Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр “Удирдах албан тушаал хашиж байгаа аль ч хүний эдлэх эрх, үүрэх үүрэг нь томилгоо юм. Тэнгэрээс буугаад дарга болсон нэг ч хүн байхгүй. Бүгд л удирдлага, хамт олны дэмжлэгээр дэвшиж, ахиж байдаг” хэмээн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Төрийн, намын шугамаар томилгоо явдгийг энэ эрхэм сануулсан юм. Улс төрийн албан тушаалтан л биш бол энгийн төрийн албан хаагчид ямар ч нам ялснаас үл хамаараад тогтвортой ажиллах ёстой тухай олон жил ярьж буй. Гэвч ажил болсон нь үгүй. Ялсан нам томилгоогоо хийдэг, хуйгаар нь өөрчилдөг “ёс” тогтоод удаж байна.
Улс төр, намаас хараат хөдөлгөөнийг “зогсоох” зөв мэт зорилготой ч олон хардлага дагуулсан нэгэн хуулийн төслийг УИХ эдүгээ хэлэлцэж байна. Энэ бол Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Гишүүн Д.Тогтохсүрэн нарын санаачилсан уг төсөлд Төрийн албаны зөвлөлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд авч, “харж халамжлах” зорилго тусгасан нь анхаарал татаж буй юм. Анхаарал, халамж хэтрэхээрээ асуудал дагуулдаг тохиолдол цөөнгүй.
НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХЛОХ УУ
1994 онд анх баталсан Төрийн албаны тухай хуульд улстөрчид “гар хүрэх” дуртай. 2002 оноос хойш уг хуульд том, жижиг нийлсэн өөрчлөлтийг 20-иод удаа оруулсан нь үүнийг батална. Манай улс 180 гаруй мянган төрийн албан хаагчтай. Тэдний хүсэл сонирхол, цалин, тэтгэмжид улстөрчид байнга “санаа зовж”, сонгуулиас сонгуулийн хооронд өөрчлөн “тоглож” байдаг. Төрийн албан хаагчдын тэтгэмжтэй холбоотой заалтад л гэхэд 2008 оноос хойш таван удаа “засвар” хийсэн байх юм.
Улсын төсөв батлах үеэр ч тэтгэмжийн хэмжээг хасна, хасахгүй гэсэн маргаан сөхөгдөөд авсан. УИХ-ын гишүүн асан М.Батчимэг “Үндэсний аюулгүй байдлын хамгийн том асуудал бол төрийн доройтол буюу төрийн албаны чанар болоод байгаа. Төрийн алба улстөрчдийн талбар болоод хувирчихсан. Муухайгаар хэлбэл, тэдний гарын шүүс болоод дуусаж байна. Энэ нь төрийн албаны өөрийнх нь алдаа гэхээсээ илүү улстөрчидтэй шууд холбоотой” хэмээн хэлжээ.
Уг хуулийг 2008 онд шинэчлэн найруулсан. Ингэхдээ төрийн албан хаагчид намын гишүүнээс түдгэлздэг байх зэрэг дэвшилттэй зохицуулалт оруулсан юм. Уг хуулийг “Сайн хууль” хэмээн үнэлдэг хүн олон. Гэвч хэрэгжүүлэх тухайд асуудалтай байгаа нь нууц биш. Дутууг нь засаж, хэрэгжихгүй байгааг нь ажил болгох ёстой. Гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж болохгүй. Эл шаардлагыг одоо УИХ-аар хэлэлцэж буй төсөл хангах уу.
Энэ удаагийн төсөлд Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн цөөнгүй заалт байгаа аж. Уг төслийг хэлэлцэхийг УИХ-аар дэмжээд буй юм. Санаачлагчид “Уг төслийг баталснаар улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэнэ” хэмээн хэлэлцүүлгийн явцад хэдэнтээ онцолсон. Тэгсэн атлаа Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийн чиг үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шилжүүлэхээр төсөлд тусгасан нь зорилгынхоо эсрэг алхам болж харагдаж буй юм.
Тус зөвлөлөөс төрийн албан хаагчид, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтыг хариуцан зохион байгуулдаг. Гэтэл ЗГХЭГ-ын мэдэлд ТАЗ орвол энэ бүхэнд нөлөөлөхөд хүрнэ. ТАЗ бие даасан, хараат байдлаа алдана гэсэн үг. Үүнийг саяхан болж өнгөрсөн хэлэлцүүлгийн үеэр тус Зөвлөлийн гишүүн байсан эрхмүүд онцлон сануулсан билээ.
