Нийслэлийн Байгаль орчны газар, “Байгаль орчин аюулгүй байдлын төв” төрийн бус байгууллагатай хамтран Улаанбаатар хотын аль хэсгийн хөрс хүнд металлаар хордсон талаар судалжээ. Нийтийн эзэмшлийн талбай болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын мэдлийн газар гэхчилэн хүнд металлаар бохирдсон байж болзошгүй 100 орчим цэгийг сонгон авч хэмжилт хийсэн аж.
Ингэхдээ XRF гэх хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологийн багаж ашигласан байна. Нийслэлийн Байгаль орчны газрын үнэлгээ, газар, газрын хэвлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Жаргалсайханаас энэ талаар тодрууллаа.
-Улаанбаатар хотын аль хэсэгт судалгаа хийв?
-Нийслэлийн хөрсөнд хүнд металл алаг цоог байдлаар тархсан гэж үздэг. Энэ удаа хүнд металлаар бохирдсон байх магадлалтай 100 цэгт 136 удаа хэмжилт хийлээ. Хотын төвийн зургаан дүүрэг, нэмээд Налайхын газар нутгийг хамруулсан. Авто засварын газрууд, арьс шир, хүнд үйлдвэрүүдийн орчмоос бохирдол илүү илэрч болзошгүй гэж үзсэн газ-руудыг хамруулсан.
Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайгаас ч дээж авч, хар тугалга, хүнцэл, хром, зэс, цайр зэрэг элемент хөрсөнд хэр их агуулагдсан, аюултай хэмжээнээс хэд дахин давсныг тодорхойлсон. “Монголын байгаль орчин аюулгүй байдлын төв” төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, тус байгууллагын багаж тоног төхөөрөмжийг ашигласан юм.
XRF гэх багаж нь АНУ-д үйлдвэрлэсэн, рентген цацраг, радио долгионоор хөрсийг 15 см гүн, 20 см-ийн радиуст хэмжиж, тодорхойлдог.
-Хаанахын хөрс хүнд металлаар хамгийн их бохирдсон байна вэ?
-“Да хүрээ”, “Өгөөмөр” зах орчимд хар тугалга аюултай агууламжаас ес дахин давсан байна. Мөн цайрын агууламж гурав, зэс долоо дахин их гарлаа. Техникийн захынхан шатах, тослох материалаа хөрсөнд асгасаар байгаа нь үүгээр нотлогдоно. Хан-Уул дүүрэгт гэхэд арьс ширний үйлдвэрүүдийн орчимд хром стандартаас 6-9 дахин давсан нь илэрсэн.
Арьс ширний үйлдвэрүүд химийн бодис их хэрэглэдэгтэй холбоотой. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбайгаас дээж авч шинжлэхэд хромын агууламж 3-4 дахин их илрэх жишээтэй. Налайхын хуучин шилний үйлдвэр орчимд гэхэд хүнцлийн агууламж ес дахин давсан байна. Энэ мэтээр ганц, хоёр цэгт буюу алаг цоог байдлаар хүнд металл тархжээ.
-Аюултай агууламжаас давсан гэж тодотгодог нь ямар учиртай вэ. Хүлцэх хэмжээ биш үү?
-Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний MNS 5850:2008 гэсэн стандарт бий. Уг стандартад хөрс бохирдуулагч бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээг хүлцэх, хортой, аюултай агууламж гэж гурван зэрэглэлд хуваасан. Аюултай агууламж гэдэг нь хамгийн ноцтой. Хөрсөнд агуулагдах бохирдуулагч бодис, элементийн хэмжээ аюултай агууламжаас давсан тохиолдолд бохирдлыг арилгах арга хэмжээ яаралтай авах шаардлагатай.
-Судалгааны ажлаа цаашид үргэлжлүүлэх үү. Хүнд металл ихтэй газруудын бохирдлыг сааруулах арга хэмжээ авч байгаа юу?
-Уг судалгааг үечлэлтэй хийж буй. Бид судалгаанд үндэслээд, цаашид хийх ажлын төлөвлөгөө боловсруулж, нийслэлийн Засаг даргаар батлуулан ажиллаж байна. Мөн хотын захиргаанаас хөрөнгө гаргаж, хавар, намрын улиралд нийтийн эзэмшлийн зам талбай, айлуудын жорлон, хогийн томоохон цэгүүдийг ариутгаж, халдваргүйжүүлэхээр төлөвлөсөн.