Эртнээс монголчуудын үзэх дуртай спортын нэг болж, бөхдөө хайртай бидэнд олон шилдэг тамирчидтай уулзуулсан Монголын чөлөөт бөхийн холбооны хэрүүл даамжирч, Ц.Цогтбаяр тэргүүтэй дасгалжуулагчдыг шигшээ багаас хөөсөн бол саяхан Г.Мандахнаран, Н.Лхамгармаа, О.Үйтүмэн, Б.Номин нарыг шигшээ багаас хөөж буйг мэдэгдсэн билээ.
Эдгээр тамирчид бүгд тив дэлхийд эх орноо мандуулсан, шилдгүүд. Тодруулбал, Г.Мандахнаран гавьяат ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртэж, Риогийн олимпын шагналт байрт шалгарсан бол Б.Номин ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн нэгэн. Түүнчлэн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт О.Үйтүмэн, Армийн дэлхийн аварга, энэ жилийн УАШТ-д жиндээ босоо байсан Н.Лхамгармаа нарыг хассан.
Тэгвэл энэ талаар манай сурвалжлагч ҮШБА-наас тодруулахад “Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж буй тамирчин төрийн албан хаагчаас дутахгүй хариуцлагатай, ёс зүйтэй байх хэрэгтэй. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт бэлтгэл хийхээс татгалзан, сахилга бат алдсан дөрвөн тамирчныг хассан нь үнэн. Бид өмнө нь тэдэнд Монголын чөлөөт бөхийн холбоогоор дамжуулж удаа дараа сануулга өгсөн ч тоохгүй явсаар өдий хүрсэн. Хэн дуртай нь үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг үл ойшоон, бэлтгэл хийхээс татгалзаад байвал юу болох вэ. Төрөөс цалинжин, дэлхийд эх орноо төлөөлж байгаа тул дүрэм, журмаа эрхэмлэн, тамирчны нэр төрөө хүндлэх л ёстой” гэж тайлбарласан юм.
Тэгвэл цахим хуудсанд нэгэн хэрэглэгч Монголын чөлөөт бөхийн холбооны групп дээр ийн бичсэн байна.
Энэ талаар Г.Мандахнаран гавьяат ч өөрийн үзэл бодлоо илэрхийлж, гэнэт шигшээ багийн албанаас хассан тухай бичсэн билээ.
Н.Лхамгармаагийн хувьд энэ оны УАШТ-д жиндээ итгэл төгс тэргүүлсэн. Тэрбээр "Алдар" спорт хорооны тамирчин бөгөөд П.Орхоны найз залуу юм.
Лондон, Риогийн олимпод эх орноо төлөөлж өрсөлдсөн 86 кг жингийн шилдгүүдийн нэг бол О.Үйтүмэн. Түүний эцэг Л.Оргодол нь аймгийн заан цолтой бол ах нь аймгийн начин О.Түмэндэмбэрэл билээ.
Б.Номингийн хувьд гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын шавь. Тэрбээр 2015 онд ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 61 кг-д хамгийн өндөр амжилтаа үзүүлж, мөнгөн медаль хүртсэн билээ.