Төрийн албаны тухай хуулиас:
30.2. Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
/Энэ хэсэгт 2003 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2008 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт, 2009 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2016 оны есдүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Сөрөг хүчин ч уг хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж буй. Нэг үгээр бол төрийн албыг ТАЗ хянадаг, ТАЗ-ийг Засгийн газар чиглүүлдэг болж хувирах нь. ЗГХЭГ-ын дарга нь УИХ-ын гишүүн. Ийм байхад төрийн алба улс төрөөс ангид байна гэхэд итгэх хүн олдох болов уу.
Сонгуулиас сонгуулийн хооронд өрнөдөг халаа, сэлгээг үгүй болгохын тулд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг зургаан жилээр томилох тухай заалт уг төсөлд бий. Тэднийг дагаад захиргааны албан хаагчид тогтвортой ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж буй юм. Уг нь зөв санал мэт. Гэвч үүний ард “МАН эрх барьж байх үеийнхээ албан хаагчдыг төрийн албанд дархлах нь” гэсэн хардлага бас байна.
Өөрөөр хэлбэл, шинэ, чадварлаг боловсон хүчинд боломж хаагдах эрсдэл бий гэнэ. Төрийн албаны зөвлөл долоон гишүүнтэй. Үүнд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус бүр нэг төлөөлөл багтдаг. Үлдсэн гурван хүн нь нэг нутгийн болон ангийнх байж болохгүй тухай заалтыг дээрх төсөлд тусгасан нь Үндсэн хууль зөрчиж буй аж.
Ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй гэсэн зорилготой байж болох ч хуульд шууд ингэж тусгах нь бусдыг хамт суралцаж байсан, эсвэл нэг нутгийнх гэдгээр нь ялгаварласан хэрэг болно хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байна.
ЭХЛЭЭД ҮНДСЭН ХУУЛЬ
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж буй. Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлэн хийвэл төсөв хэмнэнэ гэж байв. Гэвч цаг хугацааны хувьд амжихгүй, сонгуулийн сүрд дарагдаад, бэлгэдлийн төдий ажил болж дуусна гэсэн шүүмжлэл гарсныг эрх баригчид хүлээж авчээ.
Үүнийг ирэх аравдугаар сард явуулах бололтой. Үндсэн хуульд төрийн албатай холбоотой олон зохицуулалт бий. “Эцэг” хуулийг өөрчилбөл бусад хуулийг ч түүнд нийцүүлэх учиртай болно. Тиймээс Төрийн албаны тухай хуульд энэ бүхний дараа даацтай өөрчлөлт оруулах нь зөв гэсэн байр суурьтай хүн олон байна.
Өнөөдөр хэсэг заалтыг нь өөрчилнө, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа дахин “засварлана”. Ингэж олон ажил хийж, 2008 оны боломжийн гэдэг үнэлгээтэй хуулийг “сэглэх” учиргүй. Үүний оронд ТАЗ-ийн үе үеийн гишүүн, дарга байсан хүн, мэргэжлийн салбарынхны санал бодлыг тусгаж, сайтар шүүн тунгааж байгаад батлах учиртай.
Ерөнхийлөгчийн санаачилсан бас нэг төсөл уг нь бий. 2015 онд УИХ-д өргөн барьсан уг төслийг хэлэлцэхийг тухайн үед нь парламент дэмжсэн. Үүнийг хаа очиж бодлогын гол өөрчлөлтүүдийг оруулсан, сайжруулсан заалттай хэмээн мэргэжлийнхэн нь үнэлж буй юм билээ. Тиймээс уг төслийн гол санаанд тулгуурлаад нэмэлт, өөрчлөлт оруулъя гэсэн саналыг УИХ дахь АН-ын бүлгээс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр ч мэргэжлийн хүмүүс хэлж байсан.
Юутай ч улстөржилтийн золиос болоод байгаа төрийн албыг буруу, булхайгаас нь цэвэрлэж, бие даасан, мэргэжлийн, хараат бус болгох ёстой. Үүний тулд ТАЗ-ийг хараат бус байх “хана” босгож өгөх хууль л хэрэгтэй. Харин “гэртээ” оруулж, хуулийн хүрээнд төрийн албаар наадах гэж буй бол ТАЗ-ийн хэрэг үгүй. Эсрэгээр түүнийг “татан буулгасан” нь дээр болно. Уг нь төрийн алба тоглоом биш шүү дээ.