Туул голын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, иргэдийн амьдралд бодит аюул хэдийнэ нүүрлээд эхэлсэн талаар “Өнөөдөр” сонин хөндөж буй. Голын хамгийн бохирдолтой хэсэг Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаар дайран урсдаг бөгөөд газар дээрээ нөхцөл байдал ямар байгааг “Хатан Туулын гаслан” сурвалжилгаараа, үүсээд буй асуудлыг хэрхэн шийдэх талаар “Туул голоо хамгаалах хуультай болъё” нийтлэлдээ бид хөндсөн.
Тэгвэл энэ удаа БОАЖЯ болон холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачдын төлөөллийг нэг дор цуглуулж “Редакцын уулзалт” хийж, бохирдлыг арилгах ямар гарц байж болохыг ярилцлаа. БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар, Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын дарга Н.Батмөнх, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Л.Жанчивдорж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Мөнхбаяр, УСУГ-ын Усны төв лабораторийн бактериологич, чанарын менежер О.Төмөртогтох, МҮХАҮТ-ын Усны бодлогын зөвлөлийн дарга Г.Лхагвасүрэн, УИХ-ын гишүүн А.Сүхбатын туслах Э.Алтаншагай нар уулзалтад оролцлоо.
-Туул голын бохирдлыг бууруулах талаар яамнаас ямар арга хэмжээ авч байна вэ гэдгээс яриагаа эхэлье.
Л.Э: -Усны бохирдол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн. Туул голын Сонгиноос доош Алтанбулаг хүртэлх хэсэг маш их бохирдолтой гэдэг нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Бохирдуулагч хамгийн гол эх үүсвэр, шалтгаан нь Төв цэвэрлэх байгууламж гэдгийг хүн бүр мэднэ. Төв цэвэрлэх байгууламж хуучирч муудан, ачааллаа дийлэхгүй байна.
2016 онд “Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал” хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулснаас хойш энэ асуудлыг шийдэх ажил нэлээд хурдацтай өрнөсөн. БХБ-ын сайд Г.Мөнхбаярын тушаалаар Францын “Артелиа” компанийнхны боловсруулсан шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг дүгнэх ажлын хэсэг байгуулсан. Мөн Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханаар ахлуулсан, концессын гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, одоогоор нэг компани шалгараад байна.
Хамгийн сүүлд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын тушаалаар маш өргөн бүрэлдэхүүнтэй баг байгууллаа. Уг ажлын хэсгийнхэн концессын гэрээ хийх асуудлыг нарийвчлан судалж, барих-ашиглах-шилжүүлэх юм уу, барих-шилжүүлэх байх уу зэрэг томоохон асуудлыг шийднэ. УИХ-аас 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль баталсан ч өдий хүртэл хэрэгжүүлээгүй. Шалтгаан нь Засгийн газраас уг хуулийг хэрэгжүүлэх журмыг батлаагүй. БОАЖЯ журам боловсруулж, гурван удаа Засгийн газарт хүргүүлсэн ч тухай бүрт нь буцаасан.
2016 онд Засгийн газар шинээр байгуулагдсан даруйдаа Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг маш яаралтай хэрэгжүүлэх чиглэл өгч, бид журмын төсөл боловсруулахаар ажиллаж эхэлсэн. Яамдаас санал авч, БОАЖ-ын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, нэлээд нарийвчлан ярьсны үндсэн дээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Байнгын хорооноос ч үүнийг дэмжсэн. Одоогоор Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүх яам руу явуулчихсан, саналаа хүлээж байна. Үүний дараа Засгийн газар, байнгын хороогоор хэлэлцүүлээд, УИХ-д өргөн барих ёстой. Манай яамны зүгээс энэ хаврын чуулганд өргөн барих төлөвлөгөөтэй байгаа.
-Төр, засгийн түвшинд яриад, ажил урагшлаад байгаа юм шиг харагддаг. Гэтэл газар дээрээ байдал өөрчлөгддөггүй, харин ч бүр их ноцтой болсныг “Өнөөдөр” сонин нийтлэлдээ хөндсөн. Н.Батмөнх дарга та энэ талаар мэдээлэл өгөөч.
Н.Б: -Туул гол 2006 оноос маш их бохирдож эхэлсэн. Манай сумын иргэд багагүй хохирол амсаж байгаа. 2007 оны зургадугаар сард гэнэт маш олон загас үхсэн. Үүнээс хойш бохирдлын талаар байнга ярьж буй ч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрсэнгүй. Харин ч бохирдол жилээс жилд нэмэгдлээ. Мал өвчлөх нь ихэссэн, хээл хаяж, гажиг согогтой төл гарч байна.
Голын усанд хортой бодисын агууламж өндөр байна гэсэн шинжилгээний дүн манай сумын усны харуулд бий. Хустайн байгалийн цогцолбор газраас Японы олон улсын байгууллагатай хамтран хийж буй шинжилгээний эхний дүнгээр манай сумын нутагт хамаарах, Хустайн байгалийн цогцолбор газрын урд хэсгийн Мандал гэдэг газарт нутагладаг айлын үнээний сүүг шинжлэхэд хүний хөхөнцөр вирусийн хавдар үүсгэгч илэрсэн.
Голын усыг уусан мал, тэр малын сүү, цагаан идээ, махыг хэрэглэсэн хүн ийм өвчин тусах магадлалтай гэсэн үг. Үүнээс гадна хөрсний бохирдол их байна. Голын усанд хайрга чулуу байх ёстой атал одоо бол өмхий үнэртэй лаг шавар л бий. Анх сумын эхэн хэсэгт ийм байсан бол одоо Лүн хүртэл бохирдсон.
-Туул голд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ямар судалгаа, шинжилгээ хийж байгаа вэ?
