Түрүүч нь № 114 (6107), 115 (6108), 117 (6110) дугаарт
БНСУ-ын Инчоны онгоцны буудлаас Австрали тивийг зорьж, арав орчим цаг ниссээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд Күинслэнд мужийнх нь Брисбэн хотод газардав. Тэнд өдгөө өвлийн улирал нь ч гэлээ 28 градус орчим байлаа. Манай зун шиг юм. Гэхдээ далайтай зарим газар шиг бүгчим биш. Энэ өдөр Австралид ANZAC (Australian and New Zealand Army Corps) хэмээх баяр тэмдэглэж байсан бөгөөд бүх нийтээрээ амарч, гудамж талбайгаар дүүрэн хүн парад сонирхож байв.
Энэ үеэр медалиа зүүсэн ахмадууд, залуус бахархалтай нь аргагүй жагсдаг байна. ANZAC-ын баярын өдрөөр Дэлхийн I дайны үед Туркийн Галиполид байлдаж амь үрэгдсэн Австрали, Шинэ Зеландын цэргүүдийн дурсгалыг хүндэтгэдэг аж. Өвөг дээдсийнхээ медалийг үр хойч нь зүүж, жагсдаг нь түүхээ марталгүй үлдэхэд чухал ач холбогдолтойг онцолмоор.
Брисбэн хотын гудамжинд хайж олъё гэсэн ч хог байсангүй. Гудамж, талбайд нь тамхи татаж байгаа хүн харагдсангүй. Зам нь өргөн биш ч түгжрэл гээд байх юм алга. Брисбэнд дугуйн зам хаа сайгүй. Дугуй жийх бол хамгаалалтын малгай заавал өмсөхийг шаарддаг. Таксигаар зорчвол хямд биш гэсэн төсөөлөлтэй очих нь дээр. Том оврын таксинд 10 хүртэл хүн суух боломжтой. Нэг ч хүн илүү тээвэрлэнэ гэж байхгүй. Нэг хүн нэмээд суучихъя гэвэл жолооч нь “Би жолооны эрхээ хасуулна” гэж хашгираад, харин ч нэг зөвшөөрөхгүй. Тэнд 22.00 цагаас хойш чимээ гаргахыг хориглодог бөгөөд хүний эрхийг алхам тутамд дээдэлдэг нь юухнаас ч анзаарагдана. Тиймдээ ч ижил хүйстнүүд бусдаас санаа зовдоггүй биз ээ.
Тэндхийн өртөг манайхтай харьцуулахад өндөр. Нэг лааз кока кола 2.5-3, жимсний шүүс 3.5, бургер 7-13, сэндвич дөрөв, зайрмаг тав, солонгос хоол 15-18 австрали доллар гэж багцаалдаж болно. Ресторанаар үйлчлүүлбэл дээрхээс хавьгүй илүү мөнгө төлөх нь мэдээж. Харин жимс нь хямд. Ер нь австраличууд хүнсний аюулгүй байдалдаа маш их анхаардаг юм байна. Бүх бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг. Тэгэхээр хятад жимс, “но”-той хүнс идчих вий гэж санаа зоволтгүй.
Австралийн хөрс үржил шимтэй учраас бараг тарьсан бүхэн нь ургадаг юм уу даа. Тиймээс ч гаднаас ямар нэг үр оруулдаггүй, “дархан” байдлаа хадгалахад онцгойлон анхаардаг тул жуулчдыг хил гаалиар оруулахдаа хатуу, хардангуй ханддаг. Эх газраас тусгаарлагдсан энэ улс муу муухайгаас бас хол газар ажээ. Ус дамжуулах хоолой нь маш цэвэр тул крантны ус уухад яах ч үгүй. Мөн гудамж, талбай дахь цоргоноос ус уух боломжтой. Харин Хятадад үйлдвэрлэсэн хувцас, эд зүйлс зарагдах нь бий. Гэхдээ стандартыг нь хатуу заадаг учраас “Made in China” ч гологдохгүй аж.
