Бүсгүйн турьхан гараар илбэх шиг өглөөний нар зөөлөн ээнэ. Хаврын адаг сар шувтарч, зуны эхэн сар үүд тогшиж буй цаг тул нар өглөө эрт өндийжээ. Манай сонины сурвалжлах багийнхан Төв аймгийн Угтаалцайдам сумыг зорин хөдлөв. Энэ жил бороо хур бага байгаагаас хаврын тал өнгөө засаж амжаагүй ажээ. Гэсэн ч урин цагийн эхэн юм хойно шинэ ногооны үнэр сэтгэл сэргээнэ.
Бид Угтаалцайдам сумын “Мөнх шижир тариа” компанийн тариаланчдын нэгэн өдрийн ажлыг сурвалжлахаар яваа маань энэ. Үрслэгээний ажил өдийд дууссан байх ёстой ч газар чийг авахыг хүлээн ажлаа хэд хоногоор сунгасан аж.
08.30 цаг. Бид Угтаалцайдам суманд ирлээ. Тус сумын Хөдөө аж ахуйн хэлтсийнхэн биднийг тосож, “Мөнх шижир тариа” компанийн үтрэм рүү замчлав.
09.00 цаг. Нэг га орчим талбай бүхий хашааны зүүн хойморт хоёр давхар улаан тоосгон байшин байх аж. Энэ байшингийн урд “John Deere” болон “Across” нэртэй орос комбайн эгнүүлжээ. Урдхан талд нь жижиг трактор, мөн нэг тракторын сэг үзэгдэв. Байшингийн баруун талын цементэн талбайд улаанбуудайг хоёр хэсэг нуруулджээ. Урд талын овоолсон буудайн дэргэд дөрвөн хүн ажиллана. Тэд буудайгаа цэвэрлэн, хордуулж буй нь энэ аж.
Нэгэн залуу нуруулдсан буудайн нэг захаас хүрздэн, цэвэрлэгч машины ам руу дөхүүлнэ. Уг машин буудайг залгин, хогийг нь ялгаж, шигшсэн будаагаа урт хоолойгоор “ЗИЛ-130”-ийн ачаа руу асгах аж. Харин “ЗИЛ-130”-ийн нуруун дээр хятад өөрөө буулгагчийн ачаа “тохсон” нь содон байв. Машины даацыг нэмэгдүүлэх гэсэндээ ийнхүү “тохмыг” нь солих арга сэджээ. Энэ завсар толгойдоо бор алчуур зүүсэн бүсгүй ялгасан будаа руу том савтай улаан өнгийн хор шүршиж байлаа.
Ийнхүү цэвэрлэгч машины амаар орсон шаргал будаа улаан болон “ЗИЛ-130”-ын ачаан дээр асгарна. “Мөнх шижир тариа” компанид 11 жил ажиллаж байгаа н.Гантулга будааг цэвэрлэж, хордуулах үүрэгтэй энэ бүлгийг ахалж буй юм. Эдний баг талбай руугаа өдөрт 3-4 удаа будаа зөөж байгаа гэнэ.
10.30 цаг. “Мөнх шижир тариа” компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнхсайхан хотоос сонины сурвалжлагчид ирсэн гэдгийг дуулаад биднийг тосохоор үтрэм дээрээ ирлээ. 40 эргэм насны энэ эр инженер механик мэргэжилтэй аж. Тэрбээр хөдөө аж ахуйн техник хэрэгслийн худалдаа хийж байгаад 2000 оны эхээр бизнесээ өргөжүүлэн газар тариалангийн салбар руу оржээ.
Тэр биднийг замчлан сумын төвөөс баруун зүгт орших тариан талбай руугаа хөдлөв. Өмнө нь томоохон сангийн аж ахуй байсан тариалангийн бүс нутагт ойрын үед бороо ороогүй тул хөрс хуурайшиж, машины дугуйн мөрөөр хар шороо босох аж.
11.30 цаг. Тариаланчид аль хэдийнэ талбайдаа гарсан бөгөөд үрслэгээний ажил ид өрнөж байв. “Мөнх шижир тариа” компанийнхан уг нь тавдугаар сарын 20 гэхэд уг ажлаа дууссан байдаг ч энэ жил цаг агаарын байдлаас шалтгаалан хэд хоног саатжээ. Гэхдээ газар тариалангийн ажил цаг нартай юм хойно хөрс хангалттай чийг аваагүй ч үрслэгээгээ дуусгах гэнэ.