Ө.М: -Манай байгууллага 2003 оноос хойш арьс ширний үйлдвэрүүдийг жил бүр тогтмол шалгаж буй. Зах зээлд шилжсэний дараа хүмүүс өөрсдийн дураар ийм үйлдвэр байгуулсаар 2003 онд 65-д хүрсэн. Түүнээс хойш хяналт, шалгалт явуулсаар одоо арьс ширний 32, ноос ноолуурынхтай нийлээд 49 үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй.
Үйлдвэрүүдийг дэргэдээ цэвэрлэх байгууламжтай болж, технологийн хаягдал усаа цэвэршүүлээд, дараа нь урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх шаардлага тавьдаг. Одоогоор арьс ширний зургаан үйлдвэр тийм байгууламжтай болсон. Ноос ноолуурын үйлдвэрүүдийн тухайд ийм төхөөрөмжгүй, хаягдал усныхаа лагийг тунгаачихаад урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй.
Үйлдвэрүүдээс гарч буй усны химийн хэрэгцээт хүчилтөрөгч, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, жинлэгдэх бодис, умбуур бодис, шүлтлэг, хүчиллэг шинж чанарыг нь шинжилж байна. Арьс ширний үйлдвэрүүдээс гарч буй хаягдал усан дахь бохирдуулагч бодис жилээс жилд багассаар стандартын түвшинд дөхсөн. Харин ноос, ноолуурынх стандарт зөрчсөн хэвээр. Үүнээс гадна УСУГ-аас сар бүр боловсруулах үйлдвэрүүдийн технологийн хаягдал уснаас шинжилгээ авдаг.
-Туул гол Улаанбаатарыг тэжээгч, хүнээр бол гол титэм судас учраас бохирдчихвол амьдрал төгсөнө. Зөвхөн нийслэл биш, Туул голын дагуу өчнөөн сум, суурин газар бий.
Одоо ямар гарц байна, нэн тэргүүнд юу хийх ёстой юм бэ. Тав, 10 жилийн дараа Туулын бохирдол дээд цэгтээ хүрчихвэл яах вэ?
-2011 онд нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, 2017 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэхээр болсон. Гэтэл тэр шийдвэрийг дахиад дөрвөн жилээр сунгачихлаа. Тэгэхээр нөгөө үйлдвэрийнхэн чинь “Бид нэгэнт Улаанбаатараас гарах юм чинь үйлдвэртээ хөрөнгө оруулмааргүй байна” гэдэг. Өнгөрсөн жилээс арьс ширний үйлдвэрүүдийн газрын хөрснөөс шинжилгээ авч эхэллээ. Хашааных нь хөрс хүнд металл болох хромоор маш их бохирдсон гэсэн дүгнэлт гарсан.
Л.Э: -Эрх зүйн орчин талдаа Туулын бохирдлыг шийдэх гол гарц нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль. Улсын эдийн засаг хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдлыг харгалзан амьдралд нийцсэн шийдвэр гаргах хэрэгтэйг БОАЖ-ын сайдын зөвлөлийн хурал дээр нэлээд ярьсан. Байгаль орчны бодлого энэ гээд эдийн засагт хувь нэмрээ оруулж буй үйлдвэрүүдийн нуруун дээр дааж давшгүй төлбөр үүрүүлж болохгүй.
Тиймээс бид ус бохирдуулсны төлбөрийг хуульд зааснаас бууруулж авч эхлэх нь зүйтэй гэж шийдсэн. Нөгөө талдаа байгаль орчны бохирдлыг бууруулах бодлого барьж, энэ хоёр зүйлийн огтлолцол дээр бид Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй юм. Энэ бол Туулын бохирдлыг шийдэх маш том дэвшил, алхам.
Төлбөрөө багаас эхэлж, явцын дунд тохируулдаг нь олон улсын жишиг. Хамгийн гол нь аж ахуйн нэгжүүдийг цэвэрлэх байгууламжтай болгож, стандартын шаардлага хангасан ус гаргах хөшүүрэг хэрэгтэй. 2012 онд баталсан хуульд тийм заалт байгаагүй. Мэдээж цэвэрлэх байгууламж барихад багагүй өртөг шаардана. MCS компани хоёр сая ам.доллар, “Future holding” бараг тэрбум гаруй төгрөг зарцуулсан гэсэн. Заавал шахаж шаардуулахгүйгээр хаягдал ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулан ашиглаж буй энэ мэтийн компанийг дэмжих талаар бас хуульд тусгах ёстой.
Аж ахуйн нэгжийн гаргаж буй хаягдал усанд агуулагдах бохирдол стандартаас давбал нөхөн төлбөр төлдөг. Нөхөн төлбөр нь ус бохирдуулсны төлбөрийг гурав дахин үржүүлсэн дүн юм. Усны тухай хуулийн 25.2-т ийм заалт бий. Тухайн компанийн гаргаж буй хаягдал ус стандарт руу ойртох тусам төлбөрөөс нь хөнгөлөх зохицуулалт оруулсан.
Хуульд орж буй бас нэг том өөрчлөлт нь төрийн байгууллагуудын үүрэг оролцоо, хэн юу хариуцах, яаж хэрэгжүүлэхийг маш тодорхой болгосон явдал. БОАЖЯ холбогдох стандартуудыг боловсруулаад, батлуулчихсан учраас ариутгах татуурга руу хэн хэр бохир ус нийлүүлж байна гэж өнгийх зохимжгүй. Энэ бүх мэдээлэл нь УСУГ-т бий. Тус байгууллага тодорхой төсөв гаргаад, шинжилгээ хийдэг ч түүнийгээ мөнгө болгох эрх зүйн орчин бүрдээгүй.
