Шатахууны импортын онцгой албан татварыг сарын дараа нэмнэ. Манайхан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд Олон улсын валютын сангийнханд шатахууны онцгой албан татварыг хоёр үе шаттай нэмэх амлалт өгсөн. Хэлсэн амандаа хүрэхээс өөр гарцгүй.
Тэгэхээр долдугаар сарын 1-нээс шатахууны онцгой албан татварыг нэмж таарна. Дараа нь аравдугаар сарын 1-нд дахин нэмэх учиртай. Шатахууны үнэ өснө гэсэн дохио хаа холоос ийн хангинаж эхэллээ.
Бензиний үнийг тогтвортой байлгахын тулд Засгийн газар сүүлийн жилүүдэд онцгой албан татвараар тохируулга хийж ирсэн. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсгөнгүүт татвараа багасгадаг. Харин буурангуут татвараа өсгөж, шатахууны үнэ огцом савлахаас сэргийлж ирэв.
Олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом өсөхөд буюу өнгөрсөн хоёрдугаар сард импортлогчид шатахууны үнийг 100 төгрөгөөр нэмснийг сануулъя. Шатахууны үнийг өсгөхөөс өмнө онцгой албан татварын хэмжээг “хумьсан”.
Тодруулбал, 90-ээс дээш октантай шатахууны онцгой албан татварыг 30, дизелийн түлшнийхийг 70 мянган төгрөг хүртэл доошлуулсан юм. Байцаагчид өдгөө импортолсон тонн шатахуун бүрээс дээрх тарифаар тооцон татвар хурааж байгаа.
Хэрэв онцгой албан татварыг бууруулаагүй бол шатахууны үнэ 100 төгрөгөөс ч давж өсөх байсан нь дамжиггүй. Бууруулахаас өмнө автобензинийн онцгой албан татвар 160, дизелийн түлшнийх 180 мянган төгрөг байжээ. Татварыг үлэмж хэмжээгээр доошлуулж байж шатахууны үнийг “нисэх”-ээс сэргийлсэн нь энэ.
Онцгой албан татварыг нэмэхээр шатахууны үнэ өсөх үү? Ашигт малтмал, газрын тосны газрын Бүтээгдэхүүний хэлтсийн дарга Б.Бямбацогт “Долдугаар сард шатахууны онцгой албан татварыг өсгөх нь гарцаагүй. Гэхдээ шатахууны үнэ өсөхгүй. Өнөөдрийн хийж буй төсөөллөө хараад, ийм байр сууринд хүрсэн” гэв. Тус газрынхан шатахуун импортлогч компанийн төлөөллүүдтэй уулзан энэ талаар хэлэлцжээ.
Цаадуул нь ч нөхцөл байдлыг дүгнэж цэгнээд шатахууны үнийг “барих” боломжтой гэсэн Засгийн газрын байр суурийг хүлээн зөвшөөрсөн сурагтай. Шатахууны үнийг өндийлгөхгүй байх хамгийн том шалтгаан нь хямд дизелийн түлш. Импортлогчид өнгөрсөн сарын эхнээс зуны дизелийн түлш оруулж ирэн, борлуулж эхэлжээ.
...Тухайн үед нэг тонн шатахуунаас хураах онцгой албан татварын хэмжээг дээд тал нь 520 мянган төгрөг хүртэл “хөөргөж” байв. Түүнээс хойш дэлхийн зах зээлд газрын тосны ханш тасралтгүй өссөн. Харин Засгийн газар шатахууны импортын онцгой албан татварынхаа хэмжээг сөргүүлэн буурууллаа...
Зуных нь өвлийн түлшнээс хямд байдаг. Иймээс шатахууны үнийг өсгөхгүй байх нэгэн нөхцөл болох нь тэр. Импортлогчид хямд дизелийн түлш оруулж ирж борлуулаад, чамгүй ашиг олж буй бололтой. Шатахууны үнийг нэмэхгүй байх тохиолдолд импортлогчдын ашиг буурна гэсэн үг.
Импортлогчдын цэвэр ашиг 3-4 хувь байх тохируулгыг Засгийн газар хийдэг юм. Үүнээс гадна дэлхийн зах зээлд баррель газрын тосны ханш 50-51 ам.долларт хэлбэлзэж байгаа нь шатахууны үнийг өсгөхгүй байх өөр нэгэн нөхцөлийг бүрдүүлжээ.
