Афганистаны Кабул хотод алан хядагчид дэлбэрэлт зохион байгуулж, үүний улмаас 80 гаруй хүн нас барсны дотор алдарт BBC теле сувгийн жолооч багтсан байна. Түүнчлэн хохирогчдын ихэнх нь гэм зэмгүй хүүхэд, эмэгтэйчүүд байсныг эх сурвалж нотоллоо. Халдлагын үеэр BBC теле сувгийн афган жолооч Мохаммед Назир амь үрэгдэж, өөр дөрвөн ажилтан гэмтсэн байна. Мөн Германы консулын ажилтан амь насаа алдсан байна. Уг халдлага Их Британи, Франц, АНУ-ын элчин сайдын яамны ойролцоо болсон юм. Одоогоор 350 гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдний ихэнх нь Британийн элчин сайдын яамны ойролцоо байсан аж.
Афганы Талибаны гэмт бүлэглэл энэ халдлагыг зохион байгуулаагүй гэж мэдэгджээ.
Халдлага үйлдсэн авто машин.
Афганистаны нийтийн эрүүл мэндийн сайд Исмайл Кавасигийн мэдэгдснээр уг халдлагын хохирогчид нь энгийн иргэд байсан гэнэ.
Халдлага болсны дараахан албаны эх сурвалжид 50 гаруй хүн нас барсан гэж мэдэгдэж байсан бол тун удалгүй И.Каваси 80 хүн нас барсан болохыг мэдэгдсэн юм.
Халдлагын дараа тус улсын дотоод хэргийн сайд Кабул хотын иргэдэд хандаж, цусаа хандивлахыг уриалсан байна. Учир нь гэмтэж, бэртсэн хүмүүст яаралтай цус сэлбэх хэрэгтэй байжээ.
Талибанчуудын хийсэн гэгдэх эдгээр халдлагын тоо өнгөрсөн жилээс хойш даруй 20-д хүрлээ. Энэ он гарснаас хойш Афганистанд зургаа дахь халдлага болсон бөгөөд энэ сарын 3-нд АНУ-ын элчин сайдын яамны ойролцоо бөмбөг дэлбэрч, найман хүн нас барсан билээ.