Тэгвэл Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тэр эрх зүйн орчныг нь бий болгох юм. Ингэснээр эдийн засгийн хөшүүргээр буюу ус бохирдуулсны төлбөрөөр дамжуулан бохирдлыг бууруулах боломж бүрдэнэ. УСУГ-ын үүрэг хариуцлага нэлээд өндөрсөнө.
Манай улсад өдгөө цэвэр усны төлбөр, түүнийг хүргэсэн үйлчилгээний хөлс авч буй. Хоёр төрлийн төлбөр байгаа биз. Харин бохир усан дээр бол бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс аваад, бохирдуулсны төлбөр татахгүй байгаа юм. Олон улсын жишгээр цэвэр, бохир ус хоёул төлбөртэй байдаг юм билээ.
-Туулын бохирдолд арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр буруутай гэдэг. Өөр нэг бохирдуулагч нь гэр хороолол. Ахиухан бороо орохоор нүхэн жорлонгууд нь халиад, ус зайлуулах шугам руу, үлдсэн нь Туул гол руу ордог.
Жинхэнэ өвчний үүр тэнд л бий. Үүнийг тооцож судалдаг уу?
-Засгийн газрын бодлогын дагуу иргэдээс ус бохирдуулсны төлбөр авахыг түр хойш тавьж буй. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар үндсэн гаргалгааг нь эхлээд боловсруул гэсэн. Нүхэн жорлон, угаадасны нүхний стандарт гэж бий. Уг стандарт шаардлагыг хангасан иргэнээс төлбөр авахгүй. Эрчим хүчний зохицуулах хороотой гэрээ байгуулаад, гэр хорооллын айлуудын хогны төлбөрийг хураадаг шиг, ус бохирдуулсны төлбөр авах боломж бий.
Орлогыг нь нүхэн жорлонгийн стандартыг мөрдүүлэхэд зарцуулах бололцоотой. Энэ нь хэзээ нэгэн цагт хэрэгжүүлэх ёстой ажил боловч одоохондоо шууд иргэдийн нуруун дээр үүрүүлчих нөхцөл бүрдээгүй. Эдийн засгийн байдал, иргэдийн амьжиргаа ямар байгаа билээ.
-Агаарын бохирдол улаан, шар гээд зэрэглэлтэй байдаг. Түүн шиг Туулын бохирдолд зэрэглэл тогтоогоод, байнга харуул ажиллуулах боломжтой юу.
Мөн бохирдол ийм түвшинд байна гэж мэдээлдэг, хүлцэх хэмжээнээс илүү гарвал үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, бохирдолгүй бол сэргээх арга хэмжээ авч болох уу. Иймэрхүү шийдвэртэй ажил дутаад байх шиг санагдах юм.
Я.Б: -Болно л доо. Агаарын бохирдлын хэмжээг өдөр бүр дэлгэцээр харуулдаг шиг Туулын бохирдлыг ч мөн адил ил болгох боломжтой. Төсөв санхүүтэй л холбоотой ажил. Тодорхой бодлогогүй, хуулиа хэрэгжүүлээгүй олон жил болсны уршгаар Туулын бохирдол ихэссэн. Энэ талаар огт ярьдаггүй, сонин хэвлэлд ч бичдэггүй нэг зүйл бол Туулын бохирдлыг хэн шийдэх вэ гэдэг асуулт. Мэдээж мэргэжилтэн л үүнийг хийнэ.
Боловсон хүчнээ сайн бэлтгэх ёстой. Жишээ нь, манай захиргаан дээр гурван өөр төрлийн нарийн мэргэжлийн хүн зайлшгүй шаардлагатай. Усны химич, биологич гэх хавсарсан, усны эдийн засагч, хуульч зэрэг нарийн мэргэжилтэн дутагдалтай. Төрийн байгууллагын бүтэц данхайж байна гэж ярьдаг.
Гэтэл Туул голын сав газар таван аймгийн 37 сумыг хариуцан ажилладаг хэрнээ мэргэжлийн 18 хүнтэй. Тэр хүмүүсийн дотор мэргэжлийн байцаагч нэг ч байхгүй. Бид МХЕГ-аас хоёр байцаагчийн эрх өгөөч гэж гуйгаад өчнөөн жил боллоо, бүтэхгүй байна. Одоо ч хөөцөлдөж буй. Аль нэг байгууллагыг шалгалаа гэхэд үзүүлэх үнэмлэх байдаггүй, зөвхөн шаардлага тавьдаг.
Бид арьс ширний бүх үйлдвэрт очиж, удирдлагатай нь уулзсан. Хотоос нүүлгэнэ гэдгийг бүгд зөвшөөрдөг. Үйлдвэрүүдийн хашаанд тулгаад орон сууц барьчихсан, үйлдвэрийн газар суурьшлын бүстэй холилдчихсон байна шүү дээ. Тиймээс үйлдвэрийнхэн “Шаардаад байгаа цэвэрлэх байгууламжийг чинь барих газар бидэнд алга. Та нар асуудлаа хурдан шийдчихвэл бид Эмээлтэд очоод, томоохон талбай аваад, шаардлагын дагуу цэвэрлэх байгууламж барьж ажилламаар байна” гэдэг.
-ШУА-иас Туул голын бохирдлын асуудлаар ямар судалгаа хийж байна вэ. Үүнийг шийдэх гарц байна уу?
Л.Ж: -Туул голын асуудлыг арай өөр өнцгөөс харах ёстой юм. 23-24 хууль гаргалаа. Хэрэгжүүлдэг бол асуудлыг ингээд яриад суухгүй. Хэрэгжүүлэх ёстой албан байгууллагууд нь өөр өөрийн явцуу эрх ашгийг хардаг учраас л энэ хэвээрээ байна гэж боддог юм. Манай байгууллагын хувьд 1997 оноос хойш Туул голын бохирдлыг саваар нь, голын экосистемийн үйлчилгээг нь янз бүрийн түвшинд судалж буй. 26 цэгээс сорьц авч, жил болгон хоёр удаа эхээс нь адаг хүртэл явж судалдаг.
