Филиппиний цагдаагийн газраас Манилагийн казинод буутай халдсан этгээдийг алан хядагч биш гэдгийг зарлалаа. Энэ хэргийг 42 настай гурван хүүхдийн эцэг Жессье Хавьер Карлос хэмээх каталок шашинт эр үйлдсэн байна. Цагдаагийнхан олон нийтэд хандсан хэвлэлийн бага хуралд түүнийг мөрийтэй тоглогч байсан бөгөөд бүх мөнгөө алдсан учир уураа гаргасан хэрэг гэж тайлбарлаж буй.
Алуурчин өмнө нь Филиппиний Сангийн яаманд ажиллаж байсан юм. Гэвч тэр ажлаасаа халагдаж, өр нь 80 мянган ам.доллар болтлоо өссөн тул ийм хэрэг хийжээ.
Хачирхалтай нь, Карлосыг өнгөрсөн дөрөвдүгээр сард казино тоглох эрхийг нь хассан аж. Үүнийг гэр бүлийнх нь хүсэлтээр гаргасан шийдвэр хэмээн албаны хүмүүс тайлбарлаж байна.
Алуурчны ээж Теодора хэвлэлийн бага хуралд "Миний хүү маш сайн хүн байсан. Гэвч казинод донтсон цагаас хойш өөрчлөгдсөн" гэж ярьжээ.
Манилагийн халдлагын дараа Исламын улс бүлэглэл хариуцлага хүлээхээ мэдэгдсэн ч мөрдөн байцаалтын явцад алуурчин алан хядах бүлэглэлтэй огт холбоогүй болохыг тогтоосон байна. Алуурчин казинод буутай орж ирсэн ч байшинд гал тавьсан юм. Нийт 37 хүн халдлагын золиос болсон бөгөөд тэдгээрийн ихэнх нь галд угаартаж нас барсан болохыг сүүлд тогтоосон. Харин алуурчин өөрийгөө шатааж, амиа хорлосон бөгөөд гэр бүлийнхэн нь содон тэмдэг бүхий сорвиор нь хэн болохыг нь тогтоосон аж.