Туул гол дагуу өрнөдөг хайрганы төлөөх “дайн”-ыг таслан зогсоох шийдвэр гаргаснаа нийслэлийн Засаг дарга С.Батболд зарлаад хоёр сар өнгөрлөө. “Дайны” хөлд Туулын сав газар танигдахын аргагүй болтол өөрчлөгдөж, Хан-Уул дүүргийн XII, XIII хороо буюу Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын багагүй хувийг нүх, карьер, овоолсон шороо эзлэх болсон. Газрыг нь байнга ухаж төнхөж буйгаас тэндхийн иргэд олон жил тоостой агаараар амьсгалж буй. Бас нийслэлийн амин судас болсон Туул гол бохирдож, улаанбаатарчуудын ундны ус шавхагдаж мэдэх аюул хаалга тогшоод байна. Тиймээс хайрганы “дайн”-ыг зогсоох шийдвэр гаргасан хотын мээрийн үг тухайн үедээ тун баатарлаг сонсогдож байлаа. Харин өдгөө түүний шийдвэр биеллээ олсон болов уу?
Туул голын бохирдол Алтанбулаг сумын иргэдэд хэрхэн нөлөөлж байгааг энэ сарын дундуур бид сурвалжлах үеэр иргэд “Голын хайргыг аваад эхэлчихсэн бололтой. Сүүлийн үед шороо их босоод байна. Карьеруудын тоос шороо энд хүртэл ирдэг. Хажууд нь байгаа хүмүүст бүр хэцүү дээ” гэж ярьж байсан юм. Үнэхээр ч тэдний ярьсанчлан Туул голын хайрга дайрганы төлөөх “дайн” хэдийнэ эхэлжээ. Нийслэлийн Засаг даргын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байхад шүү. Энэ сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө газар дээрээ нөхцөл байдал ямар байгааг бид сурвалжиллаа.
Хан-Уул дүүргийн XII, XIII хороо буюу Биокомбинат, Шувуун фабрик орчмынхон Туулын бохирдлын голомтод амьдарч байна. Тэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчдын түйвээн дунд арай ядан амь зууж байна гэхэд сүржигнэсэн болохгүй. Учир нь амьдардаг газар нутаг нь дайны талбар шиг нүх сүвээр дүүрэн. Энэ нь иргэдийн амьжиргааны эх үүсвэр болох малын дайсан. XIII хороо буюу Туул тосгонд 2009 онд 22.917 мал тоологджээ. Түүнээс хойш жилээс жилд хорогдсоор энэ онд 13.000 хүрэхтэй, үгүй болсон аж. “Голын бохир ус нөлөөлсөн л байх. Хамгийн гол асуудал нь мэдээж хайрганы карьерууд. Мал орж үхэх бол наад захын асуудал. Хүн үхсэн тохиолдол ч бий” гэж тосгоныхон хэлэв. Иргэн Б.Цагаан “Компаниуд газар сэглэж, гүний усыг барьдаг хайргыг нь авчихаар усны ундарга шавхагдах болсон” гэв.
Балаг тариад буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр бодит байдалд даанч биелсэнгүй. Иргэдийн хэлж буйгаар энэ хавраас хайрга ачсан машинууд өдөр явах нь цөөрч, шөнө хулгайгаар давхилдах болжээ. Бид уржигдар 23.00 цагийн үед Биокомбинатад очлоо. Төв замаар нь голдуу том оврын машинууд холхиж байв. Хэдийнэ харанхуй болсон тул тэд ажилдаа гарсан бололтой. Нэг машин явж өнгөрөөд нэг минут ч болоогүй байхад дараагийнх нь гарч ирэх аж.
Биокомбинат орчмын хайрганы карьеруудын дөнгөж эхнийх дээр очихоор зүглэхэд өөдөөс ус шүүрсэн нойтон хайрга ачсан “Норд бенз” маркийн хүнд даацын ачааны хоёр машин гарч ирлээ. Машинуудыг зогсоож, жолооч нараас нь хориглосоор байтал яагаад хайрга зөөж буйг лавлавал “Сайн мэдэхгүй” гэсэн хариулт өглөө. Юутай ч тэд “Ядам од” гэдэг компаниас хайрга авснаа хэлсэн юм. Тус компанийн газарт очиход ажилтан нь бололтой хоёр хүн угтсан ч бас л “Мэдэхгүй” хэмээн мэдэн будилсан. Тэднээс асууж сурагласаар компанийн захирал н.Лхагвасүрэнтэй утсаар холбогдож, зарим зүйлийг тодруулах гэсэн ч “Үйл ажиллагаагаа зогсоочихсон байгаа даа” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.
