БНСУ-ын хамгийн алдартай шарсан тахианы сүлжээг үүсгэн байгуулагч, 64 настай Чой Хо Сиг цагдаагийнхан шалгаж байна. Тэрбээр Өмнөд Солонгосын Гангнам дүүрэгт хамт ажиллдаг 20 гаруй насны нэгэн эмэгтэйтэй хамт ууж суугаад буудалд орсныхоо дараа хүчиндэхийг завдсан бололтой. Хяналтын камерт бичигдсэн бичлэгийг тус улсын YTN телевизийн мэдээгээр гаргасан нь дуулиан тарьж байна. Уг бичлэгт нэгэн бүсгүй зугтаж гараад таксинд сууж буй бол араас нь нэг эр хөөж, зогсоохыг оролдож байгааг харуулсан байна.
Эмэгтэй цагдаа нарт өгсөн анхны мэдүүлгээр Чойтой хамт буудалд орсон боловч энэ нь ямар нэг амрагийн харилцаа бус харин Чой эмэгтэйг хэт согтсон учир амрах хэрэгтэй гэж зөвлөсний дагуу буудлын өрөөнд орсон гэнэ.
Чой БНСУ-ын хамгийн алдартай шарсан тахианы сүлжээ зоогийн газрыг үүсгэн байгуулсан хүн. Тэрбээр 1999 онд сүлжээгээ байгуулсан бөгөөд нэгийн үнээр хоёрыг авдаг, хямд гэдгээрээ алдартай аж. Түүний компани өнгөрсөн оны наймдугаар сард улсдаа 1000 дахь салбараа нээсэн бөгөөд 2015 оны арваннэгдүгээр сард Японы Токио хотод салбараа нээж байв.