Эндээс бид Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг улстөржүүлэлгүйгээр яаж зөв шийдэх, ямар гаргалгаа, гарц байгааг мэргэжлийн түвшинд гаргахыг зорьдог. Одоо усан хангамж хүртэл улстөржчихлөө. Олон улсын чиг баримжаагаар тухайн голын эхийн усны чанар ямар байна, адагтаа тийм л байх ёстой. Гэтэл бид дунд нь хэд хэдэн стандарт тогтоочихоод, түүнийгээ ч олигтой хэрэгжүүлэхгүй яваад байна.
Тиймээс энэ асуудлыг арай өөр өнцгөөс харж шийдэх ёстой. Жишээлбэл, та нарын ярьсан зүйл дээр нэмж хэлэхэд, гэр хорооллын, байгууллагуудын нүхэн жорлон борооны усаар угаагдаад голд ордог. Үүнийг хариуцдаг хүн, мэргэжлийн байгууллага, шинжилдэг үүрэгтэй газар алга. Хэрэв ийм ажил хийвэл тэр байгууллага мөнгөөрөө хохирно. Өчнөөн олон “Би чадна” байгууллага гарчихсан тохиолдолд бараг буруу юм хийсэн болж ад үзэгдэнэ. Ийм л систем Монголд ажиллаж байна.
Нийслэл юм бол нийслэл шиг байх ёстой. Бидний хамтарч ажилладаг гадаадын байгууллагын хүн манай хотыг “Бохир тосгон” гэж хэлээд намайг эвгүй байдалд оруулсан. Хүний нийслэлийг ингэж хэлээд байхдаа яах вэ дээ гээд би тухайн үед дотроо нэлээд уурласан. “Та нар ийм хуурай газарт усныхаа асуудлыг шийдэхгүй байж хот байгуулж болохгүй” гэж тэр хүн хэлсэн. Японы хэдэн судлаач шинжилгээний дээж авч байхдаа “Үгүй ээ, мөн сонин юм аа” гэж биднээс жийрхээд, “Яг л гараад байна даа” гээд байх юм.
Гэтэл худгийн хажуухнаас багажинд нь аммиак илэрсэн. Нөгөө улс чинь ичихдээ “Хаа сайгүй шээс байна” гэж хэлж чадахгүй байж. Тиймээс энэ асуудалд одоогийнх шигээ хандсаар байвал 1773 онд Өргөө гэдгийг байгуулсан, эсвэл 1959 онд хот байгуулалтын анхны алхмыг хийж, цэвэр, бохир усны систем тогтоож байсан үе чинь хэвээрээ л байна. Туул голыг онцгой объект гэж үзээд, онцгой болгодог тогтоол, шийдвэрээ гаргахгүй, улс төрийн өнцгөөр хандсаар байвал юу ч өөрчлөгдөхгүй, бохир тосгон хэвээрээ байна.
-Одоогийн хандлагаа хэрхэн өөрчлөх ёстой юм бэ?
-Бид Солонгосын Байгаль орчны хүрээлэн гэх Ерөнхий сайдынх нь харьяаны байгууллагатай хамтран ажилладаг юм. Тэр хүрээлэнгийн харьяанд байдаг байгууллага нь хот доторх бохирдлыг бороо орох бүрт тодорхой цэгүүдээс дээж авч шинжилдэг. Тэгээд Я.Болдбаатар даргын яриад байгаа шиг хотын тодорхой газруудад дэлгэцээр харуулдаг, хөрөнгө төсөвтэй, мэргэшсэн багтай. Тийм багийн системийг манайх бүрдүүлээгүй. Туул голын сав газрын захиргаа захиргааны байгууллага шиг харагддаг. Жаахан юм болонгуут уг байгууллагыг устгачих гэдэг байдаг. Улаанбаатар хотын захиргаанд ийм менежментийн алба байхгүй.
Гуравхан мэргэжилтэн, гурван өөр газарт, яахаа мэдэхгүй, дарга нартаа захирагдаад суудаг. Тиймээс УСУГ руугаа л хардаг. Гэтэл УСУГ үүнийг хийхгүй, зүгээр л хангагч байгууллага. Тэр байтугай УСУГ, Улаанбаатар хотын ус хангамжийн хооронд асар том зөрчил бийг та нар мэддэг ч юм уу, үгүй юү. УСУГ-ынхан түгээсэн усны хэмжээг хэлэхээр нөгөө тоог нь аваад Улаанбаатар хот ус ихтэй, бид одоо ийм хэмжээний ус авч байна гэж ярьдаг.
Үнэн хэрэгтээ маш олон байгууллага бидний ундаалдаг савнаас ус авч ашиглаад буйг тооцдоггүй. Усны асуудлыг, усан хангамж, бохирдлыг зөв шийдье, яг одоо хот байгуулалтын түвшинд авч явъя гэвэл Усны менежментийн алба байгуулах ёстой. Энэ олон лабораторийн асуудлыг ч цэгцэлж, бүрэн хариуцлага хүлээдэг нэг нь үлдэх ёстой.
Тэр лабораториос гарсан тоо, хариуцлагыг нь ч өөрсдөө хүлээнэ. Тэгэхгүй бол “Би чадна” лабораториудаас зөндөө худал мэдээ гардаг. Үндэсний мэргэжлийн байгууллага, багаа бүрдүүлээгүй цагт энэ асуудлаар та нар 10 жил, бүр 20 жил ч ярих байх.
