Түрүүч нь № 114 (6107), 115 (6108) дугаарт
Цаас, ном, сэтгүүл зэрэг овоолгоостой ширээн дээр хүн бүр ногдсон ажлаа шаргуу хийж буй өрөөний таазнаас олон зурагт өлгөсөн харагдана. Энэ бол ABC (Australian broadcasting corporation)-гийн Австралийн Күинслэнд мужийн Брисбэн дэх салбарын мэдээний редакц. Хэдийгээр тус корпорац санхүүжилтээ Засгийн газраас авдаг ч хараат бус ажилладаг, менежмент нь хувийнх гэнэ.
Дээрх салбарын ерөнхий продюсер Хэйди Рекса “Үйл явдлын гэрэл зургийг хамгийн түрүүнд фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээгээрээ, дараа нь радиогоор аудиог нь, цахим хуудсаараа мэдээллийг нь түгээгээд, эцэст нь телевизээрээ цацдаг” хэмээн ярилаа.
Тэд үйл явдлыг идэвхгүйгээр дамжуулах бус, аль болох анализ хийн мэдээлэхийг чухалчилдаг. Австралид хэд хэдэн томоохон салбартай ABC осол, гэмт хэргийнхээс илүүтэйгээр байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, нийгмийг хамарсан мэдээлэлд түлхүү анхаардаг аж. Мужийг нь хар салхи дайрах ч юм уу, онцгой үйл явдал болоход иргэд нь хамгийн түрүүнд ABC-д мэдээлдэг гэсэн.
Бээжин, Жакарта, Лондон, Вашингтон зэрэг бусад улсын долоон хотод салбартай, жилийнх нь төсөв нэг тэрбум австрали доллароос давдаг уг том айл телевиз, радио, онлайн үйлчилгээ гэх мэт “хүүхэдтэй”. ABC-гийн Брисбэн дэх салбарын олон нийтийн сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн Гэри Кэмбл “Бид нийгмийн сүлжээнд байнга мониторинг хийдэг” гэлээ.
Үзэгч, сонсогчдыг татах ямар арга байгааг судалж буй нь энэ аж. Мөн фэйсбүүкээр цацагдаж буй мэдээлэл үнэн, худал эсэхийг шалгадаг хариуцсан ажилчидтай гэнэ. Жишээ нь, тухайн зураг бодит уу, үгүй юү гэдгийг шалгадаг, хэн нэгний хувийн хуудсандаа бичиж буй мэдээлэл үнэн, эсэхийг холбогдон, тогтоодог мэргэжилтнүүдтэй юм байна.
Радиогийнх нь сонсогчдын тоо буурах үед залуучуудад зориулан тэд шинэ суваг нээсэн нь амжилт олж чаджээ. Нялх хүүхэдтэй сэтгүүлчдэд уян хатан цагаар ажиллах боломж олгодог байна. Эндээс ABC-гийнхэн мэдээлэлд цэнзуртэй, ажилчдадаа ээлтэй байж, өөрчлөлтөд дасан зохицож чаддаг нь анзаарагдана.
Монголын сэтгүүлчдийн төлөөлөл саяхан Күинслэнд мужийн уул уурхайн төр, хувийн хэвшлийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нь танилцаад ирсэн билээ. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрөөс санаачилсан сургалтад хамрагдсан бид Күинслэндийн бүх шатны гэж хэлж болох төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн зургаан байгууллагад нь зочилсон.
ABC-гээс гадна Күинслэндийн Дарлинг Даунс бүсийн Түвүүмба хот дахь “ABC Southern Queensland” салбарт нь бид очсон юм. Тэнд хоёр л сэтгүүлч ажилладаг агаад радио, цахим хуудсандаа мэдээлэл оруулах ажлыг хариуцахын сацуу ABC рүү мэдээлэл илгээдэг. Сэтгүүлч хоёр бүсгүй өдөрт 12-15 мэдээ бэлтгэдэг бөгөөд гэрэл зураг, видео дүрсээ авч, монтажаа ч өөрсдөө хийдэг. 6-8 жил ажилласан туршлагатай тэд бүх зүйлээ ийн өөрсдөө амжуулдаг аж.
