Нэр дэвшигчид зорилго, хэрэгжүүлэх бодлого, явуулах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө багцлан мөрийн хөтөлбөртөө тусгадаг. Нэр дэвшигчийн баримтлах бодлого, төлөвлөгөөний талаар мэдээлэл олж авъя гэвэл мөрийн хөтөлбөрийг нь анхааралтай уншиж, шинжих учиртай. Мөрийн хөтөлбөр эзнийхээ талаар багагүй мэдээлэл өгөх болно. Энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурвын мөрийн хөтөлбөрөөс онцлох заалтуудыг хүргэж байна.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд мөрийн хөтөлбөрөө “Монгол төр-Монгол гэр” хэмээн нэрлээд, хэсэг тус бүрийг нь монгол гэрийн бүрдэл хэсгүүдтэй зүйрлэжээ. Тухайлбал, үндэсний эв нэгдэл, монгол бахархлыг гэрийн тоонотой зүйрлэсэн байна. Энэ хэсэг дэх “Хууль дээдлэх зарчим, шударга ёс, баялгийн тэгш хуваарилалт нь үндэсний эв нэгдлийг хангах бат бэх суурь гэж үзнэ”, “Төрийн бодлого, үйл ажиллагаанд улс төр, бизнесийн явцуу бүлэглэл нөлөөлөхийн эсрэг тууштай зогсож, ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавина”, “Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод, хяналттай болгоно.
Улс төрийн намуудын төлөвшлийг хангах эрх зүйн шинэ орчин бүрдүүлнэ. Төрийн өндөр албан тушаалтнуудад тооцох хариуцлагын тогтолцоог шинэчилнэ” гэсэн заалтууд анхаарал татав. Улс оронд тулгамдаад буй асуудлыг онож хөндсөн учраас тэр биз.
Түүнчлэн ардчилсан нийгмийн гол үнэт зүйлийн нэг болох хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан аливаа хуулийн зохицуулалтуудыг залруулна, хараат бус, мэргэшсэн сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэсэн нь нөгөө хоёрынхоо санаагүйг санаж, мөрийн хөтөлбөртөө тусгасан хэрэг байв.
Хариуцлагатай, шударга, тогтвортой засаглалыг тэрбээр гэрийн ханатай зүйрлэжээ. Энэ хэсгээс “Төрийн алба оновчтой бүтэцтэй, мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлнэ. Төрийн албан хаагчдыг зөв хандлагатай, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, бүтээмжтэй болгох, ажлын арга барилын шинэ соёлыг бүх түвшинд хэвшүүлнэ. Ажиллах орчин, нийгмийн баталгааг нь сайжруулах бодлогыг тууштай дэмжинэ”, “Авлигын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгана.
Авлигын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлсэн бол төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасна”, “Төрийн албаны сонгон шалгаруулалт, томилгоо, байршуулах, сэлгэн ажиллуулах, дэвшүүлэх үйл явцад нийгмийн бүлгүүдийн төлөөллийг жигд хангах захиргааны шударга зарчмыг харгалзана”, “Иргэдэд ялгавартай хандаж, хүний эрх зөрчсөн, мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон бүх шатны шүүгч, прокурор болон бусад холбогдох албан тушаалтанд ногдуулах хариуцлагыг чангатгах эрх зүйн орчныг бүрдүүлнэ”, “Хууль сахиулах болон шүүхийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг бүрэн хангуулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх зарчмыг чанд сахиулж ажиллана. Хууль сахиулах, шүүхийн ажиллагаа улс төрөөс ангид байх зарчмыг тунхаг яриа биш ажил хэрэг болгоно” гэсэн заалтууд нүдэнд туссан. Нийгэмд шударга ёс тогтох цаг үеийг хүсэн хүлээдэг хэн бүхэнд энэ заалтууд таалагдах нь дамжиггүй.
Мөрийн хөтөлбөрийн гуравдугаар хэсэгт монгол хүн бүрийг төрийн анхааралд аваачиж, эрүүл саруул, элэг бүтэн амьдрахад нь анхаарах зорилго, зорилтоо багцалжээ. Тухайлбал, “Монгол хүний эрүүл мэндийг урьдчилан хамгаалах” үндэсний хөтөлбөрийг шинэчлэн санаачилж, хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно, багийн, оюуны болон өвлийн спорт, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэхэд анхаарна, олон улсын хэмжээнд үнэлэгдэх чанартай боловсролыг эх орондоо зардал багатай эзэмших боловсролын менежментийн тогтолцооны эрх зүйн орчныг сайжруулна, олон улсын нэр хүндтэй тэргүүлэх их, дээд сургуульд элсэн суралцах боломжийг өргөжүүлнэ, гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудаа дэмжсэн, тэдний эрх ашгийг хамгаалсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжинэ, шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг бүс нутгийн дундаж жишигт ойртуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэсэн заалт энд бий.
