02.20 цагт сүүлчийн хайрцаг дахь мөнгийг тоолж дууслаа
Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон бөгөөд манайхны нэр хүнд, байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж буй. Сав л хийвэл мөргөлдөөн, байлдаандаа тулчих гээд байдаг үймээн самуунтай харь газарт энхийг сахиулж буй ахлагч офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар “Өнөөдөр” сонин Монголд анх удаа “Аавын эзгүйд” нэртэй сонины реалити сурвалжилга эхлүүлсэн билээ. Цуврал сурвалжилгынхаа найм дахийг хүргэж байна.
2017.05.31-ний лхагва гариг.
21.10 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд биднийг очиход ОУХМ М.Анхцэцэг Хүндийг өргөлтийн холбооны тамирчидтайгаа хамт хандивын хайрцаг аялуулан, лайв (фэйсбүүкийн дүрс бичлэг) хийж байлаа. Ээж Д.Мөнхчимэг нь тэдэнд идэж, уух зүйл авчрахаар явсан байв.
Тэд энд зургаа дахь үдшээ зогсож буй бөгөөд өнөөдөр сүүлчийнх нь юм. Учир нь түүний дүүгийн хагалгааны зардлыг иргэд, аж ахуйн нэгж, хамт олны хандив тусламжаар бүрдүүлэх зорилготой “3000 төгрөгийн аян” тун амжилттай өрнөж, энэ өдөр хаалтаа хийж буй.
“Өнөөдөр” сонины эхлүүлсэн “Аавын эзгүйд” реалити сурвалжилга олон нийтэд хүрч, гол баатар болох Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Ч.Мөнхжанцангийн дунд охин М.Номин-Эрдэнэд туслах хандивын аяныг эхлүүлснээр ердөө 13 хоногийн дотор 65 сая төгрөгийг нь бүрдүүлж чадлаа. Олны хүч оломгүй далай гэдэг юутай үнэн.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. (2017.05.31-ний лхагва гариг. 23.00 цаг)
“Гадаадын орнуудаас надад тавьсан саналыг нь хүлээж авсан бол дүүгээ эмчлүүлчих л байсан байх. Гэхдээ одоо энэ тухай яриад яах вэ. Ямар ч байсан би дүүгийнхээ хагалгааны зардлыг бүтнэ гэдэгт итгэдэг” хэмээн арваад хоногийн өмнө биднийг сурвалжилгаар очиход Анхаа ярьж байсан юм шүү дээ.
Үнэндээ түүний энэ үг сэтгүүлч намайг зүгээр суулгаж түвдээгүй билээ. Хэзээ, яаж гэдэг нь тодорхойгүй атлаа магадгүй монгол хүний уужуу сэтгэлд л багтаж болох энэ итгэл найдвар зөвхөн намайг гэлтгүй Монголын төлөө гэсэн халуун цустай, халгих зүрхтэй бүхнийг хөдөлгөж, нэгтгэж чадсан юм.
Хүндийг өргөлтийн олимпын аварга болоод, Монгол Улсын Төрийн дууллаа эгшиглүүлэн, алтан соёмбот далбаагаа мандуулах мөрөөдлөө, бас эх орноо ямар ч мөнгөөр арилжаагүй учраас М.Анхцэцэгийнхээ дүүд монголчууд халуун сэтгэлээр хариу барин, богино хугацаанд эмчилгээний мөнгө нь бүрдлээ.
Өөрт байсан сүүлчийн 2000 төгрөгөө хандивлаад, шинэхэн ажилдаа алхаж хүрсэн эмэгтэй, сэтгэлийн өглөгөө Анхаагийн гарт атгуулахын тулд хөдөөнөөс зорин зорин ирсэн тээврийн жолооч, “Энэ аяны тухай мэдээг сонсож амжаагүй 99 хүний өмнөөс” гээд өөрийнхтэйгөө нэгтгэн 300 мянган төгрөг шилжүүлсэн залуу, нялх үрийнхээ сэвлэгийг үргээгээд, үсний найрны “мялаалга”-наасаа илүүчилсэн бүсгүй, аавтай нь хамт Афганистанд энхийг сахиулж буй цэнхэр дуулгатнуудын халааснаас гарсан хандив... Энэ бүхнээс монгол хүний сэтгэлийн цараа, үнэ цэнэ нь бэлхнээ харагдана.
Ч.Мөнхжанцан дэд хурандаагийнх түлэгдсэн охиныхоо эрүүл мэндийг бодоод, өнгөрсөн өвлөөс хойш Нисэхэд байр түрээсэлж байгаа юм. Гэтэл охиных нь эмчилгээний зардлыг бүтээх аян өрнөж буйг дуулсан өнөөх айлын эзэд нэг сарын түрээсийн мөнгөө авалгүй, хандивлахаар шийдсэнээ хэлсэн гэнэ. Хэдийгээр АНУ-д амьдарч буй ч сэтгэл зүрх нь эх орондоо уяатай дээрх гэр бүлийнхэн ч бас монгол хүний мөс чанарыг илтгэх бус уу.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. (2017.05.31-ний лхагва гариг. 23.00 цаг)
“ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ АВААД, АНХААГ ГАДААД РУУ ТЭМЦЭЭНД ЯВУУЛДАГ БАЙСНЫ АЧААР...”