УЛС ТӨР УЙТГАРТАЙ
Түвүүмба дахь, 156 жилийн түүхтэй “The Chronicle” сонины ерөнхий эрхлэгч Стив Этвелл “Манай хэвлэмэл сонины захиалагчийн тоо 8000, цахим хувилбарынх нь 4000-д хүрдэг. Сүүлийн жилүүдэд хэвлэмэл сонины тоо цөөрч, цахим сонин, хуудаснаас мэдээлэл авах хүн нэмэгдэж байгаа” гэлээ. Тэдний мэдээллийг залуучууд цахимаар, ахмадууд хэвлэмэл байдлаар уншдаг нь анзаарагджээ. Тус сониныхон цахим хуудасныхаа хандалтыг бодит цагаар нь гаргадаг байна.
Өөрөөр хэлбэл, аль мэдээллийг хүмүүс хамгийн их уншиж байгааг дор бүр нь түвэггүй мэдчихдэг гэсэн. Орон нутгийн 10 орчим сониноос томд нь тооцогдох “The Chronicle”-ынхон улс төрийн үйл явдал маш уйтгартай гэж үздэг. Тэгвэл өнгөрсөн жил хамгийн их уншигдсан мэдээлэл нь шөнийн цагаар шарсан тахианы махаар үйлчилдэг түргэн хоолны газар ажиллаагүй тухай байжээ. Тэндхийн хүмүүс “хатуу юм” уусныхаа дараа ордог газар нь байсан тул аргагүй биз.
Бас бургерийн маханд бэлтгэдэг газрынх нь ажилтан шүлсээ хаясан гэх мэдээлэл ч олны анхаарлыг татсан үйл явдлын жагсаалтад дээгүүрт орж байжээ. Энэ нь орон нутгийн хэвлэл гэдэгтэй нь холбоотой болов уу. Стив Этвелл “Нохойтойгоо гэрлэх гэсэн хүний тухай мэдээлэл бас олон хандалт авч байсан” хэмээсэн юм. “The Chronicle” сониныхон цахим мэдээллийнхээ 20-30 хувийг сониндоо хэвлэдэг гэсэн. Ингэхдээ цахим хуудасныхаа өндөр хандалттай мэдээллээс сонгодог аж.
Цахим хуудастаа зориулан сэтгүүлчид нь видео дүрс бүхий мэдээ бэлтгэдэг болсон нь хүмүүсийн сонирхлыг анзаардгийг нь илтгэнэ. Тус сонин 18 сэтгүүлчтэй бөгөөд өглөө эрт буюу 06.00 цагаас, бас шөнийн ээлжээр ажилладаг байна. 32-60 нүүрээр хэвлэгдэж буй тус сонин зар сурталчилгаа, борлуулалтаасаа санхүүждэг.
Түвүүмбад үйл ажиллагаа явуулж буй өөр нэг сонин болох “Chinchilla news” нийт найман ажилтантайгаас гурав нь сэтгүүлч. Тус сонины ерөнхий менежер Эрика Брайшау “Хүмүүс уул уурхайн тухай хэтэрхий их мэдээлэл авах дургүй байдаг. Харин орон нутгийнхаа үйл явдлын мэдээллийг илүүтэй сонирхдог. Тиймээс уул уурхайтай холбоотой мэдээллээ “Surat basin” гэх тусгай сэтгүүлд хэвлэдэг” гэлээ.
Монголын сэтгүүлчид мөн “Dalby Herald” сонины үйл ажиллагаатай танилцсан юм. Ер нь орон нутгийн сонинууд нь ихэвчлэн 16-44 нүүрээр хэвлэгддэг гэсэн. Тэдгээрийн бүх нүүр нь өнгөт агаад Монголын сонинуудынхтай харьцуулбал реклам нь хавьгүй илүү. Аль болох бага тексттэй, гэрэл зургаа томоор тавьдаг нь хэнд ч анзаарагдана.