Баялаг бүтээгч дундаж давхаргыг монгол гэрийн баганатай зүйрлэжээ. Тэрбээр бүтээлч, өрсөлдөх чадвартай, бүтээмжтэй, нийгэм эдийн засгийн аливаа эрсдэлийг даван туулах чадамжтай нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх бодлого баримтална гэсэн байна. Гол өрсөлдөгчөөрөө хямралыг нэрлээд буй М.Энхболд мөрийн хөтөлбөртөө “Эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг ойрын хугацаанд эрс сайжруулах тогтвортой бодлогыг Засгийн газар, УИХ-тай хамтран хэрэгжүүлнэ. “Сэхээн амьдруулах”-аас “энгийн тасагт” шилжсэн эдийн засгаа “эмнэлгээс гаргах” шийдвэр бүрийг тууштай дэмжин ажиллана” гэжээ. Тэрбээр Ерөнхийлөгч болбол Засгийн газар, УИХ-тайгаа сөргөлдөж, гаргасан шийдвэрийг нь гацаадаг бус дэмжиж, хамтран ажилладаг Төрийн тэргүүн болно гэдгээ үүгээр илэрхийлсэн биз.
М.Энхболдын мөрийн хөтөлбөрийн тав дахь хэсэгт аюулгүй байдал, гадаад бодлогыг гэрийн үүдтэй зүйрлэжээ. Энэ хэсэгт “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг сонирхлыг улс төр, дипломатын аргаар тууштай хангаж, улстөржилтөөс ангид, нээлттэй, бие даасан, олон тулгуурт, гадаад бодлого хэрэгжүүлнэ”, “Олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, дэд бүтэц, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрт Монгол Улсын оролцоог хангана”, “Монгол Улсын иргэд гадаадад визгүй чөлөөтэй зорчих улсын тоог нэмэгдүүлэх бодлого баримтална”, “Эмийн үйлдвэрлэл, эм, эмнэлгийн хэрэгслийн импортын зохицуулалтыг сайжруулах, чанар, аюулгүй байдлыг хангах бодлогыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ”, “Зэвсэгт хүчнийг мэргэжлийн, хариуцлагатай удирдлага, мэргэшсэн бие бүрэлдэхүүнд суурилуулан хөгжүүлж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг үргэлжлүүлнэ”, “Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үндэсний стратеги боловсруулж, иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын мэдээлэл, үйл ажиллагааг хамгаалах ажлыг шинэ түвшинд гаргана”, “Хар тамхи хэрэглэх, дамжуулах, худалдах, хүний наймааны гэмт хэрэгтэй хатуу тэмцэж, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөтгөнө” гэх мэтийн заалтууд бий.
Товчхондоо улс орон, иргэдийн өмнө тулгамдаад буй салбар бүрийн асуудлыг монгол гэрт багтааж, шийдэл хайсан мөрийн хөтөлбөр болжээ.
Х.Баттулгын мөрийн хөтөлбөр “Хүчирхэг Монголын төлөө” гэсэн гарчигтай. “Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн эх оронч Ерөнхийлөгч байна” гэсэн эхний хэсэг “Эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн хамгаална”, “Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн бүтээнэ” гэсэн хоёр заалттай. “Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн эх оронч Ерөнхийлөгч байна” гэсэн хоёрдугаар хэсэг “Шударга ёсыг тууштай сахиулж, хүний эрхийг дээдэлнэ”, “Боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааныг дэмжих бодлого баримтална”.
“Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, спортыг дэмжинэ”, “Мэргэшсэн төрийн албатай, иргэдийн төлөө нийтийн үйлчилгээг дэмжинэ”, “Иргэдэд чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг дэмжинэ”, “Гэр бүл, ахмад настан, эмэгтэйчүүд, хүүхэд залуусын хөгжлийг дэмжинэ”, “Малчид, тариаланчдаа дэмжинэ”, “Төвлөрлийг сааруулах, хот байгуулах, орон нутгийг хөгжүүлэх бодлогыг дэмжинэ” гэсэн заалтуудтай. Гуравдугаарт хэсэг нь “Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлнэ”, дөрөвдүгээр хэсэг нь “Экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаална”, тав дахь нь “Экспортын шинэ эринийг эхлүүлж, эрх тэгш гадаад харилцааг хөгжүүлнэ” гэсэн ерөнхий агуулгатай.
Тодорхой арга зам заагаагүй, тунхаглалын шинжтэй уг мөрийн хөтөлбөрөөс аюулгүй байдал, гадаад бодлого, Зэвсэгт хүчинтэй холбоотой заалт олж харсангүй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн гадаадад Монгол Улсаа төлөөлөх бүрэн эрх эдэлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болдог тул энэ талын бодлого, төлөвлөгөөг нь сонирхох нь зүйн хэрэг билээ.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын мөрийн хөтөлбөр “Их аяныг эхлэхүй” гэсэн гарчигтай. Өмнөх хоёрынхоосоо хамаагүй товчхон, есөн зүйлтэй уг баримт бичгийг мөрийн хөтөлбөр гэхээсээ илтгэлийн хураангуй гэж харахаар юм билээ. Тухайлбал, “Хариуцлагатай засаглалыг буй болгож, ажилгүйдэл ба ядуурлыг арилгана” гэсэн хэсэгт “Өнөөдөр Монголд ам, ажил хоёр алд дэлэм зөрдөг болжээ. Хэлдэг атлаа хийдэггүй, ярьдаг атлаа хэрэгжүүлдэггүй байдал гэм биш зан болжээ.
