Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд өрсөлдөх гэж буй гурван эрхэм нэр дэвшигчийн үнэмлэхээ уржигдар гардан авлаа. Нэр дэвшигчид гэр бүл, журмын нөхөд, урлаг, спортын алдартнууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, намын гишүүд, дэмжигчдийн хамт үнэмлэхээ гүн хүндэтгэлтэйгээр, баяр ёслолын байдалтай гардан авч байгаа дүр зургийг харсан гадаадынхан, магадгүй манайхны зарим нь сонгуулийн сурталчилгаа эхэлж байна гэж бодсон байж мэднэ.
Угтаа ирэх сарын 6-наас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, 19 хоногийн турш үргэлжилнэ. Харин эл хугацаа Монголын нийт ард түмнээс сонгогдох учиртай Төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөгчид 21 аймагт хүрч ажиллан, бодлого, хөтөлбөрөө сурталчлахад хангалттай байж чадах уу.
Анхны Ерөнхийлөгчийг сонгосон 1993 оны хууль хүчинтэй байсан бол М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нар өнгөрөгч бямба гаригт нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан даруй сурталчилгаагаа эхлүүлэх боломжтой байв. 1993 онд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай анхны хуулийг 2012 онд хүчингүй болгож, шинэ хууль батлах хүртэл сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчид үнэмлэх авсан өдрөөс эхэлж, 45 хоног үргэлжилдэг байв.
Харин 2012 оны хуулиар сурталчилгааны хугацааг багасгаж, 34 хоног болгосон ч 2015 онд нэгтгэн баталсан Сонгуулийн тухай хуулиар дахин “тайрч”, 18 хоног болгоод буй нь энэ. Ийнхүү сурталчилгааны хугацааг өмнөхөөс бараг хоёр дахин багасгасан нь Сонгуулийн тухай хуулийг хэлэлцүүлж эхлэхээс авахуулаад харилцан адилгүй байр суурь дагуулсан гэхэд болно.
Парламентад суудалгүй, “жижиг” гэгддэг намуудын зүгээс голдуу үүнийг шинэ, залуу хүмүүст халтай, хэдийнэ танигдсан улстөрчдөд ээлтэй, албан ёсны сурталчилгаанаас өмнө өөрсдийгөө таниулах гэсэн хүмүүсийн янз бүрийн үйлдэл нь улстөржилт газар авахад хүргэнэ гэж шүүмжилж байсан бол уг хуулийг санаачлан батлуулагчид нь хугацааг богиносгосноор сонгуулийн зардлыг бууруулна хэмээн өмөөрч ирсэн.
Харамсалтай нь, манайд аль аль шатны сонгуулийн зардал жил ирэх бүр нэмэгдэж буй. Тухайлбал, энэ удаагийн сонгуульд улс төрийн намын зардлын дээд хэмжээг 6.8, нэр дэвшигч тус бүрийнхийг 3.9 тэрбум төгрөгөөр тогтоосон нь Ерөнхийлөгчийн долоон удаагийн сонгуулиас хамгийн өндөр дүн юм. 2013 оны сонгуулиар уг зардлын дээд хэмжээ нэр дэвшигчийнх гурав, намынх 5.1 тэрбум төгрөг байв.
Тэгэхээр энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа хамгийн богино хугацаанд хамгийн их хөрөнгө хийсгэх “марафон” болж таарах нь. Өөрөөр хэлбэл, сонгуулийн зардлыг бууруулах зорилго биелээгүй. Харин АН, МАН-ынхны өөрөөсөө бусдыг үгүйсгэсэн, бусад шинэ хүн, хүчинд орон зай олгохгүй гэсэн бодлого биеллээ олж байх шиг.
Түүнчлэн өнгөрөгч онд болсон УИХ-ын ээлжит сонгуулийг ч мөн ийм богино хугацаанд зохион байгуулсан бөгөөд судалгааны байгууллагуудаас хийсэн мониторингоос харахад сурталчилгаа эхлэх хуулийн хугацаанаас өмнө сонгогчдод эд зүйл тараах, төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх, аялал, амралтанд явуулах зэрэг хориглосон үйлдэл түгээмэл гарчээ.
