УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл буюу МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар намынхаа гишүүдийн дэмжлэгийг авч, долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртлөөд байна. Тэд өчигдөр сурталчилгаагаа эхлүүлэв. Сурталчилгааны хугацаа ердөө 19 хоног. Энэ хугацаанд 21 аймгаар тойрч амжихын тулд нэр дэвшигчид нэлээд шахуу хуваарьтай ажиллах хэрэгтэй болох нь.
Мөн тэдний арын албаныханд нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөр, бодлого, зорилтыг энэ богино хугацаанд орон даяар сурталчлан таниулж, сонгогчдод ойлгуулах нүсэр үүрэг ногдож буй. Үүний хажуугаар өрсөлдөгчийг нь харлуулах сөрөг пиарыг ч орхихгүй нь мэдээж.
Тэгэхээр хөл толгойгүй мэт бужигнасан 18 өдөр бидний өмнө байна гэсэн үг. Энэ өдрүүдэд хөврөх сайн, муу, сайхан, муухай түмэн янзын мэдээллээс үнэн, бодитыг нь шүүж, сонголтоо хийхэд нэлээд мэдрэмж шаардах биз ээ.
ИНГЭХЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ ХЭН БИЛЭЭ
Манай улс парламентын засаглалтай, Ерөнхийлөгч бол бэлгэ тэмдэг төдий албан тушаал гэх хүн олонтаа таардаг. Анх энэ албан тушаалыг бий болгохдоо ингэж бодож, төлөвлөсөн ч явцын дунд Үндсэн хууль болон бусад хуулийн өөрчлөлт, төрийн албаны шинэчлэлийн хүрээнд Төрийн тэргүүний эрх мэдэл нэлээд өргөжсөн. Тийм ч учраас Монгол Улс парламентын болон Ерөнхийлөгчийн холимог засаглалтай хэмээн үзэх судлаач сүүлийн үед нэг биш болсон.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйн орчинд манай улсын Төрийн тэргүүн ямар бүрэн эрх эдэлдэг гээч. Дэлхий дахинд Монгол Улсаа төлөөлөх, УИХ-тай зөвшилцсөний үндсэн дээр улсаа төлөөлж олон улсын гэрээ байгуулах, Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах, Монгол Улсын харьяат болгох, харьяатаас гаргах, Монгол Улсад орогнох эрх олгох, уучлал үзүүлэх, УИХ-аас гаргасан шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих, хууль санаачлах, улсын цол хэргэм, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, Засгийн газарт чиглэл өгөх, сонгуульд ялалт байгуулсан улс төрийн нам, эвсэлтэй зөвшилцөн Ерөнхий сайдыг томилох, УИХ-ын чуулганд тааллаараа оролцох эрхтэй.
Мөн Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн бүрэн эрх нь хэрэгжиж эхлэнгүүт Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болдог. Энэ чиг үүргийнхээ хүрээнд бүх нийтийн болон хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, онц болон дайны байдал зарлах, мөн цэрэг хөдөлгөх захирамж өгөх онцгой эрхтэй. Түүнчлэн АТГ-ын дарга, Улсын Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгчийг санал болгож, томилуулдаг нь Ерөнхийлөгчид томоохон эрх мэдэл олгодог юм.
Мөн Ерөнхийлөгчийн чиг үүрэгт “Төрийн тэргүүн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг үзүүлнэ. Мөн Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийг зөвшилцөлд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ” гэсэн өгүүлбэр бий. Ерөнхийлөгч ийм эрх мэдэлтэй албан тушаал билээ.
ТАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ЯМАР ХҮН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА ВЭ
Ерөнхийлөгч бэлгэ тэмдэг төдий албан тушаал бус. Харин ч улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалж, нэр хүндийг нь гадаад ертөнцөд өсгөх нүүр царай, ард түмний амар тайван, эв нэгдэлтэй амьдрах нөхцөлийг хангаж, шударга ёсны манаач байх хариуцлагатай алба. Тэгэхээр бид Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахих үүрэгтэй, шүүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн хүчирхэг Төрийн тэргүүнийг сонгох хариуцлагатай сонголтын өмнө байна. Харин сонголтоо хийхэд бэлэн үү.