Энэ бол хариуцлагагүй, хамаг монголчуудаа боддоггүй төр засаглаж байгаагийн нэгэн шинж тэмдэг. Өнөөдөр Монголд ажилгүйдэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Хөдөлмөрийн чадвартай хүн амын 20 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Ажил хайсан монгол залуус эх орноосоо дайжиж байна. Энэ бол аюулын харанга дэлдэж байна гэсэн үг. Өнөөдөр Монголд ажилгүйдлийн гамшиг нүүрлэсэн учраас ядуурал Монголын нийгмийг бүхэлд нь бүрхээд байна. Талхыг хэрчмээр, тос цөцгийг граммлаж авдаг, дэлгүүр хоршоонд иргэний үнэмлэх, даатгалын дэвтрээ барьцаа болгон үлдээдэг айл өрхийн тоо улам олширсоор байна.
Энэ бол манай өнөөгийн нийгмийн эмгэнэлт дүр зураг юм. Монгол Улсаа, монголчуудаа гэсэн нэр нь, ажил нь, зорилго цэвэр, хариуцлагатай төр, засгийг бий болгохгүйгээр ажилгүйдлийг арилгаж, ядуурлыг бууруулж чадахгүй. Сайнхүүгийн Ганбаатар би үүнийг шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ. Шийдвэрлэж ч чадна” гэсэн байна.
Мөрийн хөтөлбөр гэхэд хэцүү, зүгээр л итгэхийг шаардсан, тодорхой төлөвлөгөөгүй мэт харагдахаар зүйлс энэ баримт бичигт олон бий. Тухайлбал, “Шударга ёсыг тогтоосноор хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгож чадна. ХXI зууны Монгол Улсын иргэн Сайнхүүгийн Ганбаатар би шударга ёсыг Монголдоо тогтоохын төлөө тууштай зүтгэнэ. ХХ зууны эхэн үеийн харц ард Аюуш шиг шударга бусыг сөрж тэмцэнэ. “Надад есөн эрүү” тулгасан ч би бууж өгөхгүй. Давж гарна. Би чадна. Та бид хамтдаа чадна” гэх жишээтэй.
Уг мөрийн хөтөлбөрийг эхнээс нь дуустал уншвал нэлээд популист шинжтэй өгүүлбэр олон тааралдана. Тухайлбал “Монголын ард түмэн бол миний дээд шүтээн. Өнөөдөр улс төрийн намууд худал хэлж, хоосон амлаж, ард түмнээрээ эрээ цээргүй тоглож, тархи толгойг нь дэндүү ихээр угааж байна. Тэдний эрх ашигт би үйлчлэхгүй. Нэгэнтээ би “МАНАН-д орсноос үхсэн нь дээр” гэж хэлсэн. Монголын ард түмний амин эрх ашиг, Монгол Улсын үндэсний эрх ашиг бол миний хувьд бурхны зарлиг. Би энэ зарлигийг биелүүлнэ”, “Монгол бол миний бахархал. Монгол газар шороон дээр монгол хүн болж төрснөөрөө бахархахгүй бол та бид өөр юугаараа бахархах билээ.
Хөх Монголын хөх толбот монголчууд бид эзэн Чингис хааны үр сад, үргэлжлэл нь мөн”, “Туурга тусгаар Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх нь Монгол хүмүүн болж төрсний их хувь заяа. Энэ хувь заяандаа бид үнэнч байх ёстой. Би Монголынхоо төлөө зүтгэнэ. Хамтдаа зүтгэе”, “Монгол хүний үнэ цэнэ улам бүр унаж байна. Ийм байж хэрхэвч таарахгүй. Монгол хүний үнэлэмжийг Азид төдийгүй даян дэлхийд дахин нэмэгдүүлэн цуурайтуулахын төлөө би зүтгэнэ. Монгол хүний эрүүл саруул ухаан, их билэг авьяас, ажилсаг хөдөлмөрч зан чанар, аз хийморьт би огт эргэлздэггүй.
Монголчууд босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн. Би түүний төлөөлөл. Түмэн олон минь төр, засгаас гуйж аж төрөх учиргүй. Төр, засгийг шахан шаардаж, өөртөө үйлчлүүлж, өөрсдийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлж амьдрах ёстой. Монголчууд та бид толгой дээгүүр эрхэмсэг аж төрөх хувь тавилантай тэнгэр заяат ард түмэн мөн” гэх мэтчилэн үргэлжилнэ. Энэ нь мөрийн хөтөлбөрийг бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө бус сонгогчдын цөсийг хөөргөж, талдаа татах гэсэн зусар үгсийн цуглуулга шиг болгожээ.