Бэлтгэсэн: Г.Цэцэг, Г.Равжаа, З.Амгалан, Ж.Сувдмаа
Осоржамаа гэдэг хүү сүүлийн хэд хоног олон нийтийн сүлжээнд “од” болжээ. Фэйсбүүк хуудастаа оруулсан бичлэгийг нь хэдхэн цагийн дотор 300 гаруй мянган хүн үзэж, хоёр сая гаруй сэтгэгдэл бичсэн байх юм. Түүний хийсэн лайв (фэйсбүүк хуудас дахь бичлэг)-ыг үзлээ. Зарим хүн түүнд хайраа илчилж, өхөөрдсөн байв. Харин зарим нь сэтгэцийн өвчтэй, бүр цаашлаад трансжендер гэх зэргээр доромжилжээ.
Гэтэл Осоржамаа тэр “зэрлэгүүдэд” “Боловсролгүй гэдгээ чи бүх нийтийн өмнө дэлгэж байна. Миний яриа утгагүй байвал үзэх албагүй. Муухай хараал хэлж өөрийгөө “доош нь хийх” шаардлагагүй шүү дээ” гэх часхийсэн хариулт өгсөн байв. Үүгээрээ тэр цахим гадуурхлын золиос болсонгүй. Өөрт нь хамааралгүй байтал бусдын хэрэгт хошуу дүрж, эсвэл хэн нэгнийг санаатай гутаан доромжлох үзэгдэл манай цахим хэрэглэгчдийн дунд идээ бээр мэт бугшив.
2012-2016 онд амиа хорлосон 92 хүүхдийн 23 нь үеийнхнийхээ доромжлолыг тэсэж чадалгүй үхлийг сонгосон гэх статистик бий.
Харин өдгөө махлаг, харааны шил зүүдэг, бүрэг ичимхий, хөгжлийн бэрхшээлтэй, гэр хороололд амьдардаг хүүхдүүд л цахимд орчинд доромжлуулж, нийгмээс тусгаарлагддаг гэж ойлгож болохгүй нь. Байнга болон хүссэн үедээ үйлдэж болдог эл гэмт хэрэг хүрээгээ тэлсээр өөрийн үзэл бодолдоо үнэнч, бусдаас өөр сонирхолтой хэн бүхнийг онилж эхэллээ.
Шуудхан хэлэхэд ирээдүйд та бидний үрсийг бүдүүлэг, үзэн ядалт, хорслоор дүүрсэн бодолтой, араатан шиг хүмүүстэй нийгэм хүлээж байна гэсэн үг.
Сэтгэлзүйчдийн хэлж буйгаар гадуурхаж, бусдыг үхэлд хүргэх гэмт хэргийг бүхий л насныхан үйлддэг аж. Хүмүүс эд хөрөнгөөрөө гайхуулж, таашаал авдаг болсноос хойш гадуурхал гэх гэмт хэрэг гаарчээ. Сүүлийн жилүүдэд ялангуяа, өсвөр насныхан томчуудын материаллаг зүйлийг шүтэх нөлөөнд автаж өөрийгөө хамгийн чухал хүнд тооцох сэтгэцийн эмгэгтэй болж, бусдыгаа доромжилдог болсон талаар “Биеэ тоох вирус” нийтлэлээрээ бид хөндөж байв.
Хэн, хэзээ цахим орчинд доромжлуулж, бусдын тохуу болсныг илрүүлж, гэмт этгээдийг шийтгэх боломж байхгүй гэдгийг цагдаагийнхан хэлж буй. Эл хэргийг үйлдэж буй хүмүүс далд буюу хаалттай бүлэг үүсгэж, бусдыг гүтгэн, доромжилдог. Түүнийг нь маш олон хүн хуваалцдаг учир устгах боломжгүй. Үүнийг зогсоох гарц нь хүмүүсийн цахим боловсролыг дээшлүүлэх гэдгийг хэлэх хүн олон.
Дэлхийн бусад орнуудтай харьцуулбал манай улсын иргэдийн цахим боловсрол 15 жилээр хоцорч яваа аж. Гэтэл мэдээллийн технологи бараг л гэрлийн хурдаар урагшилж байдаг. Бид өдгөө ухаалаг утсаа ашиглан зурагтаа асааж, кофе чанагчаа ажиллуулдаг болсон нь үүний нотолгоо. Бас бодлогын баримт бичиг боловсруулах, эсрэг арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулах цаг үлдээгүй шүү гэдэг анхааруулга.
