УИХ-ын гишүүний албан тушаалаа гэр бүлийн болон хувийн санхүүгээ дээшлүүлэхэд ашиглахгүй, үүрэг хариуцлагатай нь харшилсан санхүү, худалдааны болон бусад ижил төстэй ямар ч хэлбэрийн хэлэлцээрт оролцохгүй, улмаар шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүний хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзан, энэ тухайгаа Ёс зүйн дэд хороонд мэдэгдэхийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Гишүүний ёс зүйн дүрэмд заасан байдаг. Одоогийн парламентын гишүүдээс ийм шалтгаанаар санал хураалтад оролцохоос сайн дураараа татгалзан, Ёс зүйн дэд хороонд мэдэгдсэн хүн алга. Харин ч ашиг сонирхлын зөрчлөө нуугаагүйгээр үл барам санаатай, санамсаргүйгээр дүрмээ сахиагүй тохиолдол гарсаар байна.
УИХ-аас хэдхэн хоногийн өмнө Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороогоор хийх үеэр ердөө гурван гишүүн санал хэлсэн ч бүгд ашиг сонирхлын зөрчилтэй зүйл ярьсан юм. Гишүүн Ж.Ганбаатар “Хүнсний тухай хуульд зааснаар жижиг, дунд бизнес эрхлэгчдийг 100 сая төгрөгөөр торгож байгаа. Хамгийн том торгууль жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чиглэж байна.
Гэтэл Зөрчлийн тухай хуулиар тэдний хууль бус орлогыг бас хураах нь. Найм, эсвэл зургаан нэрийн барааны дэлгүүрийн эзэн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл нь дуусчихсан байсныг мэдэлгүй архи зарж байгаад баригдах юм бол 100 сая төгрөгөөр торгох юм байна л даа. Торгууль, шийтгэлийг давхардуулж, дарамтлаад байгаа юм биш үү. Тэгвэл хэн бизнес хийх вэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол уг хуулийг хэлэлцүүлсэн ажлын хэсгийнхэн жижиг, дунд аж ахуй эрхлэгчдийг 100 саяар торгох тухай нэг ч заалт байхгүйг хэлж байсан.
Үнэндээ 100 сая төгрөгөөр торгох заалт нь хүнсний импорт, экспорттой холбоотой юм билээ. Тодруулбал, хүнс экспортолж, импортлоход тавигдах хуульд заасан шаардлагыг зөрчсөн бол хувь хүнийг 10, аж ахуйн нэгжийг 100 сая төгрөгөөр торгохоор буй юм. Эрхэм гишүүн ч үүнийг мэдэж байсан. Тэрбээр “Жижиг, дунд бизнес эрхлэгч гэхээр л хүнс импортолж, экспортолж болохгүй юу. Төрийн ажил хийж байгаа хүмүүс бизнес мэдэхгүй бол мэддэг хүний үгийг сонс” хэмээн бухимдаж байсан юм.
Түүнийг дэмжиж буйгаа О.Батнасан гишүүн ч илэрхийлсэн. Тэрбээр “Хүнс экспортолж, импортлоход тавигдах хуульд заасан шаардлага гэдэг нь экспортлогч улсын үйлдвэртэй шууд, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай худалдааны гэрээ байгуулсан байхыг хэлж байгаа юм. Энэ Улаан-Үд явж байгаа хүмүүсийг одоо яах юм бэ.
Мөн стандарт хангасан, техникийн зориулалтын шаардлага хангасан агуулах, тээврийн хэрэгсэлтэй байхыг шаарддаг. “Портер” машин дээр хүнсний бараа ачаад хоёр цагийн хооронд яваад ирж болно шүү дээ” хэмээн торгуулын хэмжээг нэмэгдүүлснийг эсэргүүцэж байлаа.
УИХ-ын гишүүн болсон тэд бол хүнсний бүтээгдэхүүний томоохон импортлогч. Ж.Ганбаатар гишүүний “Оргил” хүнсний сүлжээ дэлгүүр салбартаа томоохон байр суурь эзэлдгийг мэдэхгүй хүн үгүй биз. О.Батнасан гишүүний “Кондитер Улаанбаатар” ХХК нь ОХУ-аас чихэр импортоор оруулж ирдэг. Хэзээнээс хойд хөршийн чихэр, амттан манай зах зээлд түлхүү байдгийг хэлэх үү, тус зах зээлийн нэлээд хэсгийг О.Батнасан гишүүний компани атгадаг.