БОГИНО ХУГАЦАА “БОСОО” ГАНБААД АШИГГҮЙ
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид хэдийнэ тодорхой болсон тул сурталчилгааны богино хугацаа дээрх гурван эрхмийн хэнд нь давуу бөгөөд сул тал болох вэ гэж харвал “Босоо” Ганбаад л ашиггүй. Фэнгшүйгээр анх танигдаж, англи хэл, илтгэх урлагийн лекцээрээ эчнээ дэмжигчтэй болж, үйлдвэрчний эвлэлийн байгууллагаар дамжин УИХ-д орж ирсэн түүнийг Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд ашиггүй болсон гэж шүүмжилдгээр нь олон нийт илүүтэй мэдэх байх.
Түүнийг дэвшүүлсэн улс төрийн нам талаас нь харсан ч өнөөгийн МАХН намын байгууллагын хувьд орон даяар тэгтлээ бэхжиж, салбар, нэгж, үүр, хороодоо байгуулж амжаагүй. Бас тэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших насны болзлыг дөнгөж хангасан, харьцангуй залуу нэгэн. Мэдээж энэ нь АН, МАН-аас нэр дэвшиж буй хоёр эрхэмтэй харьцуулан хэлж буй хэрэг. Тэдний аль аль нь С.Ганбаатартай харьцуулахад сайнаар ч, муугаар ч нийгэмд илүүтэй танигдсан.
МАН-ын нэр дэвшигч М.Энхболдыг Ерөнхийлөгчөөс бусад бүх өндөр албан тушаалд томилогдож байсан хэмээн магтаж, бас шүүмжилж байгаагийн аль нь боловч тэр түмэнд танигдсаны тод илрэл. Хэдийгээр энэ цагт сөрөг хүчин болж яваа ч Монголын улс төрийн хоёр “том” намын нэг гэх байр сууриа алдаагүй АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын улстөрчийн замнал, төрд өндөр албан тушаал хашсан түүх С.Ганбаатарынхаас хавьгүй урт. Үгүйдээ л түүнийг спортынхон болоод бизнесийнхэн мэднэ.
С.Ганбаатар илүү танигдахын тулд бусдаас илүү хүчин хүчин чармайлт, хөрөнгө мөнгө гаргах шаардлага тулгарна. Гэвч түүний болоод намынх нь хөрөнгө, мөнгөний нөөц бас л чамлалттай, бусадтай харьцуулахад. Сонгуулийн зардлаа ард түмнийхээ хандиваар босгоно гэдгээ мэдэгдээд буй түүнтэй эрх баригч намын дарга болон нөлөө бүхий бизнесмэн өрсөлдөж байгаа. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд гэхэд л сонгуулийн жил гарснаас хойш УИХ-ын даргын хувиар хэд хэдэн аймагт албан томилолт хийгээд буй.
Ер нь 2017 он гарснаар эрх баригчдын хийж буй үйлдэл ямар нэг байдлаар нэр дэвшигч болоод намаа сурталчлахтай холбогдож буй нь дамжиггүй. Сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх нэвтрүүлгийн хуваарь, цагийг нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож хуваарилна гэж байгаа ч “олон нийтийн” гэх тодотголтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь эрх баригч намаас хараат бусаар ажиллах нөхцөл, боломж бүрдээгүй байгаа. Нэр дэвшигч Х.Баттулга ч сонгуулийн зардалд санаа зовохгүйн зэрэгцээ олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, хэвлэл мэдээллийн том багтай нэгэн.
Харин сурталчилгааны хугацаа богино байх нь ард түмний сонголтод хэрхэн нөлөөлөх бол. Зарим хүний хэлж байгаачлан нэр дэвшигчид бүх аймагт хүрч очиж, сурталчилгаагаа хийхийн тулд нисдэг тэрэг хөлөглөх болов уу. Дээр дурдсанчлан хүч тэнцвэргүй тулаан өрнөж буй тохиолдолд сонгогчдод бүх нэр дэвшигчийн үгийг сонсож, сонголт хийх боломж олгох нь юу л бол.