Бусдыгаа доромжилж, гадуурхдаг хүүхэд архи, тамхинд донтож, ирээдүйд дотнын хүмүүсээ дарамталдаг болно. Харин тэдний золиос болсон багачууд амиа хорлодоггүй юм аа гэхэд, нийгмийн идэвхгүй, ганцаардмал нэгэн болж төлөвшинө. Гэхдээ бүгд Осоржамаа шиг хэдэрлэж, сөрөөд тэднийг тоохгүй өнгөрөөж болох л юм. Даанч тийм биш нь харамсалтай.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
С.Ариунболор: “Цэнхэр халим” тоглоомтой холбоотой 2-3 бүлэг байсныг шалгаад, хэргийг нь хаасан
Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч С.Ариунболороос цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Цахим хэрэглээ өргөжихийн хэрээр сөрөг үзэгдэл, гэмт хэрэг их гарах болсон. Танай албанд цахим орчинд үйлдэгдсэн хэчнээн хэрэг бүртгэгдээд байна вэ?
-Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн талаар судалгаа хийхэд 2013-2016 оны байдлаар манай албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 470 өргөдөл, гомдол ирсэн байна. Үүнээс 200 гаруйд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.
-Хэрэг үүсгэснийх нь дотор цахим гадуурхалд өртсөн тухай гомдол бий юү. Ер нь ямар хэргүүд байсан бол?
-Ихэвчлэн оюуны өмчийг хууль бусаар ашигласан, цахим орчинд компани, аж ахуйн нэгж, хувь хүний нэр төрийг гутаан доромжилсон тухай байсан л даа. Таны хэлж буй цахим гадуурхалтай холбоотой асуудал анхаарлын гадна үлдээд байгаа юм. Яагаад гэхээр сургуульдаа, анги, бүлэгтээ фэйсбүүкийн хаалттай групп үүсгээд түүн дотроо янз бүрээр нэгнийгээ доромжлох, гадуурхах явдал гараад байдаг юм билээ.
Үүнээс нь болоод сурагчид сургуулиа орхиж, шилждэг юм байна. Энэ чиглэлээр БСШУСЯ-ныхан маш нарийн судалгаа хийсэн байсан.
Цахим орчноос болоод хүүхэд амиа хорлосон тухай мэдээлэл гардаг ч цагдаагийн байгууллагын шалгалтаар энэ нь тогтоогдоогүй.
-Цахим гадуурхалд өртөх явдлыг хэн анхаарч, хяналт тавих ёстой вэ?
-Эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих анхаарал халамж сул байгаагаас цахим гадуурхлын золиос болох эрсдэл байгааг үгүйсгэхгүй. Тиймээс аав, ээж нь хүүхдүүдтэйгээ сайтар ярилцаж, сургууль орчинд нь юу болж байгаа талаар мэдээлэл авч байх нь чухал. Өнөөдөр манай эцэг эхчүүд яаж байна вэ гэхээр бага ангид нь хүүхдэдээ маш сайн анхаарал тавьдаг атлаа дунд ангид орохоор зөнд нь хаячихдаг шүү дээ.
Энэ үеэс л хүүхдүүд нэгнээсээ зөвлөгөө мэдээлэл авч эхэлдэг. Цаашлаад нэгнийгээ хэрэгт уруу татаж болзошгүй байдаг. Тиймээс эцэг эхчүүд http://cybersafety.mn/ цахим хуудсанд байгаа зөвлөгөө, мэдээллийг сайтар уншиж судлан хүүхдэдээ цахим орчинтой харилцах зан төлөв суулгах хэрэгтэй юм.
Манай улсад 2016 оны эцсийн байдлаар интернэт хэрэглэгч 2.5 сая иргэн байна. Үүний 90 хувь нь Улаанбаатарт, үлдсэн нь хөдөө орон нутагт байдаг гэсэн статистик бий. Ийм нөхцөл байдалтай байгаа учраас цахим орчинд хүүхдийг хамгаалах талаар анхаарах нь чухал болсон.
-Хүүхдүүд нэг нэгэндээ даалгавар өгч гэмтээх, амиа хорлоход хүргэдэг “Цэнхэр халим” гэх олон нийтийн цахим тоглоом хойд хөршид ихэд дэлгэрээд байгаа. Манай залуусын элссэн хэд хэдэн бүлгийг хаасан гэв үү?