Дараагийн нэг асуудал бол урьдчилан цэвэрлэх байгууламж гэдгийг нэр томьёоноос хасах хэрэгтэй. Зах зээлийн үед ийм нэр томьёо байх ёсгүй. Манайх “Бохир тосгон”-ы системээр яваад байгаагийн нэг илрэл. Улаанбаатар хотын барилгажилтад зах зээлийн систем огт байхгүй. Олон байшин барьж, наймаа хийн, мөнгө олохоо л боддог. Өндөр хөгжилтэй орнуудад байшингуудын доор нь цэвэрлэх байгууламжийг нь барьчихсан байдаг шүү дээ. Үнэр байхгүй.
Гэтэл манайх нэг том цэвэрлэх байгууламж барина гэж ярьсаар байна. Орчин үеийн технологи өөрчлөгдсөн. Сая ярианд дурдагдлаа, “Future holding”, “Арилдий” гээд цэвэрлэх байгууламжтай хоёр компани бий. Бусад нь яагаад болдоггүй юм. Хамгийн сонин нь бусад компани тэр хоёрыг үзэн яддаг, шахалт үзүүлдэг гээд бод доо. Ийм систем манайд үйлчилж байгаа учраас үндсээр нь засах ёстой.
Туул голоо онцгой объект, бүс гэж үзэх шаардлагатай. Монголын нутаг дэвсгэрийн 3.19 хувь нь Туул голын сав газарт харьяалагддаг. Гэтэл дээр нь 1.6 сая хүн амьдарч байна. Улаанбаатар хотын 1.4 сая хүн гэхэд өчүүхэн хувь буюу 4777 ам км талбайд нь амьдарч байна. Ийм онцгой объектыг онцгойгоор авч үзэх хэрэгтэй.
Хөдөөгийн нэг тосгон, аймгийн төв шиг хандаж болохгүй. Хот байгуулалт гэдэг чинь цэвэр усан хангамжийн систем байгуулж, бохир усыг татсанаас эхлэн тоологддог юм байна лээ, дэлхийн түвшинд. Тэгэхээр Улаанбаатар хот 1773 онд байгуулагдсан гэж сүржигнэж, гайхуулах ямар ч шаардлагагүй.
-Алтанбулаг сумын тухайд та юу хэлэх вэ?
-Алтанбулаг сумынхны амьдралыг Улаанбаатар хот ийм болгосныхоо төлөө төлбөр төлөх ёстой. Угаасаа ийм зарчимтай. Гэтэл урсгалын дор амьдарч буй иргэдийг тоохгүй, бүх юм болж бүтэж байгаа мэтээр өнгөлөн далдалж болохгүй. Бохирдлын талаар юм хэлэхээр хүмүүс малыг нь авахгүй байж магадгүй гэж сумын иргэд нэлээд эмзэглэдэг юм билээ. Туулын эхийн экосистем биднийг тэтгэж байгаа. Түүнийг нь бид хариулж, эргүүлээд нөхөн сэргээх учиртай.
Туул голын Алтанбулаг сумаар урсаж буй хэсэгт голын эргээс 50, 100 метрт газар ухаад усыг нь шинжлээд үзэхээр голын бохир устай яг адилхан гардаг. Тийм шинжилгээний хариунууд манайд бий. Ингэхээр тэр малын махыг яаж идэх юм бэ. Одоо бол бид мэдэхгүй идээд л байгаа шүү дээ. Ийм болчихсон үед Онцгой бүсийн тухай хуулиа гаргах ёстой.
Зарим хүн Туул голын хууль гэхээр дараа нь өөр голын хууль гаргах юм уу гэж эмзэглээд байгаа юм. Заавал Туул голын хууль гэж нэрлэх хэрэггүй л дээ. Онцгой бүсийн хууль болгож болно. Эцсийн эцэст ерөөсөө л хотоо яаж хот болгох вэ гэдэгт анхаарах ёстой юм.
-Японы эрдэмтдийн судалгаагаар 2030 он гэхэд Улаанбаатар хот цэвэр усны хомсдолд орно гэсэн. Мянганы сорилтын сангаас манайд судалгаа хийгээд, юун 2030, 2020-2025 онд л цэвэр усны нөөцгүй болно гэж байна.
Ийм дээрээ тулчихсан байхад бид арьс ширний үйлдвэрүүдээ дахиад дөрвөн жил үйл ажиллагаа явуул гээд сунгах нь тун хариуцлагагүй явдал юм биш үү?
Л.Ж: -Улаанбаатар хотын усны асуудал дээр нэг буруу ойлголт бий. Туул гол байхгүй болох юм биш шүү дээ. Ихсэж, багасаад, дэлхийн усны эргэлтийн циклдээ байж байна. Зуны бороотой үед бага зэрэг нэмэгдээд, бороогүй зургаан сард газар доорх усандаа л найдна. Тэр даатгаад байгаа газар доорх усны хэмжээ чинь хоногт 300.000 шоо метр гэдгийг л зөв ойлго. Хамгийн зөв, учиртай тоо бол УСУГ-ын яриад байгаа 170.000 шоо метр дээр гүний ус авч ашигладаг бусад байгууллагын хэрэглээг нэмж гаргах юм.
Ингэхээр өдөрт 289.000-300.000 шоо метр болдог. Өнөөх норм чинь тулчихсан гэсэн үг. Зун нь жаахан ус мэлтийгээд байхаар хүмүүс их байна гэж ойлгодог юм. Гэтэл газрын доорх ус чинь тэжээмжтэй. Тэр тэжээмж нь өвлийн нөхцөлд 300.000 шоо метр болох юм. Туул гол есөн хавар тасарсны нууц нь газар доорх уснаас нь сороод авчихсанаас болсон. Мөс нь хөлдөж, доор байгаа загас нь усгүй болсон учраас үхсэн хэрэг.