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хандивын хайрцаг аялуулж буй М.Анхцэцэгийг хурсан олны дундаас хайсаар “Арай гэж олж ирлээ шүү” хэмээгээд сэтгэлийн өргөлөө барих хүмүүс бишгүй ажээ. Хүндийг өргөлтийн оюутны болон залуучуудын дэлхийн аваргын зурагтай футболка, аягыг худалдан авч, өөрөөр нь гарын үсэг зуруулж байгаа хэн бүхэн дүүд нь эрүүл энхийг чин сэтгэлээсээ хүсэж байв.
Эндхийн задгай тайзнаа ая дуугаа өргөсөн “Мотив” хамтлагийнхан хүртэл тэднийг зорин ирж хандив өгсөн билээ. Харин 22.50 цагт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар тэргүүтэй Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид цэцэрлэгт хүрээлэнд ирж, ААШТ-д оролцох үеэрээ амласан зургаан сая төгрөгөө Анхаад гардуулсан юм. Энэ үеэр олимпын аваргатай зургаа авахуулах гэсэн хүмүүс бүчээд автал “Футболка худалдан авч өмссөн хүмүүстэй л зургаа даруулна шүү” хэмээн Түвшээ аварга наргиад авна лээ. Урлаг, спортынхон олныг хошууруулан дагуулдаг жишиг энэ үдэш ч давтагдсан шүү.
Хэдхэн хоногийн өмнө “Охиноо яаж Солонгост аваачиж эмчлүүлнэ дээ” гээд өдрийн бодол, шөнийн зүүд болж байсан Д.Мөнхчимэг эгч өнөөдөр хамгаас баяртай байх нь дамжиггүй. Тэрбээр “Энэ хэдэн өдөр би гэдэг хүн байн байн баярын нулимс унагаж байв.
Монголчууд ямар сайхан халуун сэтгэлтэй юм бэ гэдгийг биеэрээ мэдэрлээ. “Анхаагаа өдий зэрэгтэй тамирчин болгохын тулд нөхөр, бид хоёр уйгагүй зүтгэсний хэрэг гарч байна даа” гэж бас баярлаж сууна. Охиноо гадаад руу тэмцээнд явуулах гэж бид цалингийн зээл их авна. Ямар сайндаа хааяа охиндоо “Анхаа минь, чамаас бусад нь бас амтай юм шүү дээ. Бид хэд чинь одоо яаж амьдрах вэ” гэж хэлдэг л байв. Гэтэл охин минь монгол түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүлээсэн сайн тамирчин болсны ачаар бид дүүг нь эмчлүүлэх мөнгөтэй боллоо.
Охины минь эмчилгээнд эх орны өнцөг булан бүрээс, хилийн чанадаас хүртэл хандив өргөсөн бүх хүнд, мөн албан байгууллага, пүүс компани, Зэвсэгт хүчний ангиуд, урлаг, спортын зүтгэлтнүүдэд чин сэтгэлээсээ баярлалаа. Тэр дундаа аяныг санаачилсан “Өнөөдөр” сонинд болон энэ талаарх мэдээллийг олон түмэнд түгээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн яруу найрагч Р.Эмүжинд тусгайлан баярласнаа хэлье” хэмээв.
Үнэхээр ч аян эхлээд удаагүй байхад манай сонины унаган сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин цахим хуудсаараа энэ тухай уриалсны ачаар нийгэм даяар давалгаалж, ганц өдрийн дотор найман сая төгрөг хандивын дансанд нь цугласан юм.
“ҮҮЦ” ЗАДЛАХ МӨЧ
00.30 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс бид Нисэхэд байх гэр рүү нь явцгаалаа. Хандивын хайрцаг аялуулахад тусалж дэмжсэн хүндийг өргөлтийн тамирчдаа Анхаа оройд гэр гэр рүү нь дөхүүлж өгдөг аж. Энэ өдөр гурван машинд хуваагдан суугаад, тал тал тийш хөдлөв.
Шөнө дунд хэдийнэ өнгөрсөн ч М.Номин-Эрдэнэ, М.Оюу-Эрдэнэ, М.Эрдэнэбат гурав унталгүй, ээж, эгч хоёрыгоо хүлээж байлаа. “Бидэнд хүүхдийн баярын бэлэг авсан юм уу” гэсээр угтсан М.Эрдэнэбат бэлгээ аваад, нөгөө өрөө рүү харайлгасан юм. Харин Оюука, Номио хоёр ирсэн хүмүүст цай унд зэхэж эхлэв. Энэ үед Анхаа араас ирснээр бид хандивын хайрцгаа нээхээр тойрон сууцгаалаа. Зургаан өдрийн хөдөлмөрийн үр шимээ үзэх гэж байгаа учраас залуус их л урамтай, бас шаламгай гэгч нь хөдлөх аж. “Үүц”-ээ задлан, дэвсгэрт дэвсгэртээр нь мөнгөө тоолоод л байв... Хандивын хайрцагнуудаас нийтдээ 3.8 сая төгрөг гарч ирэх нь тэр.
Ингээд эцэст нь “Хандивын аяны хүрээнд 73 сая төгрөг цуглажээ” гэсэн баярт мэдээтэй Ч.Мөнхжанцан дэд хурандаагийнхаас бид гарлаа. Эдийн засгийн хямрал улс орноос эхлээд өрх гэрийн төсөв санхүүг илт хумихад хүрээд буй энэ бэрх цагт “алтан” охиндоо монголчууд үнэхээр халуун сэтгэлээ зориулж чаджээ. Баярлалаа, та бүхэнд. Ээж, охин хоёр энэ сарын 16-нд БНСУ-ыг зорино.