ТАВАН УДАА ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭЭД ДЭЭРДЭЭГҮЙН УЧИР
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, эхний ээлжийн санхүүжилт болох 38.6 сая ам.доллароор валютын нөөцөө зузаатгачихсан тул Монголбанк арилжааны банкнуудаас тавьсан ам.доллар зарах саналыг нэг чихээрээ ч сонсохгүй “пээдгэр” байгаа сурагтай. Ам.долларын ханш ч бага багаар суларч байна. Аштай юу даа. Бид ОУВС-тай зургаа дахь удаагаа хамтарч буй нь энэ. Тодруулбал, 1991, 2009 онд макро эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээж, тогтвортой өсөлтийг хангах, зах зээлийн эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгох, ядуурлыг бууруулахад чиглэсэн “Стэнд бай”, 1993, 1997, 2001 онд ядуурлыг бууруулж, өсөлтийг дэмжих Өргөтгөсөн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.
Өмнө хэрэгжүүлсэн таван хөтөлбөрийн сүүлчийнх буюу 2009-2010 оны “Стэнд бай”-г хэрэгжүүлж дуусахдаа ОУВС “Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэхээр дахин ирэхгүй гэж найдаж байна” хэмээгээд суурин төлөөлөгчийн газраа хаасан нь тодхон санагдана. С.Баяр, С.Батболдын Засгийн газрыг дамжуулан хэрэгжүүлсэн уг хөтөлбөрийн үр дүнд валютын нөөц нэмэгдэж, инфляц буурах зэргээр эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарч, “ойж, буусан халуун” нь буурсан гэж тэр үед ОУВС дүгнэсэн байдаг. Засгийн газар, эдийн засагчид ч үүнийг хүлээн зөвшөөрч, “Стэнд бай”-г амжилттай хэрэгжүүллээ” гэцгээж байв.
Гэтэл үүнээс хэдхэн жилийн хойно бид ОУВС-гийнхнаас дахин тусламж гуйлаа. Ингэхдээ өмнөхөөсөө ч хүнд нөхцөлд орж, өр зээлээ төлж чадахгүй дампуурлаа зарлахын ирмэг дээр оччихсон байв. Гэр оронтой болгоод, сайхан амьдрахыг захиад явсан хүнтэйгээ эргээд уулзахад бахь байдгаараа, гудамжинд сууж байх шиг мэдрэмж ОУВС-гийнханд төрсөн болов уу гэхээс ичмээр.
Тус сангийн тусламжийг ийм олон удаа авсан хэрнээ Монгол Улс хөгжихгүй, эдийн засаг нь эрүүлжихгүй байгаагийн шалтгааныг хайх хүн цөөнгүй. Бурууг нь ОУВС руу түлхэх нь ч бишгүй. Гэвч асуудал нь ОУВС-гийн хөтөлбөрт бус, манай улстөрчдөд байдаг юм. Тухайлбал, 2010 онд “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжиж дуусахтай зэрэгцээд дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өссөн тул манай улстөрчид дураараа дургиж эхэлсэн. Үүний горыг бид өнөөдөр амсаж сууна.
Мөнгө орж ирэхийн хэрээр төсвийн сахилга бат суларч, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банкны бонд, концессын мөнгө, улсын төсөв гээд дөрвөн салангид төсөвтэй болж, мөнгийг гарын салаагаараа цацсан талаар эрх баригчид өнгөрсөн оноос хойш ярьсан. Хамгийн сүүлд л гэхэд Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгээр гурван их наяд төгрөгийг алдагдал илрүүлснээ зарлалаа. Өнгөрсөн хугацаанд тэдний гаргаж тавьсан баримт, шалгалтын дүнгүүд улс төрийн зорилготой болов ч бас үнэний ортой. Гэхдээ үүнд аль нэг улс төрийн хүчин бус, энэ цагт төрд ажиллаж буй улстөрчид бүгд буруутай. Сонгуулиас сонгуулийн хооронд тэдний тооцоо судалгаагүй, популист амлалтыг биелүүлэхийн тулд эдийн засаг туйлдсан нь маргашгүй үнэн.
“Манай улсын төсвийн зардал нь социалист, орлого нь капиталист хэв загвартай болчихсон. Бид зарлага талдаа төрөл бүрийн нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлдэг хэрнээ орлого талдаа татвар бууруулж, либерал маягтай нэг шатлалтай татварын тогтолцоо руу шилжсэн” гэж УИХ-ын нэгэн гишүүн “буруугаа хүлээсэн” удаатай. Үүн дээр үрэлгэн, ханаж цаддаггүй шуналтай улстөрчдийн хувийн эрх ашиг, тооцоогүй, салан задгай Засгийн газрын арчаагүй байдал, хэт данхар төрийн алба нэрмээс болж буйталаар бишгүй л ярьж бичсэн дээ.
