Алдарт "Times Square"-д мансуурсан жолоочийн халдлагад өртөж, амиа алдсан 18 настай охины эцэг Томас Элсман сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. Тэрбээр Мичиган мужаас Нью-Йоркт гэр бүлийнхээ хамт ирээд удалгүй золгүй явдлаар хайртай охиноо алдсан юм. Тэрбээр Фокс 5 сувагт өгсөн ярилцлагадаа "Би энд баймааргүй байна. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй юм. Том охин маань өөд боллоо. Гэхдээ бусад хүүхдүүдээ бодоод хүчтэй байхыг хичээж байна" гэж ярьжээ. Томасын бага охин 13 настай Ава мөн эгчийнхээ хамтаар осолд өртсөн бөгөөд хөл нь хугарч, уушигандаа гэмтсэн гэнэ. Гэхдээ алтан гартай эмч нарын буянаар бие нь эдгэрч байгаа аж.
Талийгаач охин
Түүний охидууд жил бүр Нью-Йоркт ирдэг. Учир нь охидын ээж нь энэ хотод амьдардаг аж. "Энэ бол бидний хамтдаа хийсэн гурав дахь аялал байлаа. Тэд Таймс Скуарт очих дуртай байсан юм. Үүнээс өөр хэлэх үг алга" гэж охидын аав ярьжээ.
Энэ хэргийг үйлдсэн этгээд болох 26 настай Ричард Рохас хэрэг гарах үед K2 гэж нэрлэдэг хар тамхи хэрэглэсэн байжээ. Тэрбээр цагдаа нар луу "Намайг бууд, би тэднийг алахыг хүсэж байлаа" гэж орилж байсан аж. Түүнийг усан цэрэгт алба хашиж байсан гэдгийг армийнхан хүлээн зөвшөөрсөн ч хэзээ ч гадны улс руу даалгавараар явж байгаагүй гэнэ.
Рохасын талаар эцэг Томас Элсман "Хэрвээ энэ зүгээр нэг осол байсан бол би уучилж болох байлаа. Гэхдээ тэр хар тамхи хэрэглэсэн, мөн шүүх хурал дээр бүх үнэнээ өчсөний дараа санаатай аллага хийсэн гэдгийг ойлгосон" гэж хэлжээ. Шүүх хуралд алуурчин "Бүгдийг алахыг хүсч байна" гэж ярьсан бололтой.