Английн цагдаа нар Манчестерт болсон халдлагад сэжиглэж гурван хүн баривчилсан. Тэд Ливи гаралтай Их Британийн иргэн Салман Абедиг уг хэргийг гардан үйлдсэн гэж үзэж байна. Нийт 22 хүний амьдралаар тоглож, 59 хүнийг гэмтээсэн аймшигт аллагын үеэр ашигласан тэсрэх бөмбөгийг Исламын улсын нууц бүлэглэлд "үйлдвэрлэсэн". Өдгөө 22 настай Салман Абеди уг тэсрэх бөмбөгийг эцэг эхийнхээ төрсөн нутаг болох Ливигээс авчирсан гэж үзэж буй. Тэрбээр Манчестер дахь ази голдуу хөвгүүд явдаг Барнэйж Академигийн сургуульд суралцаж төгссөн аж. Сургуулийнхаа хөлбөмбөгийн багт тоглодог байсан гэнэ.
Түүнтэй холбоотой зураг олдсоны дараа цагдаагийнхан бусад хөвгүүдийг шалгасан бөгөөд сэжигтэнтэй ямар ч холбоогүй болохыг баталжээ. Найз нарынх нь мэдээлснээр сэжигтэн жилийн өмнөөс араб маягаар амьдарч эхэлсэн гэх бөгөөд чухам энэ үеэс л Исламын улсын нууц бүлэглэлд алан хядагчдыг сургаж байсан газарт хүмүүжиж эхэлсэн гэж үзэж буй.
Үүнтэй холбоотойгоор түүний амьдарч байсан байшинг цагдаагийнхан шалгалт хийж эхэлжээ. Тэрбээр Манчестерт халдлага хийхээсээ өмнө Ливи, Сири зэрэг дайны бүс нутагт байж, тэнд байхдаа тэсрэх бөмбөгтэй хэрхэн харилцах болон бусад зүйлсийг сурсан гэж албаны хүмүүс таамаглаж байгаа гэнэ.