүй байна. Уг төмөр хоёр автомашины дээрээс унаж, эд хөрөнгөөр нь хохироожээ. Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр “Тэнгис” кино театрын зүүн урд талд баригдаж байгаа барилга дээрээс 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тулгуур төмөр ШУТИС-ын оюутан иргэн Ч-гийн амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Түүний дараа 2014 онд “Тэнгис” кино театрын баруун урд талд байрлах “Макс Тауэр”-ын барилга дээрээс төмөр унаж, зам дээр машинтайгаа явж байсан жолоочийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарч, олныг цочирдуулж байсан билээ.
Сонирхуулахад, хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 22 давхар тус барилгын краныг буулгасан билээ. Тус краныг долоон жил ашиглаагүй байсан юм. Барилга анх баригдах зураг төслөөсөө өөрчлөгдсөн тул өргөгч краныг өөрөөр нь буулгах боломжгүй болсныг хэвлэлийнхэн мэдээлж байв.