О.Т: -Зайсангийн гүүрнээс урагш байгаа тансаг хорооллууд бүгд гүний худгаас ус олборлож хэрэглээгээ хангадаг. Бүгдийг нь олж илрүүлэхгүй л байгаа болохоос гүний ус зөвшөөрөлгүй олборлож, ашиглаж байгаа аж ахуйн нэгж, айл өрх Улаанбаатарт зөндөө бий. Манай УСУГ Туул голын дагуу долоон эх үүсвэртэй. Өдөрт 100.000-120.000 шоо метр ус олборлож, Улаанбаатар хотын иргэдэд түгээж, гарсан бохир усыг нь цэвэрлээд Туул голд нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байна.
Туулын бохирдлын талаар ярихаар мэдээж Төв цэвэрлэх байгууламжийн асуудал сөхөгддөг. 1964 онд анх энэ байгууламжийг 500.000 хүн амын ахуйн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтайгаар байгуулсан. Одоо тэгтэл хүчин чадлаасаа гурав дахин их ачаалалтай болсон. Олон жилийн явцад элэгдэлд орсон тоног төхөөрөмжөөрөө 1.5 сая хүний ахуйн бохир усыг цэвэрлэн гаргаж байна.
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 150.000-160.000 шоо метр бохир ус ирдэг. Энэ байгууламж маань биологийн цэвэрлэгээтэй. Стандартаар бол хүлээн авч байгаа бохир усанд химийн хэрэгцээт хүчилтөрөгч нэг литрт 500 мгр байх ёстой. Гэтэл энэ үзүүлэлт бараг 4-5 дахин их буюу 2000 мгр литр байна. Химийн бодис ихтэй ус ирэхээр биологийн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг бүрмөсөн устгачихаж байгаа юм.
Яагаад гэвэл биологийн бичил биетүүд органик нэгдлүүдээр хооллож, үржиж, тухайн усыг цэвэрлэх ёстой. Гэтэл химийн бодистой, хүчил, шүлт ихтэй усанд биологийн бичил биет үржих ямар ч боломжгүй. Түүнээс болоод биологийн цэвэрлэгээ бараг хийдэггүй, механик цэвэрлэгээ хийгээд урсгаж байна. Ирж байгаа усыг гарч байгаа устай харьцуулахад ойролцоогоор 70-80 хувь нь цэвэрлэгддэг.
Стандарттай харьцуулж үзвэл 4-5 дахин их хэмжээний бохирдолттой ус байгальд нийлүүлж байна л даа. Мөн бороо, хур тунадас их орсон үед цэвэрлэх байгууламжид ирж байгаа ус 190.000-200.000 шоо метрт хүрдэг. Улаанбаатар хотын бүхий л үерийн далан, суваг шуудуугаар дамжин ирсэн бохир ус Төв цэвэрлэхэд очдог.
Туулын бохирдлын асуудлыг шийдэхийн тулд эхлээд Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг яаравчлах хэрэгтэй. Үүнийг хурдан хийх тал дээр арга хэмжээ авахгүй бол дараа жил бид дахиад энэ тухай яриад сууж байж магадгүй л байх.
-Шинэ цэвэрлэх байгууламж баригдтал удна. Бид зовлон тоочсоор, Төв цэвэрлэх байгууламж маань амь торгоосоор явах уу?
Я.Б: -Төв цэвэрлэх байгууламж барихад 5-8 жил хугацаа шаардана. Бид зүгээр суухгүй л дээ. Төв цэвэрлэх байгууламждаа өргөтгөл, засвар үйлчилгээ хийгээд тэр болтол ашиглаад явахаас өөр аргагүй.
Л.Э: -Төв цэвэрлэх байгууламжийн санхүүгийн асуудал хүнд байгаа. Төсөв байхгүй, хэдэн тэрбумын өртэй яваа. Ус бохирдуулсны хууль хэрэгжиж эхэлснээр Төв цэвэрлэх байгууламж, УСУГ-ын үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Байгаль хамгаалах санд мөнгө төвлөрнө. Тэр мөнгийг буцаагаад усны бохирдлыг бууруулахад зарцуулна гэж ярьж байгаа.
Г.Л: -Яг юунаас болоод ийм байдалд хүрчихэв гэхээр хууль, хуулийн заалтаа биелүүлдэггүй төрийн байгууллагаас болсон. Дээр нь төр буюу яаманд ямар ч бодлого алга. Ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлсэн төрийн төв байгууллага гэж байгаа. Тэр төрийн төв байгууллагаараа Улаанбаатар хотын аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг нэрлээд зогсож байгаа ийм яам аль ч оронд байхгүй. Дээр нь яам голын татамд газар олгодог.
Ер нь аялал жуулчлал байна уу, алт мөнгө юугаар ч олсон бай, амьдралын зохиомол орчин шинээр үүсгэж байгаа энэ бодлогоор юуг ч шийдэж чадахгүй. Тиймээс энэ асуудлыг цэгцлэхийн тулд маш чанга хууль зайлшгүй шаардлагатай. Төв цэвэрлэх байгууламж 230 мянган шоо метр ус хүлээн авах чадалтай шүү дээ. Дээр нь тэнд гааз гаргах хоёр ч танк байсан. Тэрийг бодлогын хувьд ашиглаагүй.
