АНУ-ын Нью Йорк хотын төвд 23 хүн дайрч, нэг хүний аминд хүрсэн харамсалтай явдал болсон билээ. Энэ хэргийг 26 настай тэнгисийн усан цэрэг асан Ричард Рохас хэмээх залуу үйлдсэн юм. Хэрэг гарах үедээ Рохас хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон билээ.
Тэгвэл түүнтэй Нью Йорк Пост сонины сэтгүүлч шоронд байхад нь уулзаж, ярилцлага хийсэн байна. Энэ үеэр Рохас тэнэг үйлдэл хийсэндээ харамсаж байгаагаа ярьжээ.
Тэрбээр хэрэг хийхийнхээ өмнөх өдөр нь орон нутгийн ахмад дайчдын төвд сэтгэцийн эрүүл мэндийн зөвөлгөө авахаар оролдсон ч тухайн үед цаг байгаагүй буюу тавдугаар сарын 22-нд (өнөөдөр) л цаг авах боломжтой байжээ. Энэ талаар Рохас "Би тусламж авахыг хичээж байлаа. Өөрийнхөө амьдралыг цэгцэлж, ажилтай, найз охинтой болохыг хүсэж байсан ч зөвөлгөө өгдөг ажилтан даваа гариг хүртэл хүлээ гэж хэлсэн" гэж ярьжээ.
Мөн тэр өдрийн талаар сэжигтэн "Энгийн нэг өглөө байсан. Урьдын адил хоолоо идчихээд толгойгоо сэргээхээр салхинд гарсан юм. Түүнээс цааш юу болсныг санахгүй байна" гэсэн байна. Тэрбээр бүх хохирогчид болон тэдний гэр бүлийнхнээс уучлалт гуйж, мөн ээжээсээ уучлалт гуйж байгааг сониноор дамжуулан хүргэжээ.