-Уг тоглоомтой холбоотой 2-3 бүлэг байсныг ЭЦА-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаад хаасан. Эдгээр бүлэгт өсвөр үеийнхэн голдуу элссэн байв. Гишүүнээр элссэн хүүхдүүд нэгэндээ сонирхлын журмаар л даалгавар өгсөн гэж тайлбарлаж байгаа.
ИНФОГРАФИК
БАЙР СУУРЬ
Цахим ертөнцөөр биенээ баян, ядуу, царай зүс, өмссөн зүүснээр нь гадуурхаж, сэтгэл санааны хямралд оруулдаг өсвөр насныхан олширсон. Энэ талаар эцэг, эх, багш, сурагчдын байр суурийг сонслоо.
ЭЦЭГ, ЭХИЙН ОРОЛЦОО МАШ ЧУХАЛ
Я.ҮҮРЦАЙХ (Сүхбаатар дүүргийн III сургуулийн нийгмийн ажилтан):
-Энэ оны нэгдүгээр улирлаас нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Боловсролын газар хамтран “Цахим гадуурхал цаашаа” аян өрнүүлсэн. Аяныг сарын хугацаатай зарласан ч сэдэв, агуулга нь чухал учраас өнөөг хүртэл үргэлжлүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн бүх сургууль сурагчдынхаа дунд цахим гадуурхалтай холбоотой сургалт зохион байгуулж, хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон мэдээлэл өгч буй. Манай сургуулийн хувьд багш, сурагч, эцэг эхчүүдийн хүсэлтээр “Цахим ертөнцийг хэрхэн зохистой ашиглах вэ” гэсэн сургалт явуулж байна.
Цахим ертөнцийн хэрэглээнд хяналт тавьж, үр дүнд хүрэхийн тулд зөвхөн сургууль гэлтгүй эцэг эхийн оролцоо маш чухал. Учир нь хүүхдүүд сургуулийн орчинд гар утас, интернэт ашиглахгүй байсан ч гэртээ, гадуур юу хийж явааг таах аргагүй. Тиймээс эцэг, эх нь хүүхэдтэйгээ сайн ярилцаж, хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Хүүхдийнхээ хэнтэй харилцаж, ямар цахим хуудсанд нэвтэрч буйг тогтмол хянах шаардлагатай. Эцэг, эхчүүд завгүй, хүүхдээ тоохгүй бол дотоод сэтгэлээ хэн нэгэнтэй хуваалцахын тулд сурагчид цахим хуудсаар хүмүүстэй холбогддог. Тиймээс долоо хоногт ядаж нэг удаа хүүхдийнхээ гар утсыг шалгаж, сэжигтэй үйлдэл байвал таслан зогсоох арга хэмжээ авах нь зүйтэй.
ӨСВӨР НАСНЫХАНД УХААЛАГ УТАС ХЭРЭГГҮЙ
Ч.ДАРЬСҮРЭН (Чингэлтэй дүүргийн иргэн):
-Цахим гадуурхал гэж одоо л сонсож байна. Манай хоёр хүүхдийн нэг нь XII, нөгөө нь IX ангид сурдаг. Тэд ухаалаг утас барьдаггүй. Заримдаа миний утсыг ашигладаг. Тэр үед нь үргэлж анхаарал тавихыг боддог. Өдөр болгон биш ч долоо хоногт нэг, хоёр удаа шалгадаг. Ямар нэгэн зүй бус үйлдэл, сэжигтэй зүйл байдаггүй. Манай хүүхдүүд харьцангуй даруухан болохоор тэр юм болов уу.
Сургуулиас “Нээлттэй хичээл” хийх зэргээр эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ боловсролд анхаарах цаг гаргадаг нь зүгээр санагддаг. Тийм үед алгасалгүй хичээлд нь суудаг. Ажиглаад байхад ангийнхан нь хэсэг хэсгээрээ бүлэг болж, нийлдэг юм билээ. Хэрэв миний хүүхдүүд хэн нэгнийг гадуурхан, эсвэл сэтгэлзүйн дарамтад орвол хамгийн түрүүнд ухаалаг утасны хэрэглээг нь хязгаарлах байх. Ер нь өсвөр насны хүүхэд ухаалаг утас барих шаардлагагүй гэж боддог. Мөн хүүхэдтэйгээ сайн ярилцаж, дотно байх нь чухал.
