Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон бөгөөд манайхны нэр хүнд, байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж буй. Сав л хийвэл мөргөлдөөн, байлдаандаа тулчих гээд байдаг үймээн самуунтай харь газар энхийг сахиулж буй ахлагч офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар “Өнөөдөр” сонин Монголд анх удаа “Аавын эзгүйд” нэртэй сонины реалити сурвалжилга эхлүүлсэн билээ. Цуврал сурвалжилгынхаа тав дахийг хүргэж байна.
“Эх орноо мөнгөөр солиогүй эгч нь дүүгээ эмчлүүлэх итгэл дүүрэн явна” хэмээх нэртэйгээр нийтлэгдсэн өмнөх сурвалжилга маань олон нийтэд нэлээд хүрч, манай сурвалжилгын гол баатар буюу Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа Ч.Мөнхжанцангийн дунд охин М.Номин-Эрдэнэд туслах янз бүрийн санаачилга гаргаад эхэлжээ. Тиймээс бид олон нийтийн энэхүү санаачилгыг бодит ажил хэрэг болгох үүднээс “Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая” хандивын аяныг албан ёсоор эхлүүллээ.
“Би эх орныхоо төлөө төмөр өргөдөг болохоос мөнгөний төлөө биш” гээд гадаадынхны саналыг хүлээж аваагүй хүндийг өргөлтийн спортын ОУХМ М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ зургадугаар сарын 15-ны дотор БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт гүн түлэгдлийн дараах шатны хагалгаанд ороход 65 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Ээж Д.Мөнхчимэгийнх нь нэр дээр нээлгэсэн (ХААН банк 5071320523), (Худалдаа хөгжлийн банк 451038475) тоот дансанд гурван өдрийн дотор хоёр сая гаруй төгрөг цугларснаас харахад “Олны хүч оломгүй далай” гэж монголчууд зүгээр ч нэг хэлээгүй бололтой.
МҮОХ-НЫХОН АЯНД НЭГДЭЖ САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА
МҮОХ-ны ерөнхийлөгч, Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн охины эмчилгээний зардалд туслах хандивын аяныг дэмжин, нэг сая төгрөг хандивласан юм. Тэрбээр “Эх орныхоо нэрийг тив, дэлхий, олимпын дэвжээнд гаргаж буй манай шилдэг тамирчдын нэг М.Анхцэцэгийн ар гэрт тохиолдсон гачигдал, зовлонг бид хамт олноороо хуваалцаж байгаа юм.
Цаашид энэхүү аяныг дэмжин, хамтарч ажиллахыг нийт тамирчид болон спортын бусад холбоодод уриалъя. Өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг. Бидний хэнд маань ч ийм гачигдал тохиолдож болох учраас нэгэндээ элгэн халуун сэтгэлээр тусалдаг сайхан уламжлалтай ард түмэн бол монголчууд. Тиймээс та бүхнийг ч мөн аянд нэгдэн, хүндийг өргөлтийн шилдэг тамирчин М.Анхцэцэгийн дүүд тусалж, ирээдүйд эгч шигээ сайн тамирчин болох мөрөөдлөө биелүүлэхэд нь тус нэмэр болохыг уриалж байна” хэмээсэн.
Ангийнх нь найзын охин түлэгдээд, Солонгос руу эмчилгээнд явах шаардлагатай байгааг мэдсэн ангижав нь 22 жилийн дараа Д.Мөнхчимэг эгчтэй холбогдож, хамт олноо уриалан хандивын аянд татан оролцуулах гэж буйгаа дуулгажээ. Мөн сайхан сэтгэлт нэгэн гэр бүл ээж, охин хоёрын БНСУ руу ирж, очих онгоцны зардлыг даахаа амласан байна.
Технологийн дэвшлийн ачаар Итали, Америк, Солонгосоос хүртэл хүмүүс холбогдож, хандив өргөж буй аж. Ерөөс 3000, 5000, 9999 төгрөг гэх мэтчилэн охины эмчилгээнд зориулж, монголчууд эрвийх дэрвийхээрээ сэтгэлийн хандив өргөсөөр байна.
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НЫ “ХАР ПҮРЭВ ГАРИГ”
2016.07.20-нд Рио Де Жанейрогийн зуны олимпод оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээн дээр “М.Анхцэцэг эгч шигээ хүндийг өргөлтийн мундаг тамирчин болоод, олимпод оролцох юм сан” хэмээн битүүхэн мөрөөдөж, эгчээрээ бахархан зогсож байсан М.Номин-Эрдэнэ ердөө хоёр сарын дараа сургууль дээрээ түлэгджээ. Есдүгээр сарын 1 дөхөх тусам ангийнхантайгаа уулзах гэж, сургуульдаа очихоор яаран цүнх дүүрэн дэвтэр, хичээлийн хэрэгсэл зэхүүлсэн охин 22-ны пүрэв гаригт ангийнхныхаа хоолыг (20-ын кострюльтай хоол) гуанзнаас зөөж яваад өөр дээрээ алдаж айхтар түлэгдсэн юм.
Тэр өдөр эзтэй юм шиг ээждээ “Би өнөөдөр хичээлдээ явмааргүй байна” гэсэн охиноо зэмлэж байж сургууль руу нь явуулсандаа Д.Мөнхчимэг эгч одоо ч харамсдаг гэнэ. Гайт хар өдрөөс хойш охин энэ жилийн турш хичээлдээ яваагүйгээс гадна сая төгсөлтийн зургийн цомогтоо ч зургаа авахуулж чадаагүй юм. Гэхдээ багш нар нь боломжоороо гэрээр нь ирж түүнд хичээл зааж байсан учраас охин удахгүй есдүгээр анги төгсөх улсын шалгалтаа өгөх гэж байгаа.
