Хэдэн тоо нэмж үзлээ. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс гаргах 14.9, нэг намын зардлын дээд хэмжээ болох 6.8, нэр дэвшигч тус бүрийн зарцуулж болох 3.9 тэрбум төгрөгийг гурван намын гурван нэр дэвшигчээр тооцож үзвэл бид нийт 47 тэрбум төгрөгөөр сонгуульдах нь. Бидний хувьд энэ бол бага тоо биш. Холбогдох байгууллагаас тогтоосон зардлын дээд хэмжээнүүдийг нэмж, нэр дэвшигчийн тоогоор үржүүлээд л нийт зардлыг ингэж тооцох нь манай нөхцөлд бас бодитой биш.
Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуулийн нийт зардал бодит байдал дээр 50 тэрбумыг давж, талийж өгнө гэдэгт итгэлтэй байна. Төрийн тэргүүний суудлын төлөө гуравхан хүн улс орон даяар өрсөлдөж байгааг хэлэх үү, манай намууд, нэр дэвшигчид зардлын дээд хэмжээг давуулна уу гэхээс дутаах нь юу л бол (УИХ-ын өнгөрөгч сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн Үндэсний аудитын газарт ирүүлсэн зардлын тайланд дурдсанаар тэд 8.4 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 8.3 тэрбумыг нь зарцуулсан байна). Тэгээд ч манайд аливаа сонгуулийн зардлын тайлан гэж нэр төдий зүйл болж хувирдгийг өнгөрсөн сонгуулиудад мониторинг хийсэн судалгааны байгууллагуудын дүн харуулсаар ирлээ.
Сонгууль зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс гаргадаг зардлын тухайд 24 жилийн өмнө Төрийн тэргүүнийг сонгох анхны сонгуулиа 40 сая төгрөгөөр зохион байгуулж байсан бид өдгөө 14.9 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Улсын төсвөөс санхүүжүүлдэг зохион байгуулалтын зардал өмнөхөөсөө даруй гурав дахин нэмэгдэж ирсэн ч энэ удаагийнх тэрбум орчим төгрөгөөр буурч буй. Харин 2005 онд түүхэндээ хамгийн олон буюу дөрвөн нэр дэвшигчийн дунд өрнөсөн Төрийн тэргүүнийг сонгох дөрөв дэх удаагийн сонгуулийг 636 сая төгрөгөөр зохион байгуулсан нь өмнөхөөсөө төдийлөн өссөн дүн байгаагүй ч дараагийн ээлжит сонгууль нь төсвөөс дөрвөн тэрбумыг нэхсэн нь гайхалтай.
2013 оны сонгуулиар анх удаа автоматжуулсан систем ашигласан, гадаадад буй сонгогчдын саналыг авсан, саналын хуудас нь өндөр нууцлалтай, өнгөт зурагтай, бар код, брайль үсэгтэй болсон гэхчилэн олон шинэчлэл хийснээрээ зардал нь өмнөхөөс даруй дөрөв дахин нэмэгдэж байв. Тухайн үед автоматжуулсан систем нэвтрүүлсэнтэй холбоотойгоор өндөр зардал гарсан байж болох ч “хар машин”-уудыг сонгууль болгоноор худалдаж авдаггүй баймаар. Харамсалтай нь зардал тэгтлээ буурсангүй, аанай л арван хэдэн тэрбум дээр тогтчихлоо.
Дөрвөн жилд нэг удаа бүх нийтийн сонгуулиар Төрийн тэргүүнээ шударгаар сонгохын тулд энэ зэргийн зардлыг нүдээ аниад хүлээн зөвшөөрч болох юм. Харин улс төрийн нам, нэр дэвшигчдийн санхүүжилтийг ил тод болгох дорвитой алхам хийлгүйгээр хол явахгүй.
Улс төрийн нам, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг энэ удаа Үндэсний аудитын газраас тогтоосон. 2013 оны сонгуулиар уг зардлын дээд хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо тогтоосон бөгөөд нэр дэвшигчийнх гурав, намынх 5.1 тэрбум төгрөгөөс хэтрэхээргүй байв. Үүнээс өмнөх сонгуулиудад улс төрийн нам болон нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээг ингэж нарийвчлан тогтоож байгаагүй ч ийнхүү өмнөх сонгуулиас даруй тэрбум, тэрбумаар нэмэгдэх үндэслэл юу байв.
Үндэсний аудитын газрынхны тайлбарласнаар зардлын дээд хэмжээг тогтоохдоо сонгуулийн төв байгууллага болон улс төрийн намуудаас санал авдаг аж. Мөн өмнөх сонгуулиудын зардлын гүйцэтгэлтэй танилцсаны үндсэн дээр дээрх мөнгөн дүнг тогтоосон юм билээ. Нэр дэвшигчдэд гарааны ижил нөхцөл олгох, тэгш өрсөлдөх боломж бий болгох, мөнгөний сонгуулиас зайлсхийх зорилготой зардлын дээд хэмжээ ийнхүү сонгуулиас сонгуулийн хооронд тэрбум, тэрбумаар нэмэгдсээр байвал мөн чанараа гээх бус уу.
Зардлын хэмжээ нэмэгдсэн ч тайланг нь хараад төгрөг бүрийнх нь зарцуулалтыг түвэггүй мэдэж болдог бол бас өөр хэрэг. Монголд ардчилсан сонгууль зохион байгуулж ирснээс хойш улс төрийн нам, нэр дэвшигчдээс нэхэж ирсэн зүйл бол зардлын тайлан. Харамсалтай нь, сонгууль бүрийн дараа өрнөдөг үйл явц нэг нь тайлан авсан, нөгөө нь тайлан өгсөн болдог, “жүжиг” гэлтэй. Шилэн дансны тухай хуулиас зугтахын тулд таван сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээ хийж, “нуугддаг” шиг сонгуулийн зардлын тайлан бөглөдөг аргыг аль аль нам, нэр дэвшигчдийн олонх нь гаргууд эзэмшчихсэн бололтой юм билээ.