ЦАХИМ ГАДУУРХЛЫН ТАЛААР МЭДЭХГҮЙ
Б.ЗАЯА (110 дугаар сургуулийн VIII ангийн сурагч):
-Цахим гадуурхал гэж юу байдгийг мэдэхгүй. Манай ангид л лав тийм зүйл байдаггүй. Гэхдээ өнгөрсөн намар манай дээд ангийн Н гэдэг охинд нэг таагүй явдал тохиолдсон. Есдүгээр сарын 1-нд ирэхдээ үсээ хусуулчихсан байсан чинь хүүхдүүд түүнийг “Өөрөөсөө ах хүнтэй уулзаж, буудалд байж байгаад аавдаа баригдсан. Аав нь уурлаад үсийг нь хусчихсан” гэж яриад, фэйсбүүкт тараачихсан. Тэр охин ариун цэврийн өрөөнд “Тийм зүйл болоогүй ш дээ” гээд уйлж байхыг би сонссон. Тэр үед сайн таньдаггүй байсан болохоор хүний хэрэгт оролцохгүй гээд тоогоогүй юм. Гэтэл түүнтэй найзалдаг байсан охид нь зайгаа барьж, элдвээр хэлж эхэлсэн. Уг нь тэр сургуулийнхаа царайлаг, боломжийн айлын хүүхдүүдтэй найзалдаг байсан. Дараа нь би Н-тэй найзалдаг болоод яагаад үсээ хусуулсныг нь асуухад “Хүүхдүүд худлаа цуурхал тараасан. Үсээ хусуулбал хурдан ургадаг гэж ээж хэлсэн учраас тэгсэн юм...” гэж хариулсан.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Монголчуудын цахим боловсрол бусад улсаас 15 жилээр хоцорсон
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Р.Эрдэнэбилэгээс цахим орчны боловсрол, гадуурхлын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Хүмүүс цахим орчинд бусдын талаар ташаа мэдээлэл түгээх, түүнийг хуваалцах “донтой” боллоо. Үүнийг шийдвэрлэх гарц нь цахим боловсрол олгох явдал. Энэ чиглэлээр сүүлийн үед ямар ажил хийж байна вэ?
-Бид ерөнхий боловсролын сургуульд сургалт зохион байгуулсан. Гэхдээ үр дүн гараагүй. Тиймээс мөрийн хөтөлбөр гаргах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь хүүхдүүд цахим орчинд чөлөөтэй нэвтэрч, хууль бус мэдээлэл татаж үзэхээс эхлээд өөрийнхөө хувийн мэдээллийг байрлуулан, гэмт хэргийн золиос болдог. Тэгэхээр тэдэнтэй хамгийн ойроос харилцдаг эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийг сэргийлэх ажилд татан оруулах шаардлагатай. Интернэтэд хэрхэн ажиллах, сонирхож буй мэдээллийг нь олоход туслах зэргээр зөвлөгөө өгөх замаар тусалбал эл сөрөг хандлага буурна.
-Манай улсын иргэдийн цахим боловсрол бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд байгаа бол?
-Ажил мэргэжлийн онцлог, шаардлагаас хамааран ийм боловсрол эзэмшсэн цөөн хэдэн хүнийг эс тооцвол ихэнх нь боловсролгүй гэж хэлж болно. Бусад оронтой харьцуулбал 15 орчим жилээр хоцрогдсон. Бид харилцаа холбоо, мэдээллийн технологийн зуунд амьдарч байна. Гэтэл өнөөгийн нөхцөл байдал эмзэг түвшинд байгаа. Тиймээс төрийн бодлогын түвшинд авч хэлэлцэх хэрэгтэй.
-Нөхцөл байдал ийм байгаа нь үүнийг анхаардаг байгууллага, албан тушаалтан хомс буйтай холбоотой юу?