Би 2010 онд био хийн технологи шилжүүлэх иж бүрэн төслийг нийслэлийн ИТХ-аар батлуулж байсан. Хоногт 400 мянган шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг 18- хан сарын дотор барих боломж байна гэхэд “Энэ хэрэггүй ээ, Францын төслөөр, механик биологийн цэвэрлэгээтэй байгууламж барина” гэж байна. Бохир усаа цэвэрлэж чадахгүй, асуудалд орчихсон энэ үед механик, биологийн цэвэрлэгээтэй байгууламж яриад сууж байна гэдэг утгагүй.
Технологийн асуудлаа эхлээд шийдэх хэрэгтэй. Улсын баатар хүн УИХ-ын тогтоол зөрчөөд механик биологийн цэвэрлэгээтэй байгууламж барина гээд 4.5 тэрбум төгрөг хуслаа шүү дээ. Тэр мөнгийг Монгол Улсын баатрынх нь төлөө түүнд өгчихөөд, яагаад шинэ технологи хэрэглэж болдоггүй юм бэ. Дээр нь аймгуудын тухай ярих хэрэгтэй. Бүх цэвэрлэх байгууламжийн технологийг механик биологийнх байлгах юм бол стандарт хэзээ ч хэрэгжихгүй. Бохирдуулагч төлбөр төлөх тухай хууль ярьж байна. Ийм практик дэлхийн аль оронд байгаа юм бэ.
Энэ бол үйл ажиллагааг нь л зохицуулж байгаа хэрэг. Үйлдвэр албан газрууд ашиг ололгүй яах вэ. Гэтэл механик, биологийн цэвэрлэгээтэй технологитой цэвэрлэх байгууламжид тэр усыг нийлүүлэх болоод байна. Тэр газруудыг хаах эрх яаманд, УСУГ-т ч бий. Яагаад тэрийг хаахгүйгээр хүн төрөлхтний усан хангамжид хортой нөлөө үзүүлээд байгаа юм бэ. Туул гол руу өдрийн 160.000-180.000 шоо метр асар их бохирдолтой ус цутгаж байхад бохирдуулагчаар нь төлүүлнэ гэж хууль яриад байдаг.
-Таныхаар үүнийг шийдэх хамгийн зөв гарц нь юу вэ?
-Гарц тодорхой. 2012 онд БХБЯ, нийслэлийн ЗДТГ-аас гаргасан Улаанбаатар хотын 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагын усны нэгдсэн менежментийг Жанчивдорж гуай бид хэд боловсруулж, УИХ-аар батлуулсан. Үүнийг хэрэгжүүл л дээ. Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судалгаан дээр төлөвлөлтийн шийдэл гаргаад УИХ-аар батлагдсан юмыг хараад хий л дээ. Тэгвэл ариун цэврийн байгууламж ямар стандарттай байх юм, бие даасан болон хэсэгчилсэн цэвэрлэх байгууламж гэж юуг хэлээд байна, тэр болгондоо технологитой болчихвол энэ тухай ярьж болно.
Төрийн төв байгууллага, хүн амын олонх нь оршиж байгаа энэ газарт Онцгой бүсийн хууль гаргах хэрэгтэй. Яамдаас санал авах шаардлагагүй гэж бодож байна. Манай намын хөтөлбөрт ингэж заагаагүй, тэдний юманд ингэж заасан гэж ярина. Үүнийг НҮБ-ын тогтвортой хөгжлийн чиг хандлага руу, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлж л хийх хэрэгтэй. Дээр нь хот шиг хот байя гэвэл цэвэр, бохир усны асуудлаа бүрэн шийдэх ёстой. Улаанбаатар хот байх нь байна. Харин нийслэл нүүх шаардлагатай. Нөгөө шийдэл нь Төв цэвэрлэх байгууламжаас цааш байгаа 15 мянган га газрын 80 хувь нь бохирдолтой байгаа.
Хамгийн багадаа 10, ихдээ 70 см-ийн лаг тэнд бий. Бид судалж үзсэн. Тэрийг цэвэрлэж бүрэн цэгцлэхэд гурван сар л шаардлагатай болов уу. Шийдэл нь байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн концесс, механик биологийн байгууламж барих ажлаа зогсоох хэрэгтэй. Энэ ямар ч хэрэггүй. Таван жилийн дараа энэ байгууламж ашиглалтад орохоос өмнө таны гар утас гар утас биш, нүдний шил ч юм уу, эсвэл гэр орны чинь эд юмс бүх мэдээллийг өгдөг болно. Техник технологи ингэж хувирч байхад механик биологийн байгууламж барина гээд сууж болох уу.
Э.А:- А.Сүхбат гишүүн Туул голын бохирдол, урсац голдирол, татмын асуудлаар хууль боловсруулж, батлуулахаар судалгаа хийж байгаа. Хэрэв тусгай хамгаалалтад авъя гэвэл УИХ-ын тогтоол гарч зохицуулна, координатыг нь зааж өгнө. Гишүүн зөвхөн тусгай хамгаалалтад авах биш, хууль гаргая гэсэн. УСУГ-аас орон сууцны айлыг усаар хангахад инженерийн шугам сүлжээний зардал гэж литр тутамд 50 мөнгө авдаг.
Өөрөөр хэлбэл, нэг литр усыг 50 мөнгөөр өгч байгаа юм. Гэтэл гар утсандаа бид хэдэн төгрөг зарцуулдаг билээ. УСУГ-ын тайлан балансыг харахаар ямар ч ашигт ажиллагаа байдаггүй. Цэвэрлэх байгууламж ч ялгаагүй. Үүнээс болоод өнөөдрийн энэ байдалд хүрсэн. Зах зээлийн эдийн засагт шилжээд 25 жил болсон мөртлөө усны асуудлыг бид орхигдуулсан.
Тийм учраас Төв цэвэрлэх байгууламж элэгдэл хорогдолд ороод, шинээр байгуулъя, өргөтгөл хийе гэхээр мөнгө байдаггүй. Та цэвэр ус уухыг хүсэж байгаа бол мөнгө төлөх шаардлагатай гэдгийг л иргэд ойлгох ёстой.
