Антарктид буюу Өмнөд мөсөн далайд бүх зүйл хамгийн, хамгийнд тооцогддог. Агаарын температур нь хасах 60 градус болтлоо буурдаг. Зургаа дахь тив манай гаригийн хамгийн өндөр цэгт оршдог аж. 3000 гаруй метр өндөр оргилтой уулс нь дэлхийд хамгийн урт, зах хязгааргүй мөсөн тал дунд сүндэрлэдэг. Битүү мөсөөр хучигдсан энэ талд жилд хамгийн бага тунадас унадаг.
Испанийн “El confidencial” сонинд олон улсын сэтгүүлч Эктор Эстепагийн бичсэнээр үлгэр домгийн эх сурвалж гэгддэг эл нууцлаг газар сүүлийн үед геополитикийн шинжээчдийн анхаарлыг татах болжээ. Зургаа дахь тивийн талаар өнөөг хүртэл үйлчилж буй, байгаль орчныг хамгаалах тухай олон улсын гэрээг эргэн авч үзэх хүртэл тэнд нөлөөгөө тэлэхийг зарим улс эрмэлзэж байна. Тэр дундаас Орос, Хятад хоёр аль хэдийнэ цойлон гарчээ. “Антарктид бол маргаантай газар нутаг” гэж Лондоны их сургуулийн геополитикийн багш Каус Доддз тайлбарласан байдаг.
Өмнөд өргөргийн 60 градусаас урагш орших газар нутаг Антарктидын тухай гэрээгээр хамгаалагддаг. Уг баримт бичигт 1959 онд 12 улс (хожим нь 40 улс болсон) гарын үсэг зурснаар хүйтэн дайны дараа зэвсэгт хяналт тавих тухай олон улсын бараг л анхны гэрээ болсон аж. Энэ бүс нутагт цэргийн ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглож, эрдэм шинжилгээ, судалгаа явуулдаг байхаар уг гэрээнд гарын үсэг зурсан улсууд тохиролцсон байна. Гэвч асуудал үүгээр дууссангүй. 1991 онд 28 улс гарын үсэг зурсан Мадридын протоколын дагуу арилжааны зорилгоор Антарктидаас ашигт малтмал олборлохыг хоригложээ. Гэтэл нэгдүгээрт, үйлчлэх хугацаа нь 2048 онд дуусахаар уг протокол өөрчлөгдөж болзошгүй. Хоёрдугаарт, үүнээс өмнө уг протоколыг хүчингүй болгож мэдэх юм. Геологи хайгуулын ажлаас хоцрохгүй гэсэндээ зарим улс хэдийнэ татгалзахаар төлөвлөөд эхэлжээ.
НЕФТИЙН АГУУЛАХ
Өмнөд мөсөн далай юугаар баян бэ? Юуны түрүүнд тэр аяараа мөс мэт санагддаг нь эндүүрэл аж. “Энэ тив ашигт малтмалын хэмжээлшгүй их нөөцтэй” гэж геополитикийн шинжээч Дамиан Якубович хэлжээ. Хэмжээг янз бүрээр хэлдэг ч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Антарктидын хөрсөнд 36-200 тэрбум баррель нефть болон хий байж магадгүй. Үүгээр ч зогсохгүй. Зарим газарт нь алмаазны орд буйн шинж тэмдэг илэрсэн гэнэ.
“Мөсөн доор юу дараастай байгаа бол гэсэн бодол газрын зураг бүтээгч, зөгнөлт зохиолч, эрдэмтэд, улстөрчдийг тайван суулгахгүй” гэж Доддз хэлжээ. Гэхдээ хамгийн үнэтэй баялаг нь нүүрс-устөрөгч ч, үнэт чулуу ч биш юм. “Миний бодлоор дэлхийн олон бүс нутагт хамгийн эрэлт хэрэгцээтэй зүйл нь ус бөгөөд Антарктидад хамгийн их нөөц бий” гэж олон жил тэнд амьдарсан, Аргентины “Сан Мартин” баазын дарга асан, судлаач Алехандро Бертотто тэмдэглэсэн байна. Дэлхийн цэнгэг усны 70 хувь нь Антарктидад мөс хэлбэрээр бий гэж эрдэмтэд үздэг.
Дашрамд хэлэхэд, байгалийн энэ нөөцийг олборлоход их хүч шаардагдана. Хасах температуртайн дээр асар их зам туулах болно. Антарктидын газар нутгийн урт Европынхоос илүү. Гэсэн ч шинжээчдийн үзэж буйгаар уур амьсгалын өөрчлөлт (зарим газарт температур гурван градус давсан) болон шинэ технологи нь Антарктидаас ашигт малтмал олборлох боломж бүрдүүлж байна.