-Манай газрын зүгээс бусад байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн. Сургалт, сурталчилгааг ч шинэлэг байдлаар зохион байгуулна. Байгууллагууд бие дааж бус, уялдаатай ажиллаж байж л энэ асуудлыг шийдэх болов уу.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Хүүхдийн зан байдал эрс өөрчлөгдвөл мэргэжилтэнд хандахыг зөвлөдөг
Хүүхэд сониуч, гэнэн итгэмтгий зангаасаа болж халдлагад өртдөг. Өдгөө дэлхий даяар өсвөр үеийнхний аюулгүй байдалд халдсан цахим тоглоом, хаалттай группийн тухай өч төчнөөн мэдээллийг насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүд ч авч байна. Цахим сүлжээ дэлхийг хавсан өнөө цагт бараг улс болгон кибер аюулгүй байдлын хуультай болжээ. Харин хүүхдүүд, өсвөр үеийнхний аюулгүй байдлыг хангахын тулд олон улсын мэргэжилтнүүд зөвхөн хуульд найдах бус, эцэг, эхийн хариуцлагыг өндөржүүлэхийг зөвлөжээ. Хүүхэд жирийн үед болон интернэт орон зайд цагийг хэрхэн өнгөрүүлж буйг эцэг, эх л ажиглах боломжтой. Шилжилтийн, бас хүнд үе гэгддэг өсвөр насны хүүхдэдээ итгэх итгэлээ ээж, аавууд алдахгүй байх хэрэгтэйг сэтгэл судлаачид зөвлөсөн байна. Хичээл номдоо шамдахгүй, гэртээ хүүхдээс гарахааргүй авир гаргаж, үе тэнгийнхэнтэйгээ үл ойлголцдог болбол мэргэжилтэнд хандах цаг болсныг илтгэж буй.
Гадаадын орнуудад хүүхдийг сэтгэл зүйн хувь дэмждэг бүхэл бүтэн сүлжээ ажилладаг. Сургуулиудад нь нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид ажилладаг бол заримд нь сэтгэл зүйн хичээл орж, шийдэхэд бэрх нөхцөл байдал үүссэн үед хэрхэн даван туулахад сургадаг гэнэ. Мөн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх утас үйлчилж, хүүхдүүдэд төдийгүй эцэг, эхэд нь зөвлөгөө өгдөг байна. Уг утсаар сэтгэл зүйч төдийгүй тухайн улсын кибер гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагын ажилтнуудад хандах боломжтой. Чухам тэд хэдхэн минутын дотор сэжиг бүхий групп, эсвэл цахим хуудсыг хааж чадах аж. Үүнд шүүхийн ямар ч шийдвэр шаардагдахгүй.
Үүний сацуу эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ цахим ертөнцийг хэрхэн ашиглах сэдвээр илэн далангүй ярилцаж, мэдээлэл болгоны дор сэтгэгдлээ хуваалцах шаардлагагүйг тайлбарлан ойлгуулах хэрэгтэй. Гудамжинд тааралдсан танихгүй хүнийг тэвэрдэггүйтэй адил таньж мэдэхгүй эх сурвалжийн мэдээллийн доор илэрхийлсэн сэтгэгдэл нүд ирмэх зуурт цахим халдлагын бай болохыг судлаачид сэрэмжлүүлжээ.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
“БИД ЗҮГЭЭР Л ХӨГЖИЛДДӨГ”
Германы нэрт эрдэмтэн, Нобелийн шагналт бактериологич Роберт Кох “Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй шинэ үеийн хэрэгцээ, сонирхлоосоо болж хүн төрөлхтөн өөрсдийгөө боомилох нь гарцаагүй” хэмээсэн нь техник технологийн үсрэнгүй хөгжилд “дарлуулсан” өнөөгийн байдлыг зөгнөсөн мэт. Насанд хүрэгчид төдийгүй бага, өсвөр насны хүүхдүүд ч технологийн хөгжлийг шүтэн, хэн нэгний бүтээсэн хийсвэр ертөнцөд “амьдарч”, өөрсдийгөө боомилж байна.
Тэд цахим орчныг бусдыг элдвээр гутаан доромжлох, ялгаварлах, гүтгэх, дээрэлхэх, айлган сүрдүүлэх хэрэгсэл болгов. Ийм үзэгдэл ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд газар аваад буй. Цахим гадуурхал гэгч эл “өвчний” талаар хүүхдүүд хэр мэдээлэлтэй байгааг сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийг зорилоо. Эл сургуулийн сурагчдыг цахим гадуурхалд хамгийн их өртдөг хэмээн нийслэлийн Боловсролын газраас дүгнэсэн юм.
Цахим гадуурхал гэж юу болох талаар тус сургуулийн 10 дугаар ангийн таван сурагчаас асуухад “Хүнийг ялгаварлаж харилцах, тойрон хүрээлэл бий болгох, эвгүй байдалд оруулах” гэсэн нийтлэг хариулт хэлэв. Харин өөрсдөө хэн нэгнийг ялгаварлаж, доромжилж, эсвэл цахим гадуурхалд өртөж байсан, эсэхийг лавлахад “Бид зүгээр л хөгжилдөж, маазрах зорилгоор фэйсбүүкт нэгнийгээ “явуулдаг”. Түүнээс биш хэргээр гутаан доромжилж, гадуурхдаггүй” гэлээ. Угтаа энэ үйлдэл нь хэн нэгнийг гомдоож, эвгүй байдалд оруулан, доромжилж буйгаас ялгаагүй, цахим гадуурхлын бас нэг хэлбэр.
