Манай улс 2014 оноос “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ингэснээр их, дээд сургуульд сурч буй 18-25 насны залуус цэргийн алба хаах боломж бүрдсэн юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гурван жилийн хугацаанд 2400 гаруй оюутан цэргийн алба хаажээ. Харин өнөө жил нийслэл болон Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Дорнод, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр аймгийн их, дээд сургууль, МСҮТ-ийн 1000 гаруй оюутан эр цэргийн тангараг өргөх гэнэ.
Тэгвэл Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, БСШУС-ын сайд Ж.Батсуурь нар энэ зун цэргийн алба хаах оюутнуудын төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Цэргийн албанд хамрагдсан залуус хувийн зохион байгуулалт сайтай, сахилга, хүмүүжилтэй, манлайлагч оюутан болж төлөвшиж буйг тэд онцлоод албаа амжилттай, хариуцлагатай хаахыг хүсэн ерөөлөө.
Цаашид бүх аймагт энэхүү сургалтыг нэвтрүүлж, оюутнууд хамрагдах боломж, нөхцөл бүрдүүлэх зорилт дэвшүүлээд буй гэнэ. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор цэргийн мэргэжил олгох сургалтын журмыг баталснаар “Оюутан цэрэг”-ийн сургалтыг боловсронгуй, үр дүнтэй явуулах эрх зүйн орчин бүрдсэн” гэлээ. ШУТИС-ийн оюутан Б.Отгонтогтох “Энэ хөтөлбөрт хамрагдсанаар цаг хугацаа хэмнэх давуу талтай. Бас их, дээд сургуулиа төгссөний дараа төрийн албанд ажиллах баталгаа болж байна.
Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан “Оюутан цэрэг”-т хамрагдаарай гэж найзууддаа уриалъя” гэсэн бол Б.Тулга “Бид “Оюутан цэрэг” хөтөлбөрийн суралцагчдад зориулсан “Цэргийн ерөнхий бэлтгэл” гарын авлага бүхий номыг үзэж, тодорхой мэдлэгтэй болсон. Үүнийгээ зун бататгаж, жинхэнэ цэрэг болно. Эрчимжүүлсэн сургалттай тусгай хөтөлбөрт хамрагдан, суралцангаа цэргийн алба хаах болсон нь бидэнд маш том боломж” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.