Биднийг Брисбэн хотын төвд оффистой “Brisbane times” цахим хуудасны редакцаар зочлоход ерөнхий редактор Саймон Холт нь “Манай үзэгчдийн тоо нэг саяд хүрсэн. Сард 20 сая хандалттай байдаг” хэмээсэн. Тэрбээр хэвлэл мэдээллийн салбар эрс өөрчлөгдөж буйг тэмдэглээд, уншигч, үзэгчдийн зуршилд өөрчлөлт орж байгаа нь сорилт болж буй гэв. Нийт уншигчийнх нь 15-20 хувь нь фэйсбүүк хаягаар нь дамжуулж ханддаг байна.
Тэд уншигчдын дунд байнга мониторинг хийдэг бөгөөд хүмүүс өдөрт мэдээлэл авдаг дөрвөн оргил үе байдаг гэж тодорхойлжээ. Өдрийн эхний оргил үе нь 07.00-09.00 цаг аж. Тэгвэл 12.00 цаг бол өдрийн хамгийн оргил үе гэнэ. Өмнө нь өглөө хамгийн оргил үед тооцогддог байсан бол одоо үд дунд болжээ. Иймээс тэд өглөөгүүр хамгийн шаргуу ажилладаг болсон байна. 17.00 цаг бол дараагийн оргил үе юм байна. 19.00-21.00 цаг бас нэг оргил үе агаад энэ үед хүмүүс нийгмийн сүлжээг түлхүү ашигладаг байх нь.
3E-ГИЙН ЗАРЧИМ
Орчин үеийн хамгийн дэвшилт технологи ашиглаж буй “Brisbane times”-ынхан бусад байгууллагатай хамтран ажилладаг, 20 сэтгүүлчтэй, видео, инфографик ихээхэн ашигладаг. Өмнө нь нэг хүн нэг л сэдвээр мэдээлэл бэлтгэдэг байсан бол одоо бүгд рүү нь “ордог” болсон, фото болон видео камер ашиглах чадвартай гэнэ. Уншигчдын хэрэгцээнд их анхаардаг бөгөөд мэдээлэл бэлтгэхдээ 3 E-гийн дүрэм баримталдаг аж.
Энэ нь, emotion буюу сэтгэл хөдөлгөх, education буюу боловсрол мэдлэг өгч, соён гэгээрүүлэх, evolution буюу амьдралаа хэрхэн сайхан болгох талаар зөвлөсөн мэдээллийг түлхүү хүргэхийг зорьдог юм байна. Тэд санхүүжилтээ зар сурталчилгаанаас олдог бөгөөд бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Өдрийн топ 10 мэдээнд нь улс төр, спортын сэдэв томоохон байр суурь эзэлдэг гэнэ.
Тэгвэл “Australian financial review” сонины улс төрийн сэтгүүлч Марк Ладлоу “Улстөрчид сэтгүүлчдийн үгийг анхааралтай хүлээн авдаг. Сэтгүүлчид маш хүчтэй байдаг” хэмээн тодотгосон. Күинслэндийн их сургуулийн сэтгүүл зүйн багш Брюс Вүүлэй “Манайд Хэвлэл мэдээллийн байгууллагуудын холбоо гэж бий. Үндэсний хэмжээнд мөрддөг ёс зүйн дүрэмтэй ч зарим шар хэвлэл дагахгүй байх нь бий” гэв. Австрали улс одоогоор хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 19 дүгээрт эрэмбэлэгдэж буй.
Австралийн “адтай” хэвлэлийнхэн өөрчлөлтөд хурдан дасан зохицож, сэтгүүлчид нь өглөө эрт, бас шөнө ажиллан тасралтгүй мэдээ мэдээлэл хүргэж, технологийн дэвшлийг хурдан нутагшуулж, үзэгч, сонсогчдын хүсэл, хэрэгцээг байнга судалдаг байх нь.
Үргэлжлэл бий.