Гэвч сурагчид энэ талаар мэдлэггүйгээс “Бид зүгээр л хөгжилддөг” хэмээн ярьж сууна. Ийм үзэгдэл тус сургуульд түгээмэл байдаг бололтой. 11 дүгээр ангийн сурагч А.М “Нэг найзынхаа суниаж байгаа зургийг ангийнхаа фэйсбүүк группэд оруулаад “Би турна аа, харвин цаашаа шүү” гэж постолчихсон юм. Уг нь ангийнхнаа хөгжөөх гэж ингэсэн л дээ. Гэтэл маргааш нь тэр зургийг хэн нэг нь сургуулийн өөр нэг группэд нийтэлснээс болж бөөн асуудал үүссэн. Тэр найз маань үүнээс болоод хэдэн өдөр хичээлдээ суугаагүй. Ээж, аав нь бидэнтэй ирж уулзсан. Ер нь хүүхдүүд нэгнийгээ тарган, туранхай, царайны бядгүй энэ тэр гэж их ялгаварладаг” хэмээн ярив.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнээ гадуурхаж, доромжилдог гол талбар нь фэйсбүүк групп. Ингэхдээ найз нөхөд, анги, бүлэг, сургуулиараа групп байгуулдаг гэнэ. Тэр ч бүү хэл, хүүхдүүд царай зүс, амьдралын түвшин, сурлага, үзэл бодлоороо ялгаран “вакуум” орчин бий болгодог аж. 16 дугаар сургуульд ч ийм групп хэд хэд байдаг. Ийм группүүдэд бусдын зургийг зөвшөөрөлгүйгээр авч нийтлэх, доромжлох нь энүүхэнд бололтой.
12 дугаар ангийн сурагч М “Нүдний шил зүүдэг хүүхдүүдийн “Дөрвөн нүдэт”, өндөр, царайлаг охид, хөвгүүдийн “Сорууд”, спортлог сурагчдын “Спорт-лагууд” зэрэг янз бүрийн групп байдаг. Тэнд дандаа хүүхдүүдийг шоглосон зүйлс бичиж, зураг нийтэлдэг юм билээ. Ангийн группэд багш байдаг болохоор арай дэгтэй” гэж ярилаа. Цахим гадуурхлаас өөр нэг “эмгэг” тус сургуульд газар авсан нь анги, бүлгээрээ талцан “байлдах” гэнэ. Биднийг очих үеэр нэг эмэгтэй сургуулийн өмнөх талбайд хэдэн сурагчийг өмнөө зогсоочихсон орилж хашгиран, “бөнжигнүүлж” харагдав. Сураглавал, 12 а, б ангийнхан зодолдож, танхайрчээ. Түүний хүүг хэдэн сурагч бүлэглэн зодож, хэвтэрт оруулсан юм байх.
Тус сургуулийн сурагчидтай уулзаж, ярилцахад цахим гадуурхал гэж юу болох талаар ойлголт, мэдлэг дутуу байгаа нь илт. Сургуулийн ойр орчимд ч компьютер тоглоомын газар цөөнгүй гэх. Гэтэл сурагчдад энэ чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгоход сургуулийн багш, удирдлага анхаардаггүй нь хачирхалтай. Сургалтын менежертэй нь уулзахад “Шалгалт эхэлчихсэн тун завгүй явна” гээд үл тоомсорлов.
16 дугаар сургуулиас холгүй орших, математик, англи, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Шинэ зууны удирдагч” ахлах сургуулийн сурагчидтай ярилцахад ч цахим гадуурхлын талаар төдийлөн сайн мэдэхгүй байв. Тус сургуулийн сурагч А “Өмнө нь Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуульд сурч байхад энэ талаар хичээл заадаг байсан учраас тодорхой ойлголттой байдаг. Ер нь сургуулиуд гэлтгүй цахим орчинд хүүхдүүд бие биенээ дээрэлхэж, гадуурхах нь олон. Сүүлийн үед компьютер тоглоомд донтсон хүүхдүүд нэгнээсээ acc (account) авах, хулгайлахын тулд дээрэлхэж, сүрдүүлэх нь ихэссэн” гэв.