Тариаланчид хаврын нэг өдөр намрын 10 өдөртэй тэнцэнэ хэмээн ярьдаг. Хаврын тариалалтын үед цаг хожих нь ийм л чухал аж. Тус компани энэ жил 900 орчим га талбайд улаан буудай тариалах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Өнгөрсөн лхагва гаригийн байдлаар 600 гаруй га талбайд үрслэгээ хийсэн бөгөөд одоо 270 орчим га талбай л үлджээ.
Тариан талбайд хойд хөршийн “К-701” маркийн хоёр трактор ажиллаж байв. Тракторчид 400 га бүхий талбайд үрслэгээ хийж дуусгаад зүүн талын 270 га талбай руу орох үед нь бид таарлаа. Тэдний нэг ахмад тариаланч Д.Нэргүй бидэнтэй уулзав. Шавилхан биетэй, хөрслөг бор өвгөн трактороосоо буун, нүдээрээ инээн өөдөөс хэд алхсанаа хүрз шиг том гар сарвайв.
Энэ жижиг биед томдмоор бахим хоёр гар нь бага залуу наснаас хар бор ажил хийж ирснийг илтгэнэ. Тэрбээр 40 шахам жил трактор, комбайнтай нөхөрлөж яваа бөгөөд ажил хөдөлмөрийг нь үнэлэн, 2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Бүр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тариан талбайд ирж одонг нь зүүж өгсөн гэнэ. Энэ талаар өвгөн “Тариан талбай, тракторынхоо дэргэд Төрийн тэргүүнээсээ одон медаль хүртэнэ гэдэг сайхан юм билээ. Урамтай гэж жигтэйхэн” хэмээн дурсав.
13.00 цаг. Д.Нэргүй гуай “ажлын өрөө”-ндөө орж, жолооныхоо ард тухалж аваад цааш хөдлөв. “К-701” тракторын кабин сэлүүхэн ч агааржуулагчгүй тул их л бүгчим юм. Тракторын кабины зүүн суудал дор “Сastrol” нэртэй хэдэн саван дотор тос, шатахуун, ус байх аж. Мөн хоёр суудлын голд төмөр савтай боолт, эрэг шурга, хажуугийн будаг нь халцарсан, арай том цэнхэр хайрцагт олон янзын түлхүүр, ажлын багаж хэрэгсэл хийжээ.
Д.Нэргүй гуай тариан талбайн баруун урд булангаас үрслэгээгээ эхлэв. Тракторын араас таван үрслэгч холбосон байх бөгөөд нэг бүр нь 300 орчим кг-ын багтаамжтай гэнэ. Уг нь үрслэгээ хийхдээ будаа, бордоогоо хольдог ч эднийх талбайгаа өмнө нь бордсон юм байна. Тиймээс үрслэгчийн саванд зөвхөн хордуулсан будаа л хийжээ. Д.Нэргүй гуай “Өмнө нь 75, 105 загварын трактор барьж байлаа. Энэ тракторыг дөрвөн жил ашиглаж байна. Ажлын бүтээмж маш их өссөн. 75, 105-аар өдөрт 30-40 га-д л үрслэгээ хийх боломжтой. Харин “К-701” бол 100 гаруй га явна шүү дээ” гэв.
Д.Нэргүй гуай өглөө 05.00 цагт ажлаа эхэлсэн бөгөөд шөнийн 01.00 цаг хүртэл явахад 100 га талбайг хангалттай туулдаг гэнэ. Тиймээс үлдсэн 270 га талбайн ажлыг хоёр тракторч нэг өдөр хагасын хугацаанд л хийх боломжтой юм байна. Техник хэрэгсэл бүрэн бүтэн байх нь хамгийн чухал аж. Хойноосоо урагш сунаж тогтсон тэгш өнцөгт хэлбэртэй талбайг уртааш нь туулж эхлэв. Хойноос урагш, урдаас нь хойш чиглэсээр нэг л мэдэхэд нэлээд хэдэн га талбайд үрслэгээ хийжээ.
Хаврын наран дээрээс төөнөж, тракторын кабин руу салхи орох зайгүй битүү тул улам ч бүгчим болох аж. Өвгөн “Бороо орсон үед цонхоо нээдэг юм. Харин өнөөдөр шороотой байна хэмээн энэ их халууныг үл ажран жолоогоо мушгина. Даралт чинь ихсэхгүй юү гэвэл “Өвөө нь 40 гаруй жил трактор, комбайн барьж байна. Ажлын хатуу, хөтүүгээс халшрах цаг өнгөрсөн” гэв. Энэ яриа биднийг түүний бага залуу нас руу хөтлөв.
