2017.06.03. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг, Хүдэр гол
Нэгэн цагт цэвэр, тунгалаг, ширүүн урсгалтайгаараа алдартай байсан Хүдэр гол танигдахын аргагүй болжээ. Усных нь өнгө шар ногооноор солигдож, урсгал нь эрс татарсан байв. Газрын хэвлийд “үүрээ” зассан борооны тогтоол ус аятай булингартай, цаанаа л өнгөгүй. Аядуухнаар шоржигнон, туниа муутай урсах нь хүч тэнцвэргүй тулаанд ялагдал хүлээсэн, хэзээ мөдгүй амь тавих гэж байгаа мэт дэндүү өрөвдөлтэй харагдана.
Энэ гол өмнө нь ямар байсныг мэдэх хэн боловч одоогийнх нь дүр зургийг хараад эмгэнэн, шогшрох нь аргагүй.
Зун, намрын улиралд Хүдэр гол олны хөлд дарагддаг сан. Голын хоёр талаар битүү ойтой учраас аагим халуунаас зугтсан иргэд тийш хошуурцгаадаг юм. Гэвч сүүлийн жилүүдэд гол ихээхэн бохирдсоноос болж иргэд тийшээ зүглэх нь цөөрчээ. Хэд хэдэн хүний амь авч одсон, Хүн давдаг гэх нэртэй айхтар догшин тохой Хүдэр гол дагуу бий. Гэвч өдгөө эл тохойн ус хүн байтугай мал давахааргүй болтлоо татарсан байна. Нутгийн иргэд ч “3000 гаруй хүн ундаалдаг Хүдэр гол өнөө маргаашгүй ширгэж, үгүй болох нь. Өнгөрсөн жил мал ундаалах аргагүйд хүрч, бохирдсон. Одоо л амжиж арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн халаглаж сууна.
Монгол Улсын хойд хил дээр, Хан Хэнтийн нурууны хойд суганд байрлах Сэлэнгэ аймгийн нутгаар урсан өнгөрдөг Хүдэр гол амь тавихад ойрхон байна. Ундны усны гол эх үүсвэрээ алдах вий хэмээн сандарч мэгдсэн иргэд хэрэндээ тэмцэж, дуугарч буй ч баялагт шунасан уул уурхайнхны сүрэнд дарагдсаар, дуу хоолой нь төрд хүрэхгүй нь.
ГАЙ ДАГУУЛСАН БАЯЛАГ
Уул уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 20-иод компани Хүдэр суманд бий. Энэ голын хөндий болоод түүнд цутгадаг бусад жижиг гол, горхины эхэнд тэдгээр компани ашигт малтмал олборлодог юм. Ингэхдээ голын голдирлыг нь өөрчлөн, салаалуулж, хиймэл нууруудаа сэтэлж, бохирыг нь гол руу нийлүүлэн дураараа дургидаг аж.
Олборлолт явуулж байгаа компанийнхны хувьд энэ нь тийм ч ноцтой үзэгдэл биш гэдгийг иргэд ярилаа. Нүдэнд нь мөнгөнөөс өөр зүйл үзэгдэхээ байсан, хариуцлагагүй уул уурхайнхны энэ үйлдэл эцэстээ Хүдэр голыг “залгихад” хүргэв.
“Майндата” компанийн инженерүүдийн хийсэн “Хүдэр голын алтны шороон ордын ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд дурдсанаар 1982-1984 онд Хүдэр голын алтны шороон ордод хайгуулын ажил гүйцэтгэн, алтны үр ашигтай нөөцийг 1066.2 кг (химийн цэврээр) гэж тогтоон, ГУУЯ-ны ШУТЗ-ийн хуралдаанаар батлуулж байжээ. Улмаар 1995 оноос ДБТХ, “Монполимет”, “Дунар-Од”, “Монгол алт” зэрэг компанид хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь Хүдэрт уул уурхайнхан үүрлэх эхлэл болж.
Өөрөөр хэлбэл, Хүдэр голын сав газарт “нуугдсан” баялгийг олонд зарласнаар хорлон сүйтгэх ажиллагаа эхэлжээ. Хүдэр, Хэрсээр зогсохгүй, өөр олон гол, горхи нүд аньж мэдэхээр байна. Учир нь, тус суманд үйл ажиллагаа явуулдаг компаниуд олборлолт хийх талбайнхаа дөнгөж 10 гаруй хувийг ашиглаад буй гэсэн. Тодруулбал, компаниудад 16 мянган га талбайд олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгосноос ердөө 1200 га-г нь ашиглажээ.
ОРОЙТОЖ ДУУГАРСНЫ УЧИР ЮУ ВЭ
Уул уурхайнхан болон гар аргаар алт олборлогчдын гарт олон жил “нухуулсан” Хүдэр гол 2015 оны намраас усаар биш, шавраар урсаж эхэлсэн. Тухайн оны зун уул уурхайн компаниуд Хүдэр гол дагуу 100 гаруй экскаватор ажиллуулсан гэдэг. Үүнд санаа зовсон иргэд БОНХАЖЯ (хуучнаар) болон хэвлэл мэдээллийн байгууллагад хэдэнтээ хандаж, энэ талаар мэдээлсэн ч тэмцэл үр дүнд хүрээгүй.
Харин өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан Хүдэр, Могойн голын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг шалгахдаа иргэн Б, Г нар Хүдэр сумын нутагт хууль бусаар алт олборлож байсныг илрүүлсэн юм. Ингээд тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсноо сүр дуулиантай гэгч зарласан билээ. Энэ талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгсэл дамжуулж, Хүдэр голыг нинжа нар л бохирдуулж буй мэтээр бичиж байв.