ХҮМҮҮС НЬ НАЙРСАГ
Цэцэгс алаглаж, моддын навчис сэрчигнэх гудамжаар нь зориулалтын зам дээр гүйж, дугуй унаж байгаа хүн Брисбэнд маш олон тааралдана. Гэхдээ хүнд жинтэй хүн цөөнгүй. Ногоон байгууламж бүхий талбай хаа сайгүй тул үр хүүхэд, гэр бүл, найз нөхөдтэйгөө тухлан амарна. Ресторанаас идэх, уух зүйлээ захиалаад, өвсөн дээр тухлангаа амрах ч боломжтой. Ийм тайван газарт иргэд нь бухимддаггүй байхдаа гэж атаархмаар. Тэндхийн хүмүүс найрсаг гэж жигтэйхэн. Гудамжинд зам хаагаад зогсож байсан ч “Уучлаарай” гэж хэлээд, зөрнө.
Брисбэнд мэргэжлээсээ хамаараад хүмүүс сард 4000-10.000 австрали долларын цалин авдаг бололтой. Орлогоос нь шалтгаалан татвар авдаг юм байна. Ер нь дундаж давхаргаа аль болох дэмжихийг зорьдог гэнэ. Тэнд хөгшид, бас ази хүн цөөнгүй. Тэр дундаа хятад, солонгосчууд олонтаа тааралдана. Австралийн Сиднейд орон сууцны дийлэнхийг хятадууд эзэмшдэг гэж сонссон. Ерөөс тус улсын боловсролын салбар нэр хүндтэй учраас олон орны залуус ирж суралцдаг. Күинслэндийн их сургууль гэхэд гадаадын 13.300 оюутантай. Залуусын олонх нь баасан гаригийг “шоудах”-гүй өнгөрөөнө гэж байхгүй гэхэд хилсдэхгүй.
Брисбэн гол урсах энэ хоттой танилцъя гэвэл “CityCat” гатлага онгоцоор үнэ төлбөргүй аялах боломжтой. Уг онгоц хэд хэдэн зогсоолтой бөгөөд буугаад хаана, юу үзэж болохыг мэдээллийн хуудаснаас нь харж болно. Ер нь брисбэнчүүд жуулчдыг хэрхэн татахаа маш сайн тооцжээ.
Өнгөрсөн сарын эцэст Брисбэн голын эрэгтэй ойролцоо орших “South Bank Parklands” хүрээлэнд “Буддагийн төрсөн өдөр” (Buddha birthday festival) наадам болсон юм. Дөрвөн сая хүн амтай энэ хотод буддын шашинтай хүн цөөнгүй бололтой. Буддын шашингүй ч сонирхолтой хөтөлбөрт нь татагддаг хүн цөөнгүй биз. Энэ үеэр буддизмын талаарх лекц сонсож, орон орны хоол амсаж, бэлэг дурсгалын зүйл худалдан авч, амьд хөгжмийн тоглолт үзэх боломжтой байв. Наадмын төгсгөлд Брисбэн голоор хөвөх усан онгоцноос 10 орчим минут ёслолын буудлага хийсэн нь сүртэй гэж жигтэйхэн. Эл арга хэмжээг үзэхээр жил бүр хэдэн мянган жуулчин Күинслэндэд ирдэг гэсэн.
Сидней, Мельбурний дараа гуравдугаарт эрэмбэлэгддэг Брисбэн хотоос гарч, Дарлинг Даунс бүсийн Түвүүмба хотхонд очиход (авто замаар гурван цаг орчим явна) ажин түжин, нам жим. Ер нь Австралид 18.00 цаг гэхэд харанхуй ноёлдог. Тиймээс дэлгүүрүүдийн дийлэнх нь 19.00 цаг гээд хаачихдаг. Харин үүрээр амьдрал бужигнаж эхэлнэ. Тус бүс нутаг үржил шимтэй газартай бөгөөд Түвүүмба хотхоны захад хөвөн цэцэглэж, талбай нь цайран харагдаж байлаа. Австраличууд хөвөнгөө экспортлоод, эргүүлээд Азийн орнуудаас хувцас авдаг байна.
Брисбэнээс гарч, жуулчдыг автобус, авто машинтай нь тээвэрлэдэг гатлага онгоцоор цаг орчим яваад Страдброк (Stradbroke) аралд очих боломжтой. Зах хязгаар нь харагдахгүй Номхон далай цэлийхийг хараад цэнхэр бөмбөрцөг ямар том юм бэ гэж дуу алдмаар. Хотын нүргээнт амьдралаас тусгаарлагдсан, дэлхийн хоёр дахь том элсэн арал гэсэн тодотголтой Страдброкын байгаль үзэсгэлэнтэй, хүн зон нь амар амгалан юм.