Тэрбээр 13 наснаасаа л аав ээждээ дэм болохоор ажил хийж эхэлжээ. Ингээд 20 настайдаа трактор, комбайнчийн курс төгсөж, газар тариалантай амьдралаа холбосон аж. Одоо нас сүүдэр 65 хүрсэн тэрбээр “Бие эрүүл бол ажиллаад л байна” хэмээгээд мөн л нүдээрээ инээх аж. Шавилхан өвгөний зөөлхөн мушилзах энэ төрх аль нэг киноны дүртэй төстэй ч юм шиг.
Олон жил уралдсан морь уяа, сойлгоо өөрөө тааруулдаг гэдэг шиг өвгөн хавар болохоор хөл нь хөнгөрөөд талбайдаа очмоор болдог гэнэ. “Газар тариалангийн ажил чинь урамтай үйл шүү дээ, дүү минь” гэхдээ үнэхээр л ажлаасаа урам авах мэт болж, нүүрэндээ мишээл тодруулна. Өвгөн бид хоёр ийнхүү ойр зуурыг хөөрөлдөж явтал талбайн захад байрлуулсан явуулын чингэлгээс нэг залуу гарч ирэн, гартаа барьсан шар уутаа эргүүлэн даллаж эхлэв. Энэ нь өдрийн хоолны цаг болсныг илтгэж байгаа юм.
14.30 цаг. “Ундны цаг болжээ. Дүү явж хооллоё. Ядарч байна уу” хэмээв. Талбайн захын явуулын чингэлэг дотор “Мөнх шижир тариа” компанийнхан хооллоно. Ундны цагаар мөн л тариа буудайн тухай яриа өрнөв. “Манай газар тариалангийн талбайн 60 гаруй хувь нь үржил шимээ алдаж байгаа гэдэг. Энэ нь тариалан эрхлэхэд хүндрэлтэй байна уу” гэвэл “Хөрсний үржил шимийг сайжруулж болно. Бид олон төрлийн бордоо хэрэглэж байгаа. Тиймээс энэ бол санаа зовоох зүйл биш. Харин талбай руу мал бэлчих нь хэцүү. Хавар бордоо, үрслэгээ гээд олон сая төгрөг энэ талбайд булдаг. Гэтэл хэдэн мал ороод идчихвэл нэг хаврын ажлаа алдана шүү дээ” гэв.
“Газар тариалангийн тухай хуулийн хүрээнд тариалангийн бүс нутагт бэлчээрийн бус эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гэж тусгасан байгаа” хэмээвэл “Тэр ч амар бүтэх ажил биш. Малчид, тариаланчид энэ нутагт олон арван жил айлсан амьдарч байна. Нэг нутгийн улс хэн нь хэнийгээ гэх вэ дээ. Зохицож л амьдрах хэрэгтэй. Гэхдээ малын тоо сангийн аж ахуй байсан үеийнхээс хэд дахин нэмэгдсэн. Манай улс одоо 60 гаруй сая толгой малтай боллоо. Бэлчээрийн даац хэтрэхээс сэргийлэхийн тулд малчдад малын хөлийн татвар ногдуулах хэрэгтэй гэж бодох юм. Хотын тэтгэврийн хөгшид хүртэл татвар төлж байна шүү дээ” гэв.
15:00 цаг. Өвгөн бид хоёр талбайн хойд зах руу дөхөхөд өөрөө буулгагчийн ачаатай өнөөх “Зил-130” тосон ирэв. Үрслэгчийн саван дахь будааг сэлбэхээр ирсэн нь энэ аж. “Зил-130” тракторын араас чирсэн үрслэгчийн бөгсөнд тулан зогсов. Ачаан дээр нь сууж байсан хоёр залуу босон харайж, үрслэгчийн савны тагийг нээн, наймын цагаан хувингаар будаа юүлж эхэллээ. Энэ хооронд өвгөн техникийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгахаар гарав.
Ингэхдээ тракторын эд ангийг оролдож болохгүй шүү хэмээн захив. Хэдэн хормын дараахан будааны сав дүүрчээ. Өвгөн трактороо асаан цааш хөдлөв. “Залуус газар тариалангийн ажлаас зугтаж байна гээд байдаг. Танайхан чинь харин шижигнэсэн залуус байна шүү” гэвэл “Залуус хүүхдүүд тариа тарихаас халшрах болсон нь нэг талаас үнэн. Гэхдээ цалин мөнгө нь хангалттай байвал ажиллах хүн бий. Энэ залуус багадаа л 5-6 жил энд ажиллаж байгаа. Цалинг нь сайн өгвөл хэн хойш суух билээ” гэв.