Нүүрс-устөрөгчийн эрэлт улам бүр ихсэж буй нь 2048 оноос өмнө тус тивд арилжааны төслүүд хэрэгжүүлэх зорилгодоо хүрэх гэсэн улс орнуудын шахалтыг нэмэгдүүлж болзошгүйг “New York times” сонин мэдээлжээ. “Дэлхийн хямрал хурцдахын хэрээр Антарктидыг нийтээрээ удирдах зарчмаар эзэмших сонирхолтойгоо илэрхийлэх улсын тоо нэмэгдэж магадгүй” гэж Якубович тайлбарлаж байна.
ДОЛООН УЛС, ХОЁР “ХАРУУЛ”
Өмнөд мөсөн далайг эзэмшихийн төлөө олон улс өрсөлдөж буй. “Энэ тив хэнд харьяалагдах, эсэх нь шийдэгдээгүй бөгөөд өнөөг хүртэл маргалдсаар байна. Тиймээс тэндхийн гео бодлого цуу яриа, сэжиг таамгаас үүсэж байна” гэж Доддз ярьжээ.
Аргентин, Австрали, Чили, Франц, Норвеги, Шинэ Зеланд, Их Британи гэсэн долоон улс тус тивд газар эзэмших эрхтэй гэдэг. Үүнийг нь Антарктидын тухай гэрээнд тусгасан байдаг. Уг гэрээгээр өөр улс булаацалдахыг хоригложээ. Хэрэв бусад улс булаалдаж эхэлбэл АНУ, Орос хоёр мөсөн тивийг анх нээгчид учир бүхэлд нь эзэмших эрхтэй хэмээн нотлох юм.
“Ашигт малтмалын тухай асуудлыг газар нутгийн харьяаллаас салгаж үзэх аргагүй. Орос, Хятад хоёр олзыг нь царцаах талаар нааштай хандахгүй шинжтэй” гэж Доддз үздэг. Москва Антарктидад томоохон хөрөнгө оруулж, хуучин Зөвлөлтийн үед байгуулсан баазуудыг шинэчилсэн. Сан-Хорхе буюу Тавдугаар сарын 25 гэдэг аралд байрлалтай нэг баазыг өргөжүүлэх төсөлд байнгын ажиллагаатай байх, үнэн алдартны жижиг сүм барихаар тусгасан байна. Сүм барихад ашиглах модыг хүртэл Сибириэс татжээ.
Америкийн GPS төхөөрөмжтэй өрсөлдөхүйц, хиймэл дагуулын ГЛОНАСС системээ хөгжүүлэхэд зургаа дахь тивийг ашиглах нь Оросын стратегийн бодлогын нэг хэсэг юм. Гэхдээ Москва Антарктидад хиймэл дагуулын ажиглалтын гурван системийг аль хэдийнэ суурилуулжээ. Цаашдаа тэдгээрийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Учир нь тус тивийн зарим газар сансрын дохиог сайн хүлээн авдаг гэж шинжээчид үзэж байна. Энэ нь тусгай алба (тагнуулын)-ны оролцоо бий болж буйг илтгэнэ. Гэхдээ Өмнөд мөсөн далайд цэргийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг.
Хятад улс мөн зургаа дахь тивд хиймэл дагуулын станцтай. Азийн хүчирхэг тус улс байр сууриа бэхжүүлэх ажлаа хожуу эхэлсэн хэдий ч эрчимтэй өрнүүлж байна. Бээжин анхны баазаа нээж байсан 1985 онд хөгжингүй олон орон Антарктидад байр сууриа хэдийнэ эзэлсэн байжээ. Өдгөө Хятад улс дөрвөн баазтай болсон төдийгүй тав дахиа барихаар төлөвлөж байна. Харин АНУ бүтэн жилийн ажиллагаатай гурван баазтай аж.
Хятад нь 1959 оны гэрээнд зааснаар мөсөн тивд санаархах эрхтэй улс биш. Бааз барих нь 2048 онд протокол өөрчлөгдсөн тохиолдолд зарим давуу талыг эзлэх гэсэн стратеги байж болох юм гэж шинжээчид үзэж байна.
НӨЛӨӨНИЙ ХЭРЭГСЭЛ БОЛСОН БААЗУУД
“Эрдэм шинжилгээ, судалгааны баазууд хэзээд бие даасан байдлыг илтгэдэг. Их Британи, Аргентин, Чили улс газар нутаг, баялгаа “баталгаажуулахаар” өөрийн гэсэн станцаа ашиглаж байна. АНУ болон ЗХУ хүйтэн дайн үед мөн тийм зүйл хийсэн. Хятад улс судалгааны баазууд барьж буй нь өмнөд туйлд байр сууриа бэхжүүлж байгаа хэрэг. Шинжлэх ухаан бол Антарктидад гео бодлогын засаглал тогтоох арга юм” гэж шинжээч Доддз тэмдэглэсэн байна.