Олон нийт нэр дэвшигчдийг голж, сонгох хүн алга, сонголтгүй сонгууль болох нь хэмээцгээж буй. Зарим нь сонгуульд оролцохгүй бойкотлох, оролцоод саналын хуудсаа хүчингүй болгох гэх мэтээр эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалж байгаа. Гэвч энэ нь зөв арга мөн үү. Эцсийн дүндээ, нэр дэвшсэн гурвын нэг нь сонгогдож л таарна.
Эхний удаа сонгуулийг ирцээр бойкотлоод үр дүнд хүрлээ гэхэд дахин сонгуульд ирц хамаарахгүй. Ирцэд ороод хүчингүй санал өгсөн ч ялгаагүй. Ингэлээ гээд байдал дээрдэхгүй. Харин ч дордож мэдэх юм. Тиймээс сонгуульдаа оролцоод, арай дээр гэснээ сонгох нь зөв алхам болох болов уу.
Ардчилсан нийгэм тогтож, Ерөнхийлөгчийн институц бий болсноос хойш бид зургаан удаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулж, дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзээд байна. Хээгүй, хийгүй, хэрэгтэн, хэлэмгий хэмээн толгой холбосон тодорхойлолтын эзэн болоод буй дөрвөн Ерөнхийлөгч өөр, өөрийн үүргээ тухайн цагтаа боломжийн хэмжээнд гүйцэтгэсэн. Тухайн үед тэднийг хамгийн сайн нь гэж биш, өгөгдсөн өгөгдлүүдээс арай дээр нь гэж үзээд л ард түмэн сонгосон.
Энэ удаагийнхад ч тэгэхээс аргагүй. Харин арай дээрийг нь олж ялгахын тулд тэдний хэлж, ярьж буйг анхааралтай сонсож, мөрийн хөтөлбөрийг нь нарийн шинжихийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн эдэлдэг бүрэн эрх, гарт нь очих эрх мэдлийг дахин нэг тогтож хараарай. Ямар хүнд ямар эрх мэдэл атгуулах гэж буйгаа нухацтай бодоорой. Учир нь энэ том эрх мэдлийг буруу хүнд атгуулбал төсөөлшгүй муу үр дагаварт хүрч мэднэ.
Тухайлбал, олон нийтэд таалагдахын тулд юу ч гэж мэдэгдэж, ямар ч үйлдэл хийхэд бэлэн популист Ерөнхийлөгчтэй болбол яах вэ. Тийм хүн Монгол Улсыг гадаад, дотоодод яаж шившиглэж, тэр нь ямар муу үр дүнд хүрэхийг таашгүй. Өөрийнхөө хүссэнээр хийхийн тулд цагааныг хар, харыг цагаан гэж итгүүлээд ч болов урагшлахыг боддог “бохир” арга барилтай хүний гарт шүүх, прокурорыг алсаас удирдах эрх мэдэл очвол юу болох вэ гэхчилэн бодох зүйл олон бий.
Энэ мэтчилэн тал талаас нь бодоод, нэр дэвшиж буй гурваасаа “шоу тавьж” бужигнуулаад байхгүй, асуудалд ул суурьтай хандах ноён нуруутай, манай улсын хамгийн тулгамдсан асуудал болоод буй намчирхал, талцлыг даамжруулж, үндэсний эв нэгдлийг хагалахгүй ёс жудагтай, тулхтай, гадаад, дотоодод улсаа төлөөлөөд явахад нүүр улайлгах нь бага байх болов уу гэснээ л сонгох нь өлзийтэй биз ээ.