“Хэрвээ чи өөрийнхөө цэргийг тэжээж чадахгүй бол бусдын цэргийг тэжээх болно” гэж Францын цэрэг, улс төрийн зүтгэлтэн Наполеон Бонапарт өдгөөгөөс 200 гаруй жилийн тэртээ хэлсэн байдаг. Манай Зэвсэгт хүчнийхэн өнөөдөр өөрийн алба хаагчдаа тэжээж чадаж байгаа бил үү.
Хэдэн алба хаагчаа дэлхийн халуун цэгүүд рүү энхийг сахиулагч гэсэн “малгай” өмсгөөд л илгээснийхээ төлөөсөнд НҮБ, АНУ тэргүүтэй эвслээс хэдэн төгрөг авч тэжээдэг, Зэвсэгт хүчиндээ зориулсан улсын төсвийн хүрэлцээ тун тааруу байдгийг хэн хүнгүй л мэдэх болсон.
НҮБ-ын мандат доор дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгээд ирсэн цэргүүдийнхээ мөнгийг ЗХЖШ, БХЯ-ныхан явсан үеийнх нь ам.долларын ханшаар тооцож олгоно хэмээн дансанд нь орж ирсэн мөнгийг гүйцэд өгөхгүй, ашиг гаргах явдал бийг цагдаагийн байгууллагаас энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн олон алба хаагч хэлдэг юм.
Тэгвэл манай Зэвсэгт хүчин арми шиг байж чадаж байгаа болов уу. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр залуухан алба хаагч энх цагт, эх орондоо, хээрийн сургуульд гараад амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарч, бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиан шуугиан болсон. Өдгөө Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ, улс төрийн халуун тогоонд “шарагдан”, нам жим болчихлоо. Цэргийн мэргэшсэн алба хаагч, офицеруудын дунд буй яриагаар бол энэ харамсалтай осол цэвэр мэргэжлийн алдаа гэх юм билээ.
Шалгалтын дүнг харж байж хариуцлага хүлээнэ хэмээн ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд ярьж байгаа нь өөрсдийгөө хаацайлах, үйл явдлыг мартагнуулах, цаашлаад хариуцлагаас мултрах гэсэн арга заль ч байхыг үгүйсгэхгүй. Уг нь манайхныг өндөр сахилга баттай, хариуцлагатай хэмээн дэлхийн халуун цэгүүдэд хамт үүрэг гүйцэтгэдэг улс орны цэргийн удирдах албаны офицерууд үнэлдэг. Тийм байтал яагаад ийм хэрэг гарав.
Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн олон нийтийн сүлжээнд талцаж байгаа. Гэтэл Зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь өдий олон хоног өнгөрөхөд ганц ч үг ган хийгээгүй нь хачирхалтай.
Энэ ноцтой осол бол ЗХЖШ-ын дарга нарын ажлын хариуцлага, мэдлэг, ур чадвар нь сул, өндөр албан тушаал хаших, генерал цол зүүх сонирхол өндөр болсны л хор уршиг гээд хэлчихэд буруудахгүй. 100 ямаанд 60 ухна гэгчээр болсон, болоогүй олон генерал дүрэм, журам зөрчин төрүүлсний хар гай ч гээд хэлэхэд болмоор.
ХЭДЭН БОР ЦЭРГЭЭ ХЭЗЭЭ БҮРЭН ГҮЙЦЭД ХУВЦАСЛАХ ВЭ
Зэвсэгт хүчний удирдах албадад нарийн мэргэжлийн хүмүүсийг томилдоггүй, улстөрчдийн танил тал, нутаг нугынхан л өндөр цол хэргэм хүртэж, албан тушаал хашдаг гэдгийг Зэвсэгт хүчний жирийн ахлагчаасаа эхлээд хурандаа, генерал хүртэл цөмөөрөө мэднэ.
Зарим нь генерал болохын тулд их мөнгө зарцуулсан гэх яриа ч цэргийн алба хаагчдын дунд байдаг. Ингэж олноор нь төрүүлсэн генералуудаа албан тушаалтай байлгахын тулд командлагч, бригадын захирагч гэх мэт урьд өмнө хурандаа цолтон ч хашиж болоод байсан, олон жилийн өмнө хүний нөөц ихтэй байхад хошууч, дэд хурандаа ч удирдаж асан ажлын байрнуудыг генерал эрэмбэтэй болгочихоод буй.