Үнэхээр эднийх ажилчдадаа гар татдаггүй бололтой. Г.Мөнхсайхан захирал хаврын цагт нэг га газрыг 5000 төгрөгөөр үнэлдэг гэнэ. Нэг хүн 100 га-д үрслэгээ хийхэд өдөртөө л 500 мянган төгрөгийн цалин авах боломжтой аж. Д.Нэргүй гуай тариалалтын үеэр хэдэн өдөр ажиллаад 4-5 сая төгрөгтэй гэртээ харьдаг талаар ярьсан юм.
Намрын үед бол үүнээс ч илүү урамшуулал авдаг байна. Тэрбээр “Бидний үед трактор, комбайнчийн курс төгсөж, мэргэжил эзэмшдэг байлаа. Одоо тийм курс байхгүй болсон. Энэ залуус миний гараар орж, трактор, комбайн эзэмших дөртөй болж байна” гэлээ. Хаврын нар хэлбийжээ. Өвгөн, залуу хоёр тракторч талбайн тавны нэг орчмыг туулсан болов уу хэмээн баримжаалав.
16.30 цаг. Талбайн захад байрлах чингэлэгт зарим тариаланч хөзөр тоглож сууна. Г.Мөнхсайхан захирал “Бид талбайгаа өмнө нь бордсон тул одоохондоо үрслэгээнээс өөр ажил алга. Тиймээс залуус маань амарч байгаа юм. Би ч гэсэн заримдаа эднийхээ дунд ороод л тоглодог юм” гэлээ. Өнөөдөр (өнгөрсөн лхагва гариг) маргааш үрслэгээ хийчихвэл нөгөөдрөөс талбайгаа тойруулж хашаа хатгах гэнэ. Г.Мөнхсайхан захирлаас “Өвгөн их гүргэр юм. Сэлгээний жолооч байхгүй юу” гэж асуувал “Эд маань хийснээрээ цалинждаг учир өөр хүнтэй сэлгэх сонирхолгүй байдаг юм. Хэдий чинээ их га туулна, төдий чинээ цалин авна” хэмээв.
18.00 цаг. Өвгөн тракторын жолоог мушгин, зогсолтгүй урагшилсаар. Үрслэгээтэй талбай ч тэр хэрээр нэмэгдэж байв. Энэ үед “Зил-130” машин талбайн хойд захад биднийг хүлээж байлаа. Үрслэгчийн саван дахь буудай нэлээд доошилжээ. Өнөөх гурван залуу урьдын адил сав руу будаа юүлж эхлэв.
Д.Нэргүй гуай “Одоо нэг дүүргээд авбал шөнө хүртэл алзахгүй” гэж хэлээд суудлын араас ундааны саванд хийсэн хар цай гаргаж, хэд балгалав. Өдий насан дээр ингэж ажиллана гэхээр тэрбээр мөн ч их ажлын ард гарчээ хэмээн бодогдов. “Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд тань одоо энэ ажлаа боль гэх юм уу” хэмээн асуухад “Ах нь таван хүүхэдтэй. Хүүхдүүд том болж, бүгд тусдаа гарсан. Одоо амар л гэдэг юм. Сурсан юмыг сураар боож болох биш дээ” гэв. Түүний таван хүүхдийн хоёр нь эл мэргэжлийг өвлөсөн бөгөөд хаврын энэ цагт мөн л хаа нэгтээ тариан талбайд аавынхаа адил тракторын жолоо мушгин, буудай тариалах буянтай үйл хийж яваа.
20.00 цаг. Бүтэн өдрийг хамт өнгөрүүлсэн тариаланчидтай оройн хоол хамт идэж сууна. “Мөнх шижир тариа” компани 18 ажилчинтай бөгөөд гурван залуу хос гэр бүлээрээ энд ажилладаг юм байна. Г.Мөнхсайхан “Манай оффис Улаанбаатарт байдаг ч тариалалтын үеэр эдэнтэйгээ байх дуртай. Газар тариалан эрхэлнэ гэдэг буянтай ажил шүү дээ” гэв. Тариаланчдын ажлын нэг өдөр ийнхүү шувтарч байна. Харин Д.Нэргүй гуай “Ахиад жаахан явна” гэсээр трактор руугаа зүглэлээ. Өвгөн тариаланчийн ажлын нэгэн өдөр ийн өрнөв. Ийнхүү намар арвин ургац хураах ерөөл өргөөд бид мордов. Тэд ч ахин ирэх урилга өгч, биднийг үдлээ.