-Тархинд нь цус харвасан хүмүүсийн 50 хувь нь даралт ихэссэнээ мэдээгүй байжээ-
23 настай танил дүү минь улаан нүдэлчихсэн явахтай саяхан таарав. Учир байдлыг асуухад “Даралт ихсээд нүдэнд цус харвачихсан. Эмчид үзүүлтэл “Нүдний чинь судас тасарсан байна. Яваандаа гайгүй болно гэсэн” гэлээ. Гэвч энэ нь яваандаа гайгүй болох бус, тархины харвалтад өртөж болзошгүй гэсэн аюулын дохио гэдгийг зүрх, судасны эмч хэллээ. Итгэхэд бэрх ч даралт ихсэх, тархины харвалт, зүрхний шигдээс нь эмээ, өвөө нарт л тохиолддог өвчин байхаа хэдийнэ больжээ.
Сүүлийн жилүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасагт 16-21 насны залуус олноороо ирэх болсон гэнэ. Дэлхий дээр 18 секунд тутамд нэг хүн зүрхний шигдээсээр, жилд 17 сая хүн зүрх, судасны өвчнөөр нас барж байна. Даралт ихсэх өвчтэй тэрбум гаруй хүн бидний дунд амьдарч буй юм. Гэхдээ дэлхий нийтэд заналхийлсэн шинэ цагийн чимээгүй тахлаас сэргийлэх боломж байгаа нь сайшаалтай.
Энэ тухай дурдахаас өмнө тархинд цус харвах шалтгааны талаар өгүүлье. Тархины зарим хэсэгт цусан хангамж дутагдсанаас бие махбодийн үйл ажиллагаа өөрчлөгдөх, алдагдахыг харвалт гэдэг. Бидний уураг тархи судсан торлог бүрхэвчтэй, цусан хангамж сайтай эрхтэн. Гэсэн ч тархины судас аль нэг хэсэгтээ бөглөрвөл цусны урсгал саатаж, хүчилтөрөгч, тэжээл дутагдсанаас тархи гэмтдэг байна.
ДОХ-оос ч илүү аюул дагуулж буй тархины харвалтад нөлөөлөх эрсдэл нь нас, удамшлаас гадна даралт ихсэх, архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт, жингийн илүүдэл зэрэг олдмол хүчин зүйл байдаг. Үүнийг засаж, өөрчилснөөр тархины харвалтаас сэргийлэх боломжтойг эмч нар хэлж байна. Артерийн даралт ихсэх нь харвалтад хүргэх гол хүчин зүйл бол тамхи татах нь ч мөн ялгаагүй.
Тамхины найрлага дахь никотин, карбон оксид нь зүрх, судасны тогтолцоонд хортой нөлөө үзүүлдэг. Жирэмслэхээс хамгаалах эм уугаад давхар тамхи татдаг бол харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн архи хэтрүүлэн хэрэглэх нь артерийн даралтыг ихэсгэх, цусны триглицеридийн хэмжээг нэмэгдүүлэх, таргалах, хавдар болон бусад архаг өвчин даамжрах нөхцөлийг бүрдүүлдэг. Үүнээс гадна чихрийн шижин харвалтад хүргэх эрсдэлийн нэг бөгөөд ядуурал, бухимдал, завгүй байдал ч энэ өвчнийг даамжруулдаг байна.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны төвийн эрхлэгч Н.Байгаль “Амьдралын буруу хэв маяг буюу давс, ханасан өөх, тос хэтрүүлэн хэрэглэх нь даралт ихэсгэж, илүүдэл жин нь зүрхэнд ачаалал өгдөг. Даралт ихсэх өвчин нь тархины харвалт, зүрхний шигдээс, харааны гэмтэл, цаашлаад нүд сохрох, бөөрний дутагдал болж хүндэрдэг” гэв.
Дэлхий нийтээр энэ сарыг дуустал “Цусны даралтаа мэдэцгээе” уриатай аян өрнүүлж буй. Манай улс ч мөн адил үүнд нэгдсэн. Тархинд нь цус харвасан хүмүүсийн 50 хувь нь даралт ихэссэнээ мэдээгүй байж. Учир нь шинж тэмдэг, зовиур бараг илэрдэггүй учраас хүмүүс даралтаа ихсэж буй, эсэхийг мэддэггүй байна. Тэр ч бүү хэл, толгой эргэх, дотор муухайрах, шилэн хүзүү хөших шинж илэрсэн ч эмчид ханддаггүй. Ингэж явж өвчнөө хүндрүүлснээс болж саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй цаашлаад амиа алдах аюулд хүрэх юм.
Гэтэл бидний дунд даралтаа тогтмол хэд байдгийг мэддэг, ихсэж, багассан тохиолдолд эмчид хандаж, жорын дагуу эм хэрэглэдэг нь хэд билээ. Хамгийн гол нь гарт таарсан эмээ уух биш, ямар шалтгаанаар даралт ихсэж буйгаа мэдэх нь чухлыг эмч нар хэлэв. Аав нь 55, ээж нь 65 наснаас доош харвалт, шигдээс болж байсан бол удмын даралттай байх магадлалтай гэнэ.
