Бүгд найрамдах Ирланд улс өмнө нь Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан, энэтхэг цагаачийн гэр бүлд өссөн Лео Варадкарыг ерөнхий сайдаар томилох боллоо. Энэ жил 38 настай Лео эрх баригч Фине Гэл намын хуралдаанаар намын даргаар сонгогджээ. Одоо Ирландын парламент эрх баригч намын даргыг ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэж, дэмжвэл Лео Варадкар тус улсын түүхэнд хамгийн залуу мөн Европын анхны ижил хүйстэн улс төрийн тэргүүн болох юм.
Л.Варадкар намын даргын суудлын төлөө Симон Ковенейг ялж, Фине Гэл намыг 15 жил удирдсан, 2011 оноос хойш ерөнхий сайдын албыг гүйцэтгэж буй Энда Кэннигийн оронд намын даргаар сонгогдсон юм. Энда өнгөрсөн сараас хойш ерөнхий сайдын үүргээ хүлээлгэж өгөхөөр болсон билээ.
Л.Варадкар намын даргын сонгуульд сонгогчдын 65 хувийн саналыг авсан юм. Эмч мэргэжилтэй, энэтхэг цагаачийн гэр бүлээс гаралтай энэ эрийг цаашид ерөнхий сайд болох эсэхийг Ирландын парламент 6 сарын 13-нд болох хурлаар шийдэх гэнэ.
Ноён Варадкарын эцэг Ашок нь мөн эмч мэргэжилтэй, Энэтхэгийн Мумбай хотод төрсөн юм. Тэрбээр өөрийн эхнэр сувилагч ирланд гаралтай бүсгүй Мириамтай 1970 оны үед танилцаж, хамтдаа Ирландад нүүж ирсэн юм. Харин Варадкар 36 насныхаа төрсөн өдрөөр буюу 2015 оны нэгдүгээр сард өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлаж байв.