Судлаачид байнга хэлж ирсэн сануулга болон бодит амьдрал дээр бий болж буй шаардлагуудаас улбаалан сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох чиглэлд тодорхой алхам хийж буй ч хангалтгүй байна. Сонгуулийн тухай хууль шинээр баталж, зохион байгуулсан 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчид анх удаа иргэн болон хуулийн этгээдээс авч буй хандиваа сонгуулиас өмнө ил тод тайлагнасан байх учиртай.
Мөн нэр дэвшигч бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгч байж нэр дэвших эрх нь баталгааждаг болсон. Гэвч улс төрийн нам, нэр дэвшигчдийн санхүүжилтийн ил тод байдал туйлын хангалтгүй байсныг Нээлттэй нийгэм форум тайландаа онцолжээ. Тухайлбал, тус сонгуульд нэр дэвшсэн 498 хүний 386 нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасны дагуу ирүүлжээ.
Улс төрийн нам, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах мөнгөний хэмжээ тасралтгүй өссөөр хэдэн арван тэрбумаар хэмжигдэх болсон ч тэр их мөнгөний “гарал үүсэл”, зориулалтыг сонгогчид бид өнөөг хүртэл мэдэхгүй, олж чадахгүй байсаар л. Сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох чиглэлд хийж байгаа бодлого, арга хэмжээнүүд хоорондоо уялдахгүй, солжир байсаар байх уу. Сонгуулийн зардлын дансыг “шилэн” болгох тухай зүйл, заалтыг хуульд тусгайлан оруулж, тайлан гаргах журам зааврыг нарийн болгох шаардлагатай байна. Мэдээж хууль биелүүлээгүй хүмүүст ногдох хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Ч.Содномцэрэн: Тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй бол дараагийн сонгуульд бүртгэхгүй
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс сонгуулийн зардал, хандивын талаар тодрууллаа.
-Нэр дэвшигчид сонгуулийн зардлаа хэрхэн бүрдүүлэх ёстой вэ?
-Сонгуульд оролцож буй нам, нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө сурталчлах, тайлбарлан таниулахад зардал гаргана. Уг зардал нь хандив, намын болон нэр дэвшигчийн хөрөнгөөс бүрдэхээр хуульчилсан. Үүнийгээ сонгуулийн зардлын дансаар дамжуулах ёстой.
Өөрөөр хэлбэл, зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, сурталчилгаа, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах болон бичиг хэрэг, шуудан холбоо, томилолт унаа, ажлын хөлс, урамшуулалд зарцуулна.
-Нэр дэвшигчид зардлын дансаа нээчихсэн үү?
-Нэр дэвшигчээс гадна улс төрийн нам сонгуульд оролцуулах тухай шийдвэр гарснаас хойш зардлын данс нээлгэнэ. Дансандаа өөрийн хөрөнгө, сонгуулийн хандивыг хуримтлуулна. Дансаа нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо болон Татварын ерөнхий газар, Үндэсний аудитын газарт бүртгүүлэх үүрэгтэй.
Нэр дэвшигч данс нээсэн өдрөөс эхэлж сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал данснаасаа зардал гаргаж болно. Харин нам нэр дэвшүүлсэн өдрөөс эхэлж сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал тус данснаас зарлага гаргаж болно.
-Хандивын хэмжээг яаж тогтоосон байдаг вэ?
-Сонгуулийн хандив нь мөнгөн ба мөнгөн бус хэлбэртэй байна. Мөнгөн хандивын хэмжээ иргэнийх гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийнх 15 сая төгрөг хүртэл байхаар хуульчилсан. Нэр дэвшигч болон намд иргэн, хуулийн этгээд нэг удаа л хандив өгч болно.
Иргэн бэлэн мөнгөөр хандив өгч болно. Харин хуулийн этгээдийг бэлэн мөнгөөр хандив өгөхийг хориглосон заалттай. Хуулийн этгээд нь хандиваа дансаар дамжуулж өгөх ёстой. Үүнийг нь санхүүгийн болон татварын тайланд тусгана.
-Мөнгөн бус хандив гэж юуг хэлэх вэ?
-Үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлж болно. Мөн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхийг хамааруулна. Гэхдээ мөнгөн бус хандивыг зөвхөн нэр дэвшигчид өгнө.
-Хандивт хориглосон зүйл байгаа юу?
-Гадаад улс, гадаадын болон олон улсын байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд хандив өгч болохгүй. Мөн гадаадын иргэн, төрийн өмчийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив өгөхийг хуулиар хориглосон. Түүнчлэн 18 нас хүрээгүй хүн хандив өгч болохгүй.
-Зардлын тайланг ямар хугацаанд ирүүлэх ёстой вэ?
-Нам, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Тайланг нэр дэвшигч санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор, нам 45 хоногийн дотор ирүүлэх ёстой. Ингэхдээ зардлын тайландаа аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна. Нам, нэр дэвшигчийн авсан хандив, түүний зарцуулалтын тайланг Үндэсний аудитын газар хянана.
Үндэсний аудитын газар тайланг хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хянаж, нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана. Хуульд заасан хугацаанд сонгуулийн тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.