Лус савдагтай холбоотой үлгэр домог мэт яриа одоо ч манай оронд бий. Уул ус, нуур гээд бүх зүйл өөрийн гэсэн эзэнтэй, түүнд лус хилэгнэнэ гэж ярьдаг нь монголчууд онгон байгалиа хамгаалах гэсэн "хар ухаан" байв. Энгийнээр тайлбарлавал лус бол энэ дэлхий дээр байгаа бүх зүйлсийн хаан, харин савдаг нь уул, толгод, гол мөрөн, ойн хамгаалагч юм.
Тэгвэл ОХУ-ын эрдэмтэд 2002 онд Ижил мөрнөөс олдсон одоогоос 130 сая жилийн өмнө амьдарч байсан Цэрдийн үеийн далайн мөлхөгч төрөл зүйлийн шинэ амьтанд Лусын хаан хэмээх нэр өгчээ.
Энэ талаар М.В Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Палаеонтологийн Геологийн хэлтсийн оюутан Николай Зверков "Бид шинэ төрлийн плиосаур олдвороо Ижил мөрнөөс олдсон тул Монголын үлгэр домогт гардаг Лусын хаан гэж монгол нэр өгөхөөр шийдсэн" гэж ярьжээ.