Долдугаар сард шатахууны үнийг өсгөхгүй нь. Тэгвэл аравдугаар сард онцгой албан татварын хэмжээг дахиад нэмэхээр шатахууны үнэ өсөх үү гэдэг асуултад хариулт хайх учиртай. Ашигт малтмал, газрын тосны газрынхан энэ асуултад хариулахад эрт байгааг тодотгов.
Үнэхээр ч хариулахад бэрх асуулт. Шатахууны онцгой албан татварын хэмжээ нэлээд нэмэгдчихнэ. Аж ахуйн нэгжүүдийг ашиггүй ажилла гэж шаардах үндэсгүй. Газрын тосны үнэ хямдрахгүй бол шатахууны ханшийг өнөөгийн түвшинд нь тогтоох боломжгүй болов уу.
Газрын тосны үнэ өнгөрсөн жилийн нэгдүгээр сард 28 ам.доллар руу уруудаж, шалдаа буусан. Тухайн үед нэг тонн шатахуунаас хураах онцгой албан татварын хэмжээг дээд тал нь 520 мянган төгрөг хүртэл “хөөргөж” байв. Түүнээс хойш дэлхийн зах зээлд газрын тосны ханш тасралтгүй өссөн.
Харин Засгийн газар шатахууны импортын онцгой албан татварынхаа хэмжээг сөргүүлэн буурууллаа. Одоо ийм боломж байхгүйг дээр дурдсан. Хэрэв аравдугаар сард шатахууны үнэ өсвөл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханшид эгзэгтэй үе тохионо. Шатахуун, эрчим хүчний үнэ эдийн засгийн суурь үнэ болдог. Суурь үнэ нэмэгдэхээр бусад барааных ч өсөх нигууртай.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ өдрүүдэд ОХУ-д айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр “Роснефть” компанийн ерөнхий захирал Игорь Сечинтэй уулзалт хийх юм. Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй, тогтмол байлгах талаар тэд тохиролцоонд хүрэх бололтой. Импортын онцгой албан татварыг нэмэх үеэр шатахуун дамлаж зарах сонирхолтой этгээдүүд зохимол хомсдол үүсгэхээс болгоомжилж буйгаа Ашигт малтмал, газрын тосныхон нуусангүй.
Ийм явдал бишгүй олон тохиолдсон сургамж байдаг билээ. Манай улс өнгөрсөн жил 1.2 сая тонн шатахуун импортолсон. Үүнийхээ 90 хувийг “Роснефть”-иэс авчээ. Тиймээс тэднийх манай улсын гол харилцагч юм. Нөгөөтэйгүүр манайх энэ компаниас хараат. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр шатахууны үнийг 10-20 ам.доллароор хямдруулах хүсэлт тавина гэсэн мэдээлэл түгсэн. Салбарынхан үүнийг ташаа мэдээлэл гэж тайлбарлаж байна.
Газрын тосны салбарынхан шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг бууруулах нэгэн сонирхолтой судалгаа хийж эхэлжээ. Энэ нь урд хөршийн “Чайна-Ойл” компаниас худалдан авах шатахууны хэмжээг нэмэж, гэрээний нөхцөл, үнэ тооцох томьёоллыг сайжруулах зорилготой судалгаа аж. Улмаар баруун бүсээр буюу Говь-Алтай аймгийн Бургастай, Ховдын Ярантын боомтоор шатахуун нийлүүлэхийг тэднийхээс манайхан хүссэн байна.
Одоогоор баруун бүсийн шатахууны агуулахын багтаамжийг судалж байгаа гэнэ. Хятадаас шатахуун импортолбол баруун бүсийн хэрэглэгчдэд хямд үнээр нийлүүлэх төсөөлөл харагдсан байна.
Үүнийг шатахууны хараат байдлыг бууруулах, алслагдсан нутгийн иргэдэд хямд бүтээгдэхүүн нийлүүлэх ахлам гэж харж болох юм. Сануулахад, Улаанбаатарт жижиглэнгээр худалдаж буй А-80 автобензиний дундаж үнэ 1474, Аи-92-ынх 1616, Аи-95-ынх 1799, дизелийн түлшнийх 1711 төгрөг байна.