Английн нийслэл Лондон хотод гурван террорист гэмт халдлага үйлдэж, үүний улмаас 7 хүн нас барж, 48 хүн гэмтсэн билээ. Тэд эхлээд Лондоны гүүрэн дээр явган зорчигчид дайрч, улмаар машинаасаа зугтаж, ойролцоох их дэлгүүрт халдлага хийсэн юм. Ердөө 8 минут үргэлжилсэн гэгдэх уг халдлагаар хохирч үлдсэн хүмүүсийг танилцуулж байна.
Хохирогчдоос хамгийн алдартай хүн бол Жеофф Хо. Тэрбээр "Sunday Express"-ийн сонины бизнес хариуцсан эрхлэгч байсан юм. Хо халдлагад өртсөн нэг хүнд тусалж яваад өөрөө хохирогч болсон гэх мэдээлэл бий. Мөн Хо тулааны спортоор хичээллэдэг тул алан хядагчидтай нэгийгээ үзсэн байх гэж анд нөхөд нь таамаглажээ.
Түүнчлэн Францын засгийн газраас тус улсын дөрвөн иргэн халдлагад өртсөн болохыг нотолсон байна.
Шинэ Зеландын иргэн Оливер Доулинг нүүр, хүзүү болон гэдсэндээ хутганы шарх авч, эмнэлэгт тун яаралтай хүргэгдсэн бөгөөд одоогоор комд байгаа гэнэ. Энэ жил 32 настай Доулинг дөрвөн цагийн турш хагалгаанд орсон, эмч нар түүний амь нас аюулгүй гэж үзэж байгаа гэнэ. Оливерийн найз бүсгүй Мариа Бондевил мөн гэмтэл авсан байна.
Австралийн ерөнхий сайд Малколм Турнбулл 31 настай тус улсын иргэн Кандэйс Хеджег хүзүүндээ шарх авсныг нотолжээ. Кандэйс найз залуутайгаа оройн хоол идэж байгаад амиа алдах шахсан байна. Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан бүх зүйл зүгээр гэсэн бол Австралийн Засгийн газар өөрийн иргэнээ эрүүл болгохын төлөө бүхнийг хийхээ амлажээ.
Сошиалаар хамгийн их алдаршсан нэгэн бол 16 настай Асья Мустафа. Түүнийг гэр бүлийнхэн нь холбоогүй болсны дараа сошиалаар хайж байсан бол тун удалгүй аюулгүй байгааг нь мэджээ. Мустафа охин гэрлүүгээ харьж яваад алан хядагчидтай таарсан бөгөөд сандрахдаа гар утсаа алдсан байна.
Мөн Канадын нэг иргэн халдлагад өртсөн бөгөөд цагдаагийн хоёр ажилтан мөн гэмтсэн байна.
Лондоны гүүрэн дээр иргэдийг дайрсан автомашин.