Ажлаа эхэлчихсэн, бас үйл ажиллагаа явуулахаар техник хэрэгслээ сойчихсон компанийнхан дээр очиж, нийслэлийн Засаг даргын шийдвэрийг юуны учир зөрчсөнийг тодруулахад “Манайх ажлаа эхлээгүй” гэж мэлзэх юм уу, “Бид өнгөрсөн жил гаргасан хайргаа ачиж байна” гэсэн тайлбар хэлэх аж. Зарим нь бүр улайм цайм хайрга ачиж гаргачихаад “Бид ачдаг хүмүүс биш ээ. Зүгээр манаж байгаа юм” гэж хэлэх жишээтэй. Аж ахуйн нэгжүүд 60 гаруй тн-ын даацтай, хурдан, ачааны машинаар хайргаа маш хурдан ачаад явчихаж байгааг иргэд хэлсэн. Нэг машины тэвшийг дүүргэхэд тав хүрэхгүй минут зарцуулдаг юм байх. Туулын сав газраас нэг шөнийн дотор хэчнээн машин хэдэн удаагийн эргэлтээр хайрга зөөж байгааг таахад бэрх гэж санаа зовох хүн ч таарав.
Уг нь Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 87 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэх тоо бий. Тэдний ихэнх нь мэдээж хайрга дайрга олборлогч. Компаниуд тусгай зөвшөөрөл авсан газраа хэд хэд хувааж, өөр аж ахуйн нэгжүүдэд ашиглуулах, түрээслэх тохиолдол цөөнгүй гэнэ. Ингээд тооцохоор хайрга олборлодог компанийн тоо бараг 150-160 хүрэх болов уу гэж “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Жагар мэдээллээ.
Хүнд даацын машинд хайрга ид ачиж буй нэг компанийн талбайд очлоо. Ажилчдынх нь байрны өмнөх самбарт “Эх дэлгэр мөрөн” гэдэг нэр байв. Биднийг угтсан нэг ажилтан манайх биш, хажууд нь байрлах “Ар бадрах” гэх компанийнхан хайрга ачаад байна гэж тайлбарлалаа. Дээрх хоёр компани нэг тусгай зөвшөөрөлтэй бөгөөд газраа хувааж ашигладаг юм байх. Тэр ажилтан “Арваад хоногийн өмнө хайрга үйлдвэрлэж буй компаниудын уулзалт хотын захиргаанд болсон. Нөхөн сэргээлт хийсэн бол үлдээж, огт хийгээгүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн. Бусад компанийг ухсан газраа нөхөн сэргээж дуусах хүртэл нь ажиллуулахгүй гэсэн байр суурьтайгаа хотын захиргааныхан энэ үеэр мэдээлсэн. Манайх 27 га газартай. Бусад компанийг бодвол талбайн хувьд харьцангуй багад тооцогдоно. Үүнийхээ 13.4 га-г нь нөхөн сэргээсэн. Бидний нөхөн сэргээсэн талбайгаас айлуудын үхэр салахаа болилоо. 500 гаруй мод тарьсан ч харамсалтай нь мал идчихээд байна. Ер нь бол манайх зохих журмын дагуу ажлаа хийдэг цөөхөн компанийн нэг. Энэ жилийн тухайд үйл ажиллагаагаа эхлээд удаагүй, хайрга олборлоогүй” гэлээ.