Тэдэнтэй хамт илт ашиг сонирхлын зөрчилтэй зүйл ярьсан гишүүн бол Б.Ундармаа. “Бишрэлт”-ийн Ундармаа хэмээн бизнесээрээ овоглодог тэрбээр арилжааны банкны эзэн байсан атал Зөрчлийн тухай хуулийн хүрээнд банкуудад хэт өндөр торгууль ногдуулахаар буйг эсэргүүцэж, хэд хэдэн томьёоллоор торгуулийн хэмжээг бууруулах санал гаргасан.
Гишүүн Б.Ундармаа “Банк гэхээр дандаа 100, 100 саяар торгодог. Эдгээр заалтаа эргэн харж, заримыг нь хасах хэрэгтэй. Ер нь бол би өнөөдөр 100 сая төгрөгийн торгуулийн эсрэг саналаа хэлж байгаа. Эдийн засаг амаргүй байхад аль болгоныг 100 сая төгрөгөөр торгоод байх вэ. Ядаж 80 сая болгооч. Торгуулийн дарамт зээлдэгч, харилцагчдын нуруун дээр л бууна” хэмээж байсан юм. Зөрчлийн тухай хуульд 100 сая төгрөгөөр торгох заалт арав буйгаас найм нь арилжааны банктай холбоотой аж.
Торгуулийн хэмжээг 100 сая төгрөг хүртэл нэмэгдүүлсэн заалтууд нь Банкны тухай хууль зөрчих, төлбөр, тооцооны баримтыг нуун дарагдуулсан, гүйлгээг саатуулсан зэрэг тохиолдолд үйлчлэх бөгөөд Монголбанкныхан эдгээр зөрчлийг нэлээд ноцтой, бүр банкийг дампууруулд хүргэх эрсдэлтэй хэмээн тодорхойлно лээ.
Тиймээс 72 сая төгрөг байсан торгуулийн хэмжээг 100 сая хүртэл нэмэгдүүлсэн гэнэ. Б.Ундармаа гишүүний гаргасан торгуулийн хэмжээг хоёр дахин бууруулах саналуудаас Банкны тухай хуульд заасан зохистой харьцаа алдагдсан тохиолдолд 80 сая төгрөгөөр торгох байсныг хоёр дахин бууруулж, 40 сая болгохоос бусад санал олонхын дэмжлэг хүлээгээгүй.
Гишүүд энэ мэтчилэн илт ашиг сонирхлын зөрчил гаргасан тохиолдол өмнө нь ч бий. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хүрээнд хүнс, нэхмэл, барилга, газар тариалан болон мал аж ахуй эрхэлж байгаа, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжүүдийн татварыг 90 хувиар хөнгөлөхөөр ярилцаж байх үед зарим гишүүний ашиг сонирхлын зөрчил тод илэрсэн.
Энэ байдал нь уг төслийг төрхөмд нь буцаахад ч хүргэж байв. Хэлэлцүүлгийн явцад үйлчилгээний чиглэлээр салбар, сүлжээ бүхий бизнес эрхэлж байгаад УИХ-д орж ирсэн нэр бүхий гишүүд энэ салбарыг татварын хөнгөлөлтөд хамруулъя гэх санал гаргаад нийгмээс төдийгүй намын нөхдөөсөө ч нэлээд шүүмжлэл хүлээж байсан удаатай.
Нийгмийн бүхий л салбарын төлөөлөл болсон олон бизнесмэнтэй манай парламентаар хэлэлцэж буй хууль болгонд энэ мэт ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй. Гишүүд тэр болгонд хууль, дүрмээ ягштал баримталдаггүй юм гэхэд хэнээс ч нууж хаалгүй, ингэж ил тод “зөрчил” гаргаж боломгүй баймаар. Ер нь манай гишүүдийн олонх нь хэлэлцэж буй хуулийн төслөө судлалгүй, сугалж яриад байдаг гэмтэй. Өөрийн аль мэддэг, гадарладаг зүйлээ илүүтэй ярих нь буруу биш байж болох юм.
Тухайлбал, нэгэн цагт бизнесмэн явсан Ж.Ганбаатар гишүүн өдгөө Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороог удирдаж буй болоод ч тэр үү байнга бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан зүйл ярьдаг ч заримдаа ядаж өөрийнхөө эрхэлдэг бизнестэй холбоотой асуудал хэлэлцэх үеэр хэлээ хазаад өнгөрч болмоор. Гэвч асар өргөн хүрээг хамардаг суурь хуулиудыг хэлэлцэх үеэр ч зөвхөн өөрийн бизнес, эрх ашигт хамаатай зүйлсийг сугалж яриад байдаг нь тун тоогүй.