Гэвч энэ хэргийн жинхэнэ эзэн нь болох уул уурхайн компаниудын тухай ганц ч үг ганхийсэнгүй. Тэдний балаг нууц хэвээр үлдэв. Иргэд “Хүдэр голын асуудал одоо л олны анхаарлын төвд очлоо. Холбогдох албаны хүмүүс дорвитой арга хэмжээ авах байх” гэж итгэл хүлээлгэсэн нь дамжиггүй. Гэтэл юу ч өөрчлөгдсөнгүй, бүгд энэ тухай мартаж орхижээ. Өдгөө Хүдэр гол “цус”-аар уйлж, харин уул уурхайн компаниуд ажлаа эхлүүлэхээр зэхэж байна.
ХУУЛИА МӨРДВӨЛ Ч...
Уул уурхайн компаниуд хайгуулын, ашиглалтын зөвшөөрөлтэй байлаа ч байгаль орчинд хохирол учруулах эрхгүй. Тэд “Урт нэртэй” хуулийн дагуу голын эргээс 200 метрийн зайд олборлолт явуулж, нэг ширхэг мод унагаасан бол оронд нь 10-20 мод тарих нөхөн сэргээлтийн төлбөр төлөх журамтай. Голын голдирол өөрчлөх нь битгий хэл онцгой хамгаалалтын бүс тогтоох ёстой юм. Гэтэл энэ журмыг мөрддөг компани Хүдэрт нэг ч байхгүй гэнэ.
Хэрэв тэд хуулийн дагуу ажилладаг байсан бол Хүдэр гол ингэтлээ бохирдож, доройтохгүй гэж иргэн С (нэрээ нууцлахыг хүсэв) ярилаа. Тэрбээр “Эндхийн компаниуд ямар бүдүүлэг аргаар үйл ажиллагаа явуулдгийг иргэд бүгд мэднэ. Би энэ талаар нэлээд судалж, мэдээлэл цуглуулсан. Нөхөн сэргээлт хийсэн компани байхгүй юм билээ. Байгальд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан нь ч цөөн. “Золотая корона” гэхэд л байгаль орчинд 186 сая төгрөгийн хохирол учруулснаас 20-иод саяыг нь төлөөд таг чиг болсон” хэмээн ярилаа.
Ганцхан компани 180 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний балаг тарьсан гэж тооцвол 20 компани жилд хэчнээн мод устгаж, голын усыг хэр зэрэг бохирдуулсан нь ойлгомжтой. Хачирхалтай нь, тэд тарьсан балаг, учруулсан хохиролдоо хариуцлага хүлээдэггүй. Гол нь тэдгээр компанийн үйл ажиллагааг хянаж, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох ёстой хүмүүс чухам юу хийж, хаагуур яваа бол. ШАЛГААД ИЛЭРДЭГГҮЙ “НО”
Уул уурхайнхны тарьсан балаг, Хүдэр суманд үүсээд буй нөхцөл байдлын талаар “Өнөөдөр” сонин “Хүдэрийг самарчид самарч байна”, “Хүдэр голыг Орхоны хувь заяа хүлээж байна” зэрэг цуврал нийтлэлээрээ хөндсөн. Эл нийтлэлийн мөрөөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан Хүдэр суманд шалгалт хийх болсноо одоогоос хоёр сарын өмнө дуулгасан юм. Мөн бидэнд мэдээлэл өгсөн, тус сумын иргэн Р.Энхсайханаас мэдүүлэг авчээ.
БОАЖЯ-ны холбогдох мэргэжилтнүүд ч Хүдэр суманд шалгалтаар очсон. Шалгалтын явцад ямар зөрчил илэрсэн талаар тодорхой мэдээлэл ч алга. Энд тэнд хийсэн хяналт шалгалтынхаа тухай сүр дуулиантайгаар зарладаг тэд юуны учир таг дуугүй өнгөрөв. Уул уурхайнхны “но”-г олж харсангүй юу. Эсвэл хэн нэгэн амыг нь таглачихав уу. Иргэн Б (нэрээ нууцлахыг хүсэв) “Манай нутагт ирсэн шалгалт нууцаар өрнөдөг. Их сонин. Бодвол иргэд мэдэх ёсгүй зүйлс илэрдэг бололтой. Уул уурхайн компанийнхантай бус, гар аргаар алт олборлодог иргэдтэй л тэмцэлдэж байгаа дуулддаг” гэж егөөдсөн юм.
Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сум Хүдэр сумтай харьцуулахад ашигт малтмалын нөөц хомс. Цөөн иргэн гар аргаар алт олборлож, амь зуудаг. Гэвч орон нутгийн удирдлагууд байгаль орчин сүйтгэж байна хэмээн нинжа нартай тэмцсээр, “дарж авсан” сайн туршлага бий. Гэтэл нөр их баялагт эзэн суусан Хүдэр сумын удирдлагууд уул уурхайнхны дураараа авирлахыг ойшоолгүй, хайр зарлахын учир юу билээ. Сумын байгаль орчны байцаагч нь хүртэл “Ганцаараа хүчрэхгүй байна” гээд сууж байх юм. Тэднийг ийн мунгинаж суух зуур Хүдэр гол амь тавьж, түүний хэвлийд толгой хоргоддог олон амьтан хорогдож, дайжих нь.
Харин уул уурхайнхан сүйтгэж, доройтуулах дараагийнхаа газрыг онилсоор байна. Хүдэрийнхний жимсний талбай гэгддэг Жалгын зусланд уул уурхайнхан “үүрээ” засахаар бэлтгэж суугаа сурагтай.