ЗУРГАА ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙН ДАРАА БИДЭНД ЮУ ҮЛДЭХ ВЭ
Одоо бид гадаадын хандивлагчдын өмнө “далан таваараа” бууж өгч, зээл авахын тулд тушаасан бүхнийг нь үг дуугүй биелүүлэхээс өөр аргагүй шившигтэй байдалд байна. Энэ талаараа ч хангалттай гасалж, гангиналаа.
ОУВС-гийнхны манай улсад тавьж буй гол шаардлага нь санхүүгийн сахилга батаа сайжруулах тухай. Улстөрчдийн салан задгай, дураараа, санхүүгийн сахилга батгүй байдлыг засахад чиглэж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр гурван жил хэрэгжээд дуусахад манай эдийн засаг ямар ч байсан илаарших шатандаа орно гэсэн хүлээлт нийгэмд ч, олон улсад ч бий. ОУВС-гийнхан зургаа дахь хөтөлбөрөө хэрэгжүүлээд буцахад манай улстөрчид тэдний шилийг харав уу, үгүй юү, өмнөх шигээ аашлаад эхэлбэл ямар ч үр дүн гарахгүй, байдал урьдынхаараа үргэлжлэх болно.
Харин манай улстөрчид гасалж, шогширч буйтайгаа дүйхүүц ухаарал, сургамж аваа болов уу. Үгүй л юм шиг харагдах нь харамсалтай. Яаж царай алдан гуйж, нэг компанийн гомдлоор өөрсдийнхөө баталсан тогтоолыг хүчингүй болгох хүртлээ шалдаа бууж байж Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаа мартах хугацаа өнгөрөөгүй байхад л тэд ОУВС-гийн шаардаж буйгаас эсрэг зүйл яриад эхэллээ.
УИХ-аар ирэх оны төсвийн төсөөлөл, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл хэлэлцэхэд УИХ-ын гишүүд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг нийгмийн даатгалын шимтгэл нэг удаа нөхөн төлүүлэх хуулийн хэрэгжилтийг зогсоохгүйгээр ОУВС-тай хэлэлцэн тохиролцож, хэрэгжих хугацааг нь хойшлуулах, хүүхдээ асарч байгаа эхчүүдийн шимтгэл төлсөн нийт хугацаан дээр хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар нэмж тооцох, малчны тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, малчдын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил зургаан сараар тооцох, сайн дураар даатгуулагч эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний 100 хувиар тооцох зэрэг нийгмийн халамжийн шинжтэй хуулиудыг хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардаж байгаа нь сонсогдсон.
Нийгмийн даатгалын сан хоосорсон, энэ янзаараа ахмадуудынхаа тэтгэврийг өгч чадахгүйд хүрнэ, тиймээс тэтгэврийн насыг нэм гэж ОУВС зөвлөөд, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт шилжүүлэх нь зүйтэй, хавтгайруулах хэрэггүй гээд сар гаруйхны өмнө хуульд өөрчлөлт оруулсан хэрнээ өнөөдөр ярьж буй зүйл нь энэ. Түүгээр ч зогсохгүй ОУВС-гийн шаардлагаар төсөвт тодотгол хийхдээ төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг нэмсэн заалтаа өөрчилж, энэ сарын 1-нээс хойш ийм автомашин оруулж ирсэн иргэдэд татварыг нь буцаан олгохоор боллоо.
Монголын улстөрчийн амлалт, ОУВС-гийн шаардлага хоёр дандаа зөрчилддөгийн бодит жишээ энэ. Сонгуульд ялахын тулд, ялчихаад тооцоо судалгаагүй амлалтаа биелүүлэхийн тулд, дахин сонгогдохын тулд дандаа “стандарт бус” шийдвэр гаргадаг учраас манай улсын эдийн засаг ийм байгаа. ОУВС-гийн зургаа дахь хөтөлбөрийн дараа л битгий энэ хэвээрээ байгаасай. Эцсийн эцэст, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж буй мөнгөнөөс илүү санхүүгийн сахилга баттай мэргэжлийн байгууллагууд, хариуцлагатай улстөрчид Монголд илүү хэрэгтэй байгаа шүү дээ.