Филиппиний нийслэл Манила хотын "Resorts World Manila" зочид буудлын казинод буутай этгээд халдаж, үүний улмаас 37 хүн өөд болж, 50 гаруй хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэрч нарын мэдээлснээр халдагч этгээд цагаан арьстан байсан бөгөөд англиар ярьж байсан аж. Тэрбээр казиногоос 2.3 сая долларын үнэ бүхий чипс хулгайлаад ширээнүүдийг шатаасан ба, дараа нь өөрийгөө шатааж амиа хорлосон гэж цагдаагийнхан үзэж буй. Нас барсан хүмүүсийн 13 нь зочид буудлын ажилчид байсан бол 22 нь зочид байжээ
Филиппиний цагдаагийнхан одоо алуурчинтай холбоотой байж болох этгээдийг хайж байгаа юм. Тэдний үзэж буйгаар энэ хэргийг ганц хүн хийх боломжгүй гэнэ.
Алуурчин зочид буудлын хяналтын камерт өртжээ.
Амиа алдсан хүмүүсийн дунд Өмнөд Солонгосын нэг иргэн байсныг тус улсын гадаад хэргийн яам албан ёсоор мэдэгдэв. Түүнчлэн Өмнөд Солонгосын гурван иргэн гэмтэл авсан юм.
Эхлээд цагдаагийнхан алуурчныг зочид буудлын өрөөнд нуугдаж буй хэмээн сэжиглэсэн ч 7 цагийн дараа амиа хорлосон болохыг албан ёсоор баталсан юм. Тэрбээр зочид буудлын өрөөнд өөрийгөө зузаан хөнжлөөр ороож, улмаар өрөөгөө хийгээр дүүргэж, амиа хорлосон байна. Нийт 37 хүн амиа алдсан, хохирогчдын ихэнх нь эмх замбараагүй байдлын үеэр утаанд хордож амьсгал нь боогдсоны улмаас амиа алдсан гэнэ.
Энэ хэргийг лалын зэвсэгт бүлэглэлтэй холбоотой байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа ч нотлогдоогүй. Цагдаагийнхан дээрмийн шинжтэй гэмт үйлдэл хэмээн таамаглаж байгаа юм.