...Гэтэл судалгаанд хамрагдагсдын 34 хувь хувцасныхаа чанарыг нь муу, 49 хувь нь дунд гэж хариулсан байх юм. Дүрэмт хувцасны хангалтыг хугацаандаа олгодоггүй гэж 73 хувь нь хариулсан гээд бод.
Харьяа анги, салбаруудад нь хувцасны хангалт тааруу, төсөв хөрөнгө нь хүрэлцээ муутай байхад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд УИХ, Засгийн газрын гишүүдэд тал засаж, тэднийг цэргийн дүрэмт хувцсаар хангаж байх юм. Тэр ч бүү хэл, яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт хүртэл цэргийн хувцас олгосон нь зүйд нийцэмгүй...
Хэдэн цэргээ бүрэн хувцаслаж ч чадахгүй байгаа манай армид хэтэрсэн олон генерал цолтны хувцсыг бэлтгэхэд бас л багагүй зардал гаргаж байгаа нь тодорхой. Яагаад хэдэн цэргээ бүрэн хувцаслаж чадахгүй гэж онцолсон бэ гэвэл ХЭҮК-ын 2016 оны тайланд цэргүүдийн хувцас хангалт тааруу хэмээжээ.
Тус комиссоос Зэвсэгт хүчний ангиудад явуулсан судалгаанд оролцогсдын 70 гаруй хувь нь хувцасны хангалт муу байдаг талаар гомдоллосон байна. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлд “Цэргийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдыг цэргийн дүрэмт хувцас, хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангах нь төрийн үүрэг бөгөөд алба хаагчдын хувцасны хангалт, чанар, хүртээмжийн талаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.3 дахь хэсэгт “Цэргийн алба хаагч албаны үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник, материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах эрхтэй”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 15.2 дахь хэсэгт “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна” гэж заасан байдаг. Засгийн газрын тогтоолоор хувцасны эдэлгээг хоёр жилээр тооцсон. Гэтэл судалгаанд хамрагдагсдын 34 хувь хувцасныхаа чанарыг нь муу, 49 хувь нь дунд гэж хариулсан байх юм. Дүрэмт хувцасны хангалтыг хугацаандаа олгодоггүй гэж 73 хувь нь хариулсан гээд бод.
Харьяа анги, салбаруудад нь хувцасны хангалт тааруу, төсөв хөрөнгө нь хүрэлцээ муутай байхад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд УИХ, Засгийн газрын гишүүдэд тал засаж, тэднийг цэргийн дүрэмт хувцсаар хангаж байх юм. Тэр ч бүү хэл, яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт хүртэл цэргийн хувцас олгосон нь зүйд нийцэмгүй.
Ингэхдээ заримыг нь каракул захтай, нэхий дотортой дулаан хувцсаар хангасан байв. ХХААХҮ-ийн дэд сайд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд, Сүхбаатар аймгийн Засаг дарга асан гээд цэргийн эрээн хувцсыг хаа сайгүй өмсөж явсан өндөр албан тушаалтнууд олон. Эрхэм гишүүд, сайд, дарга нарт тал засан зулгуйдаж өгсөн хувцас, ялангуяа каракул малгай, захыг гадаадаас худалдаж авдаг юм билээ.
“Тунгалаг Тамир” кинонд Итгэлт баян “Олигтойхон цогчин дуган барьж чадахгүй байж ууж идэхдээ уургын морь шиг” хэмээн хошууныхаа ноёд түшмэдэд дургүйцлээ илэрхийлдэг. Түүн шиг хэдэн офицер, ахлагч нараа олигтойхон хувцаслаж чадахгүй байж УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, нийслэл, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт тал засаж үнэтэй материалаар хийсэн өвлийн цэргийн хувцсаа өгөх нь ялихгүй зусар баяжихад саад гэдэг үгийг санагдуулна.