-Хуультай болсноор иргэдээс авдаг усны хураамжийг нэмнэ гэсэн үг үү?
-Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны иргэд УСУГ-аас өдөрт 170 сая литр ус авч хэрэглээд буцаагаад түүнийгээ цэвэрлэх байгууламж руу урсгадаг. Туул голын тухай хуульдаа нэг литр усны роялти татвар ч гэдэг юм уу, цэвэр усны нөөцний татварыг нэмбэл жишээ нь, 10 мөнгө гээд бодоход 170 сая литр ус өдөрт 17 сая төгрөг болж байгаа юм. 365 хоногоор үржүүлбэл хэдэн төгрөг болох вэ.
Сан бүрдүүлээд, үүнийг Туул гол дээр усан сан байгуулахад ашиглаж болно. Туул голын сав газрыг тусгай хамгаалалтад авъя гэвэл тэнд үйлчилгээ явуулдаг бүх аж ахуйн нэгжийн бизнес хаагдах уу гэвэл үгүй. Туул голыг голдирлоор нь буюу татмаар нь координат тогтоогоод тусгай хамгаалалтад авах юм. Туул гол 717 км урсаад Орхон голд нийлдэг. Тусгай хамгаалалттай газар нутаг, Тэрэлж голын эрэг дээр Налайх дүүргийн зургадугаар хороо байдаг.
Тэрэлжийн айлууд таван гэр бариад гэр жуулчны бааз байгуулчихсан, нүхэн жорлон суурилуулж голын эхийг бохирдуулж байна. Тэнд Эрдэнэ сумын Засаг дарга 2100 иргэнд хууль бусаар газар өмчлүүлчихсэн байна лээ. “Гачуурт”, “Хаан жимс” гээд аялал жуулчлалын баазууд Туул руугаа шахаад буучихсан, хуульд заасан, онцгой хамгаалалтын 50 метр, эрүүл ахуйн 200, 100 метр гэсэн заалтууд бүгд зөрчигдчихсөн байх жишээтэй. Доошоо яваад Заамарт Туул голын голдирлыг өөрчилж, дайн болчихсон юм шиг нүд хальтрам байдалтай.
Ө.М: -Арьс ширний үйлдвэрүүдээс гадна нийслэлийн хэмжээнд авто угаалгын 120 гаруй газар бий. Тэдгээрийн бараг 90 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдчихсон. Төв шугамаас усаа аваад тос, тосол, хүнд металлаар бохирлогдсон ус Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг гэсэн үг л дээ. Авто угаалгын газрууд сард 350-500 шоо метр усны гэрээг УСУГ-тай байгуулдаг юм билээ.
Үүнийг зохицуулах зохицуулалт байхгүй. 2013 онд нийслэлийн ЗДТГ-т хандан журамтай болъё гэж санал тавьсан. Одоо болтол хариу байхгүй. 2012 онд батлагдсан, Усны тухай хууль уг нь маш сайн хууль. Бүх асуудлыг хамарсан. Гэтэл өнөөг болтол хуулийг дагасан журмуудыг нь гаргаагүй.
-Алтанбулаг суманд голын бохирдолтой холбоотойгоор хүн, малын өвчлөлийн талаар хийсэн тоо, судалгаа байна уу?
Н.Б: -Тийм судалгаа байхгүй. Харин Хустайн байгалийн цогцолбор газрынхан бохир ус хүний эрүүл мэнд, малд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг Японы судалгааны байгууллагатай хамтарч судалж байгаа. Бид судалгаа, шинжилгээ хийгээд өгөөч гэж олон байгууллагад ханддаг л даа. Эрүүл мэндийн төвтэйгөө хамтарч, иргэдийн дунд ямар өвчин зонхилж, ямар халдварт өвчин их байна вэ гэдгийг судалж үзсэн. Арьсны өвчин иргэдийн дунд их байна, Туул голын устай холбоотой байж болох юм гэж эмч хэлсэн. Болох юм, магадгүй л гэсэн таамаг бидэнд байна.
Л.Э: -Усны тухай хууль үнэхээр сайн хууль болсон. Бид хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын чиг оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр хамтарч ажиллах юм бол өнөөдрийн нөхцөл байдлаас илүү дээрдүүлэх боломж бий. Туул голын тухай дангаар нь хууль гаргая гэхээсээ илүү Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль руу илүү оруулж өгвөл хэрэгжих талаасаа ч тэр, бодлогын хувьд ч боломжтой.
Э.А: -Усны тухай хууль устай холбоотой үндсэн хууль нь болж байгаа юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хувьд зөвхөн ус биш, маш олон асуудал хамаарна. Туул голын асуудал зөвхөн нийслэлтэй холбогдохгүй. Хэдэн аймаг, хэдэн сумын нутгаар дайрч өнгөрдөг билээ.
Энэ хуулийн хүрээнд зохицуулж чадахгүй. Гэхдээ нийслэлээс багагүй ажил хийж байгаа юм билээ. 2016 онд гаргасан 50 дугаар тогтоолын хүрээнд Туул голын дээд эх үүсвэр, Гачууртын орчмыг координатжуулаад хамгаалалтын бүс тогтоосон зураг байна лээ. Энэ их зөв ажил болсон.
Л.Ж: -Одоогийн байгаа Монголын төрийн системээр, энэ байдлаараа бол Туул гол аврагдахгүй. Яг ямар нэртэй хууль байх вэ гэдгийг бодож маш зөв онож өгөх ёстой. Нийслэлийг нүүлгэх хүртэл онцгой бүсийн хуультай болох хэрэгтэй.