Газрын хэвлийг ухаж сэндийчээд, улаан тоосон дунд хөсөр хаягдаж буй Биокомбинат, Шувуун фабрик орчмын газар нутаг хайрга олборлогчдын “дайралтад” өртсөн хэвээр. Хатан Туулд хэдийнэ хулгай нүүрлэж, хориглосоор байтал хэвлийг нь ухсаар байна гэсэн үг. Газрыг нь төнхсөн аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээх нь битгий хэл ухсанаа ч дардаггүй. Нөхөн сэргээх нэрээр нүглийн нүдийг гурилаар хуурдаг нь тэндхийн газар өдрөөс өдөрт доройтсоор буйгаас харагдана. Ил байгаа хэрнээ шийдэгддэггүй асуудал, бас хариуцлага хүлээлгүй өнгөрдөг жишиг энэ жил дахиад л давтагдах бололтой. Зогсоолоо гэж хотын дарга яриад буй ч газар дээрээ ийм л байна. Хан-Уул дүүргийн XII хорооны иргэн Б.Эрдэнэсайхан арга ядсан шинжтэй “Бид маш их тоосон дунд амьдарч байна. Бараг хүн бүр харшилтай боллоо. Төр засаг юу хийгээд байна вэ. Бид эрүүл, аюулгүй орчинд амьдармаар байна шүү дээ. Компаниудын үйл ажиллагааг зогсоосон гэж зурагтаар яриад байсан. Үнэн хэлдэг хүн байна уу. Хоосон амлалт ард түмэнд хэрэггүй” гэсэн юм. Тэндхийн иргэдэд зөвхөн эрүүл мэндийн асуудал тулгараагүй, худаг нь байнга ширгэх болсон бөгөөд усгүй болчихвол дахиад 2-3 метр гүн ухдаг болсноо онцолж байлаа.
Голын сав газраас хайрга олборлогчдын үйл ажиллагааг зогсооно гэж мэдэгдсэнээс хойш энэ чиглэлд бодитой хийж байгаа ганц ажил нь Биокомбинатаас Шувуун фабрик явах зам дагуу цагдаагийн хяналтын цэг ажиллуулж буй явдал. Хяналтын цэгт Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн хоёр алба хаагч үүрэг гүйцэтгэж, хүнд даацын машинуудыг журамлаж байхтай таарав. Шөнийн 00.10 цагт хяналтын цэгт очиход тийм 7-8 машин зогсоочихсон, жолооч нарын бичиг баримтыг хураасан байлаа. Тэнд ажиллаж байсан цагдаагийн алба хаагчид “Бид энэ замаар ачааны машин явуулахгүй гэж хянаж байна. Жолооч нарын бичиг баримтыг хурааж, Мэргэжлийн хяналтын газар руу шилжүүлнэ. Бичиг баримтгүй бол 60.000 төгрөгөөр торгож байгаа. Хоногт 70-80 машин явдаг” гэсэн юм. Ийм арга хэмжээ авч байгаад бухимдсан жолооч цөөнгүй байсан бөгөөд хайрга зөөхөө зогсоох шаардлага тавихаар ирсэн нутгийн иргэдтэй “хөөрхөн” маргаан дэгдээгээд амжив. Иргэд “Та нар хориглосоор байхад карьераа ажиллуулж, хайрга зөөгөөд байна” гэж уурсахад жолооч нар ч мөчөөгөө өгөхгүй “Бид энэ хайргыг чинь олборлоогүй. Амьдрахын эрхэнд машинаараа зөөж мөнгө олдог хүмүүс. Жолооч нарт буруу байхгүй. Карьеруудыг хаа л даа. Тэгвэл бид ирэхгүй” хэмээн мөчөөрхөлцөж байлаа.
Хайрга олборлож буй, эсэхийг хянаж, шалгаж буй төрийн байгууллага үүнээс өөр алга. Харин “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ийхөн нутгийн иргэдтэй хамтран аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавьж байв. “Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон холбогдох албаны хүмүүс хайрга олборлох үйл ажиллагааг бүрэн зогсооно гэж мэдэгдсэн. Гэтэл шийдвэр огт хэрэгжихгүй байна гэж иргэд мэдээлсээр байсан юм. Түүний дагуу бид энэ сарын 2-3-нд ирж шалгасан, аж ахуйн нэгжүүдтэй уулзсан. Тухайн үед хайрга олборлохыг зогсоосон шийдвэрийг мэргэжлийн хяналтын байцаагч, замын цагдаагийн алба хаагч нар огт мэдэхгүй гээд сууж байсан. Өнөөдөр дахин ирэхэд байдал бахь байдгаараа. Энэ олон компанид лиценз өгч болсон юм байж цуцалж яагаад болохгүй гэж. Зөвхөн лицензийг нь цуцлаад зогсохгүй, олон арван жил ухчихаад хөсөр хаясан газрыг нөхөн сэргээх ёстой. Төр засаг ажил хийх гэж байгаа бол тогтоол, шийдвэрээ бодитоор гаргах ёстой. Жишээ нь, яг тэр тэр компанийн төдөн га газрын зөвшөөрлийг цуцаллаа гэдгийг, түүнийгээ хэрхэн нөхөн сэргээхийг тодорхой болгох хэрэгтэй” гэж “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Жагар ярьсан юм.