ЗЭВСЭГТ ХҮЧИНД ШИНЭЧЛЭЛ ДАХИАД ХЭРЭГТЭЙ ГЭВ
Батлан хамгаалах салбарын багц хуулийг шинэчилж, өдгөө хэрэгжүүлээд, явж байна. Энэ хуульд ч, үүний өмнө мөрдөж байсанд нь ч Зэвсэгт хүчинд иргэнд хяналт тавихаар тусгасан ч тэр нь өдгөө аль ч шатанд алга гэхэд хилсдэхгүй. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн дэргэд, Ерөнхий сайдын танхимд цэрэг-аюулгүй байдлын асуудал хариуцсан тулхтай генерал, офицерууд ажилладаг байсан жишиг өнөөдөр үгүй.
Уг нь дээрх хүмүүсээс гадна Батлан хамгаалахын сайдын багт цэргийн олон талын өргөн мэдлэгтэй, туршлагажиж бэлтгэгдсэн, дэлхийн хэмжээнд сэтгэж, ойлгодог, түшиг тулгуур болж чадахуйц стратегич хүн ажиллаж байж хяналт, хариуцлагыг тэнцвэржүүлж байдаг олон улсын жишгийг хэрэгжүүлж буй нь хоёр хөршөөс авахуулаад олон бий.
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг өнгөтэй өөдтэй, найдвартай байгаасай, ингэж өөрчлөгдөөсэй гэж сэтгэлээ чилээж явдаг олон офицер, ахлагч байна. Манай Зэвсэгт хүчний тайван цагийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг цомхон, хураангуй болгох ажил 1990 оноос эхэлж, өдгөө цэргийнхний зэвсэглэл техникийн боломжит чадавх нэлээд хувиар буурсан, мэргэшсэн офицер, ахлагчийн тоог 40 хувиар нэмэгдүүлж байж болзошгүй аюултай тэмцэж чадна гэдгийг Олон улсын аюулгүй байдлын судалгааны байгууллага (SIPRI)-ын жишгээр манай судлаачид судлан дүгнэсэн байдаг юм билээ.
Түүнээс гадна “Тусгаар тогтнол” хэмээх эрдэм шинжилгээний бага хурлын 2017 оны эмхтгэлд “Манай Зэвсэгт хүчний тухай хуулийн ерөнхий үзэл санаа, хууль дахь зүйл, заалтуудын агуулга нь муугүй боловч түүнийг бүрэн дүүрэн хэрэгжүүлснээр эх орноо хамгаалах нэгдсэн чадавхтай болно. Тиймээс зарчмын тодорхой өөрчлөлтүүд одоогийн ЗХЖШ-т оруулж, орчин үеийн олон талт үүрэг гүйцэтгэхэд тохирно” гэж эрдэмтэн судлаачид бичжээ.
Тэдний үзэж буйгаар тангараг өргөж, эр цэрэг болсон иргэдийг цэргийн мэргэжлээр нэгтгэн удирдах ЗХЖШ-ын дарга нарыг агаарын, хуурай замын, хилийн, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагын цэргийн дээд мэргэжилтэй офицеруудаас бүрдүүлж, улсын хэмжээний стратегийн төлөвлөлт, цэргийн бэлтгэлийн бодлогыг тодорхойлдог болговол цэргийн нэгдмэл дээд удирдлага гэх хуульд заасан өгүүлбэр биеллээ олох юм байна.
Цэрэг дайны аюул эргэн тойронд, тэр дундаа Зүүн хойд Азид өсөж, их гүрнүүдийн өрсөлдөөн өссөөр байгаа энэ үед Зэвсэгт хүчний ерөнхий командлагч маань “Улс төр-дипломатын арга”, “Төвийг сахисан байр суурь” гээд үүндээ найдаад суух нь хэр оновчтой бол гэх судлаач ч байна. Улс орноо удирдаж, цэрэг армиа командлах удирдагчийн марафонд өрсөлдөхөөр болсон эрхмүүд мөрийн хөтөлбөртөө эх орноо хамгаалах баталгааны тухай тусгаж хэрэгжүүлээсэй хэмээх эрдэмтэд ч цөөнгүй. Тиймээс шинэчлэлийг дахиад хийх хэрэгтэй гэж байгаа аж.