Английн Манчестер хотод Ариана Грандегийн концертийн үеэр халдлага гарч, үүний улмаас 22 хүн нас барж, 59 хүн гэмтэж бэртсэн билээ. Залуу дуучны тоглолтыг гол төлөв өсвөр насны охид үзсэн. Харин халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн ихэнх нь 8-18 насны охид байсан аж. Хохирогчдоос хамгийн залуу нь найман настай Саффи Роүз Роуссос байв. Тэрбээр ээжтэйгээ цуг тоглолт үзэж байсан бөгөөд гэрчүүдийн ярьснаар ээж Лиза нь охиноо нас барсаныг мэдэж байсан. Түүний нүдэн дээр охин нь өөд болсон юм.
Манчестерийн халдлагад өртөж, нас барсан нь тодорхой болсон анхны хохирогч бол 18 настай Жоржина Каллендер. Дээрх зургийг хохирогч бүсгүй дуучин А.Грандетэй хоёр жилийн өмнө авхуулж байсан аж.
Түүнчлэн нас барсан хүмүүс дунд польш хосууд болох Марсин болон Анжелика Клис нар бий. Тэдний хүүхдүүд болох Алекс, Патрика нар уг тоглолтыг үзсэн бөгөөд хохирогчид хүүхдүүдээ авахаар ирээд дэлбэрэлтэд өртсөн аж. Азаар тэдний хөвгүүд эсэн мэнд байгаа гэнэ.
Өсвөр насны охид, хөвгүүд гэр бүлийнхээ зөвшөөрөлгүй уг тоглолтыг үзсэн нь одоо хэл ам үүсгээд буй. 15 настай хохирогч Оливиа Кэмпбэллийн ээж Чарлотт нь охиноо халдлага болсноос хойш хайж байсан бөгөөд эх нь охиноо хаашаа явсныг огт мэдээгүй байжээ. Харамсалтай нь, Оливиа амиа алдсан олон хүний нэг байв.