Бээжин шинэ станц барьж буйгаа судалгааны зориулалттай хэмээн нотолдог. “Өнөөг хүртэл байгалийн шинжлэх ухаан бидний сонирхлыг татсаар ирсэн. Гэхдээ баялгийн аюулгүй байдлын асуудал илүү анхаарал татаж буйг бид мэднэ” гэж 2015 оны тавдугаар сард БНХАУ-ын Туйлын судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал Ян Хучен мэдэгджээ.
Тус хүрээлэнд саяхан хоёр туйлын баялаг, хууль, гео бодлогыг судалдаг шинэ салбар нээгдсэн. “Судалгааны шинэ станцууд бидэнд хэрэгтэй юү? Үгүй л болов уу. Уур амьсгалын болон байгаль орчны мэдээлэл цуглуулах талаар яривал баазууд жижиг байж болох ч илүү автоматжсан. Гэхдээ орчин үеийн тогтолцоо шинжлэх ухаан, ложистикт илүү хөрөнгө оруулсныг хөхиүлэн дэмждэг” гэж Доддз хэллээ.
Мөс зүсэгч, тусгай нисэх онгоц, нисдэг тэрэг бүтээх салбарт Хятадын хүрсэн амжилт их анхаарал татна. Зургаа дахь тивд нарнаас хоргодох газартай болсон ганц улс нь энэ биш. Турк, Иран, Колумб ч мөн шинэ бааз барихаар төлөвлөж байна.
РОССА ТЭНГИС ДЭХ БУУЛТ
Орос, Хятад хоёр нөлөөгөө бааз барих төдийгөөр тэлэхгүй. Тус хоёр улс Росса тэнгисийг хамгаалах тухай гэрээнд гарын үсэг зуралгүй таван жил болсон. Энэ нь манай гариг дахь экологийн систем нь хөндөгдөөгүй, онгон дагшин хэвээр буй сүүлчийн нуур юм. “Тэнд дэлхийн оцон шувуудын 38, өмнөд туйлын салхич шувууны 30, одой халимны зургаа орчим хувь нь үрждэг” гэж эрдэмтэн Бертотто мэдээлжээ.
Орос, Хятад хоёрын аль аль нь тус бүс нутагт загас агнах сонирхолтой. Загас агнуур нь Антарктидад аялал жуулчлалаас гадна ганц зөвшөөрөгдсөн арилжааны үйл ажиллагаа юм. ОХУ-ын загас агнуурын флот Өмнөд мөсөн далайн сагамхай загас олзворлодог. Хятадууд сам хорхой зэрэг уургаар баялаг хавч хэлбэрийн, бас загасны аж ахуйгаа хөгжүүлэхэд амин чухал амьтдыг илүүтэй сонирхож байна. Өмнөд туйлын усан дахь хүнсний гинжин хэлхээнд сам хорхой ч чухал үүрэг гүйцэтгэдэг нь асуудал үүсгэдэг аж.
Маргаантай газар нутгийг хамгаалалттай бүсээр зарлах шийдвэрийг харилцан буулт хийх замаар гаргах ёстой. Эхлээд Хятад улс “хөмхийгөө зууж” байгаад зөвшөөрсөн. Дараа нь өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ дэмжсэн. Одоо Росса тэнгис байгалийн хамгаалалттай хамгийн том газар нутагт тооцогдож байна. Гэхдээ хүнд бэрх яриа хэлэлцээг давж, батлагдсан уг хэлэлцээр 2051 он хүртэл хүчинтэй.
ЛАТИН АМЕРИКИЙН ТУСГААР ТОГТНОЛ
Латин Америкийн орнууд өмнөд туйлд нөлөөтэй болохын төлөөх өрсөлдөөнөөс хоцрохгүй байхыг эрмэлзэж байна. Тэднээс Аргентин хамгийн түрүүнд буюу 1904 онд зургаа дахь тивд баазаа босгосон. Тэр цагаас хойш олон үйл явдал өнгөрчээ. “XXI зуунд тусгаар тогтнол ложистик дээр тулгуурласан шинжлэх ухаантай зэрэгцэн оршино гэж бид үзэж байна. Тиймээс Аргентин бусад улстай харьцуулахад нөлөөгөө нэлээд алдсан” хэмээн Бертотто харамсаж буй.
Чилийн адил Аргентин улс зургаа дахь тивийн газар нутгийн нэг хэсгийн төлөө өрсөлдөж байна. Их Британид ч мөн тийм зорилго бий. “Бүс нутгийн судалгааны бүлгүүдийн хамт “Латин Америкийн Антарктид” төслийг бид хэрэгжүүлэх ёстой. Энэ бүхэн манай гаригийн хамгийн, хамгийн болсон бүс нутгийн төлөөх тулаанд “хамартайгаа” үлдэхэд хэрэгтэй юм” гэсэн ганц л шийдэл бий гэж Бертотто үзэж байна.