Дур мэдэн эм ууж болохгүйг онцгой анхааруулсан бөгөөд насны ялгаагаар харилцан адилгүй эм уух ёстойг сануулсан юм. Гэтэл бид даралт ихэслээ гээд мэддэгээр нь “Энап” аваад л уучихдаг. ДЭМБ-аас даралт ихэсвэл эмчид ханд. Дур мэдэн эм ууж болохгүй. Хүндрэл нь тархинд цус харвах, зүрхний шигдээс болдог. Нэгэнт органик өөрчлөлт орвол сэргэх боломж тун бага гэдгийг анхааруулсан билээ.
Харвалтаас болж амиа алдах тохиолдол манай улсад нэмэгдсэн учраас 2013 оноос Улсын гуравдугаар төв эмнэлэгт Харвалтын тасаг нээсэн. Уг тасгийн эрхлэгч Ж.Ариунаа “Манай тасаг нээгдсэн цагаасаа ачаалалтай ажиллаж байна. Гурван хэсгийн 20 орон дээр өдөрт 17-18 хүн байнга хэвтэн эмчлүүлдэг. Сүүлийн үед залуучуудын дунд өвчлөл их байгаа нь анхаарал татсан асуудал болсон. 2-3 хоног архи ууснаас болж, тархинд нь цус харвасан хэд хэдэн залуу ирсэн. Залуус муу зуршил ихтэй, буруу хооллодгоос энэ эрсдэлд өртөж байна.
Тархины харвалтыг хүмүүс эдгэрэхгүй өвчин гэж боддог. Эмчилгээний шинэ арга, техник нэвтэрснээр чанар, үр дүн сайжирч байгаа. Цус хомсрох (артерийн судас бөглөрсөн буюу нарийссанаас үүссэн) харвалтын үед бүлэн хайлуулах эмчилгээ хийж байна. Гэвч хүмүүс харвалтын шинж тэмдгийг сайн таниж мэддэггүйгээс хэл ам нь орооцолдож, хөл гар нь бадайрсан хойно буюу хугацаа алдсан үедээ эмнэлэгт хандаж буй нь харамсалтай” гэж ярилаа.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Ж.АМАРСАНАА:“Элэгний АСЕМ”-д 30 гаруй орны эрдэмтэн оролцоно
“Элэгний С вирус болон хавсарсан халдвар” сэдэвт олон улсын хурал манай улсад ирэх сарын 16-18-нд болох юм. Энэ талаар уг хурлыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэж буй, Монголын элэгний эмгэг судлалын холбооны хүндэт тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүн Ж.Амарсанаагаас тодрууллаа.
-Олон улсын энэ хурлыг манай улс 2012 онд зохион байгуулсан юм билээ. Хоёр дахь удаагийн хурал юугаараа онцлог байх вэ?
-Анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж буйгаараа онцлог. Хуралд Армен, ОХУ, БНТУ, БНСУ, Япон, Иран, Египет зэрэг 30 гаруй орны эрдэмтэн доктор, эмч нар оролцож, элэгний вирусийн эсрэг хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөр, үйл явцын талаар илтгэл тавих юм. Тиймээс бид энэ хурлыг “Элэгний АСЕМ” гэж нэрлээд байгаа.
Манай улс элэгний С вирусийн өвчлөлөөр Египетийн дараа буюу хоёрдугаарт орж байсан ч эрчимтэй арга хэмжээ авсны дүнд бүс нутагтаа загвар улс болж чадсан. Тиймээс тэд ч бас манай улсын туршлагаас суралцах байх. Саяхан бидний хийсэн судалгаагаар манай улсын хүн амын 9.6 хувь нь элэгний С вирустэй, үүнээс гуравны хоёр нь идэвхжилтэй гэж гарсан.
Өөрөөр хэлбэл, хүн амын долоон хувь нь С вирусийн үрэвсэлтэй байгаа юм. Тэднээс 10-аад мянга нь эм ууж, вирусээ устгасан гэж үзвэл дунджаар 200 гаруй мянган хүн элэгний С вирустэй байна.
-Энэ хурлыг зохион байгуулахын тулд ямар шаардлага хангадаг бол?
-Ази, Номхон далайн элэгний эмгэг судлалын холбооныхон хурал зохион байгуулах улсыг сонгон шалгаруулдаг. 2014 онд манай улс Японтой өрсөлдөөд энэ эрхийг авсан. “Монгол Улсад элэгний С вирусийн халдвар өндөр, авч буй арга хэмжээ нь сайн байгаа учраас сонгосон” гэж тэд хэлсэн. Мөн дэд бүтэц хөгжсөн, улс төрийн нөхцөл байдал тогтвортой, аюулгүй байдлыг харгалзан үзсэн.
-Ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Гадна, дотнын нийлсэн 500 орчим зочин төлөөлөгч хуралд оролцох юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй профессорууд элэгний хорт хавдар, хатуурал, В, D вирусийн хавсарсан, В, С болон D вирусийн гурвалсан халдвар зэрэг сэдвээр илтгэл тавьж, улсдаа хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрөө танилцуулж, дэлхийн хэмжээний эмчилгээ, оношилгооны удирдамж, тэдгээрийн харьцуулалт, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй ярилцана.
Тиймээс манай эмч нар богино хугацаанд маш их мэдээлэл олж авах байх. “Глобал” сан энэ хуралд оролцож байгаа учраас ДОХ-ын болон В, С вирусийн хавсарсан халдварын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэх болов уу. Ерөнхийлөгч нээлтийн ажиллагаанд оролцож үг хэлэхээр болсон нь хурлын цар хүрээ, нэр хүнд, ач холбогдлыг тодорхойлж байгаа юм.