Аялал жуулчлалын энэхүү бүсэд имж, коала баавгай харж болно. Хүнээс айж үргэхээ больсон имж айлын байшингийн гадна хээв нэг хэвтэж харагдана. Австраличууд энэ амьтандаа жаахан дургүй мэт санагдсан. Газар тариалангийнх нь талбайг сүйтгэдэг учраас тэр байх л даа. Ингээд зогсохгүй имжний махыг хүнсэнд хэрэглэдэг юм байна. Навч хэвэн модон дээр хэвтэх, жижигхэн биетэй коала унтамхай гэж жигтэйхэн, эгдүүтэй амьтан байна лээ.
Өдгөө Страдброкод 300 орчим куандамоока овгийн уугуул иргэн амьдарч буй. Аялал жуулчлал, элсний уурхай бол тэндхийн оршин суугчдын мөнгө олдог гол салбар. Австралид уугуул иргэдийн эрхийг хамгаалдаг тул аливаа компани үйл ажиллагаа явуулахдаа тэдэнтэй заавал зөвшилцих ёстой.
Номхон далайд хамаагүй орвол хүнийг үхэлд ч хүргэж мэдэх аюултай амьтад бий гэсэн. Уг арал цөөнгүй нууртай. Тэдгээрийн нэг Бор нуурт очвол харин ямар нэг аюулгүй. Цагаан элсээр хүрээлүүлсэн уг нуурын эрэгт очих замд матар явж байгаа харагдсан. Тиймээс бас ч санаа амарч болмооргүй ч юм шиг. Тэндхийн багачууд харин матраас айх шинж ер алга.
ХУУЛИА ЁСЧЛОН БИЕЛҮҮЛДЭГ
Аливаа хуулийг хэрэгжүүлэхгүй бол хүмүүсийн хэтэвчтэй нь “ярьдаг” талаар Брисбэнд олон жил амьдарсан монгол хүн ярив. Жишээ нь, хурд хэтрүүлбэл 350 австрали доллароор торгодог хуультай. Мөн энэ талаар Күинслэнд дэх монголчуудын холбооны тэргүүн Л.Баттөгс “Цагдаа нар гудамжинд энгийн хувцастай явах нь бий. Гудамж, талбайд шүлсээ хаявал 170-240, ногоон гэрлээр гараагүй бол 250 австрали доллароор торгодог. Хэрэв төлөхгүй бол торгуулийн хэмжээ улам нэмэгддэг. Иймээс төлөхөөс өөр аргагүй” гэж ярилаа. Тус холбооныхон шинээр очсон оюутнуудад мэдээлэл өгч, завтай нь бусдынхаа хүүхдийг харж, байр олоход нь туслах зэргээр нэгнээ дэмждэг аж.
Монгол, Австрали улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож буй. Уул уурхайгаас босож, эдийн засгаа солонгоруулж, хүчтэй болгож чадсан тус улсын түүхий эдийн гол экспортлогч Күинслэнд мужид 500 орчим монгол хүн амьдардаг гэсэн багцаа тоо байна. Тэдний 300 гаруй нь оюутан. Зарим улсын иргэд Австралид жуулчнаар очоод 1-3 сар ажиллаад буцаж болдог байна.
Тэгвэл монголчуудад ийм боломж олгох талаар холбогдох хүмүүстэй хэлэлцэж буй талаар Монгол Улсаас Австрали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү дуулгасан юм. Түүний хэлснээр, Сиднейд өдөрт 20 монгол хүн шинээр очдог байна. Австралид Монголын хэдэн иргэн байдаг нь тодорхойгүй байгаа бөгөөд барагцаалбал 4500 орчим хүн байгаа гэсэн.
Элчин сайдын ярьснаар, ганц бие хүн Австралид очоод сурахынхаа хажуугаар амьдрах зардлаа олох боломжгүй гэсэн. Оюутан хүн долоо хоногт 20 цаг ажиллах боломжтой бөгөөд байрны түрээс, амьдралын өртөг өндөр тул олсон мөнгө нь хүрэлцдэггүй юм байна. Харин гэр бүлийн нэг гишүүн нь ажиллаж, нөгөөх нь сурвал амьдраад байх боломжтой аж.