Английн Манчестер хротод аялан тоглолтоо хийсэн дуучин бүсгүй Ариана Грандегийн тоглолтын дараа үзэгчдийн дунд дэлбэрэлт болж, террорист халдлагын улмаас 19 хүн нас барж, 50 гаруй хүн гэмтэж бэртжээ. Нийт 21 мянган хүн цугларсан концерт дөнгөж дууссаны дараа дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна. Цагдаа, цэргийнхэн шархадсан хүмүүсийг яаралтай эмнэлэг рүү зөөж, онц байдал зарлаж, түргэн хугацаанд шаардлагатай бүх арга хэмжээг авчээ. Гэрч нарын мэдүүлснээр дуучин бүсгүй А.Гранде сүүлийн дуугаа дуулж, тайзыг орхисноос хойш удалгүй дэлбэрэлт болсон аж.
А.Гранде Европоор аялан тоглолт хийж буй. Тэрбээр энэ долоо хоногийн сүүлээр Лондонд, түүний дараа Бельги, Польш, Германд тоглохоор төлөвлөж байсан юм.
Сүүлийн үед иймэрхүү олон нийт цугларсан тоглолт, шөнийн цэнгээний газраар бөмбөг дэлбэрэх явдал их гарч байна. Анх хоёр жилийн өмнө Францын нийслэл Парис хотод Батаклан театр болон Ла Кариллон баранд нэгэн зэрэг дэлбэрэлт болсон. Энэ халдлагын улмаас 109 хүэ өөд болж, тоогоо алдсан олон хүн хохирсон билээ. Энэ явдлаас сарын дараа Египтийн Кайро хотын нэгэн ресторанд мөн халдлага гарч, 16 хүн өөд болсон. Өнгөрсөн оны зургадугаар сард Орландогийн шөнийн клубт Омар Матеен хэмээх эр бөмбөг дэлбэлж, 49 хүний аминд хүрч, мөн төдий тооны хүн гэмтэж байв. Энэ сард Малайзийн Куала Лумпур хотын шөнийн клубт халдлага гарч, найман бэртсэн бол он солигдох мөчид Истанбулын шөнийн цэнгээний газарт болсон халдлагаар 39 хүн бурхан болсон билээ.