Тухайн үед монгол эмч нар эхний арга хэмжээг авч, арьс нөхөх хагалгаа хийсэн ч өнгөрсөн найман сарын турш М.Номин-Эрдэнэ “Хүйтэнд даарч, халуунд халж болохгүй” гэсэн эмчийн захиасыг ягштал биелүүлж, 21 хоног тутамд ургаж төлжсөн арьсаа зөөллөх 10 өдрийн курс эмчилгээнд орсоор өнөөг хүрчээ.
Түлэгдсэнээсээ хойш охин уургаа маш ихээр алдах болсон тул амархан ядарч сульдан, юм л бол ямар нэг өвчинд өртчих гээд байнга эмнэлэгт хэвтэх болжээ. Сэлэнгийн Ерөөд өвөө, эмээ дээрээ очихдоо хүртэл сумын эмнэлгээр “үйлчлүүлээд” авсан тэрбээр “Лам нар хүнийг гал, шороо, төмөр дээр суусан байна гэдэг. Тэрэн шиг би энэ жил эмнэлэг дээр суусан байх аа” гэж ээждээ хошигносон удаатай гэнэ.
Номио төрөлхийн алиа хошин зантайн дээр цаанаа л гэрэлтсэн, сэтгэл татам инээмсэглэлтэй учраас түлэгдсэнийг нь сая дуулсан хүмүүс “Нөгөө хөөрхөн гэрэлтсэн охин чинь түлэгдчихсэн юм уу, хайран хүүхэд” хэмээн халаглаж сууна.
25 ДУГААР ТУСГАЙ СУРГУУЛИЙНХАН ХҮРТЭЛ ОХИНД ХАНДИВ ӨРГӨЖЭЭ
Номин-Эрдэнийн аав Ч.Мөнхжанцан Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженерээр ажилладаг бөгөөд охиныхоо эмчилгээний зардлын хагас хугасыг ч болсон бүтээхээр Афганистаныг зорьж, энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй. Гэвч Солонгосын “Ханган сү” эмнэлгээс саяхан “Зургадугаар сарын 15-ны дотор хагалгаандаа орох хэрэгтэй” гэсэн албан бичиг ирүүлснээр цаг хугацаа улам давчуу болов.
Түлэгдсэнийх нь дараахан нэг өнжөөд л 150 мянган төгрөгийн боолт хэрэгсэл сольдог, байсхийгээд 300 мянган төгрөгийн үнэтэй дусал хийлгэдэг амаргүй цаг хугацааг туулсан ар гэрийнхнийх нь хувьд бол бүр ч ярвигтай байсан нь лавтай. Охиныхоо эрүүл мэндийг бодоод, сарын 400 мянган төгрөгөөр байр түрээслэн амьдарч буй тэд хашаа, байшингаа зарах тухай хүртэл бодож амжсан ч “Тэгээд зургуулаа хаачдаг билээ” гэсэн бодолд ээрэгдээд, одоохондоо шийдвэр гаргаагүй байгаа аж.
Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн зүгээс хариуцлагаа хүлээж, дөрөвдүгээр сарын 20 гэхэд М.Номин-Эрдэнийн эмчилгээний зардлын тал хагасыг ч болов олж өгөхөөр амлажээ. Тэд Сүхбаатар дүүргийн Боловсролын газартай хамтран, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хандсан бөгөөд өнгөрсөн хугацаанд зургаа орчим сая төгрөг цуглажээ.
Гэвч энэ нь Солонгост очиж, түлэгдсэн арьсыг нөхөн засах хагалгааны зардлынх нь 10 орчим хувьтай дүйх мөнгө юм. Өгье гэвэл ганцаасаа гэдэг шиг Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн сурагчид хүртэл халуун сэтгэлээр охинд 74 мянган төгрөг цуглуулж өгсөн нь одоо түрхэж буй сорвины нэг тосоо авах мөнгө гээд бодохоор ямархуу зардал гардаг нь ойлгомжтой.
Амьдрал тааварлахын аргагүй ээдрээтэй гэдэг үнэн гэлтэй. Хүндийг өргөлтийн залуучуудын болон оюутны дэлхийн аварга, Риогийн олимпын шагналт байрын эзэн М.Анхцэцэгийг өнгөрсөн жил зөвхөн БНСУ л гэхэд сар бүр 12 мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 сая вон амлан, иргэншлээ солих санал тавьж байв. Хэрэв солонгосчуудын тавьсан тэр саналыг М.Анхцэцэг хүлээн авсан бол магадгүй өнөөдөр М.Номин-Эрдэнэ аль хэдийнэ эмчлүүлчих байв.
Гэхдээ тэр үүнд харамсаагүй, харин ч дүүгийнхээ хагалгааны зардлыг бүтнэ гэдэгт итгэл дүүрэн яваа. Ийм агуу сэтгэлтэй, хүмүүжилтэй охиныг өдий зэрэгт хүргэхийн тулд 2012 оноос хойш аав, ээж нь мөн ч олон удаа цалингийн зээл авч, гадаадын томоохон тэмцээн уралдаанд орох зардлыг нь босгож байсан гэдэг.
2013 онд М.Анхцэцэгийг хүнд бэртэхэд эмч нар түүнийг суумгай болно гэж байсан ч аав, ээж нь зургаан сая төгрөгийн цалингийн зээл авч, Хайлаар луу эмчилгээнд авч явснаар охиноо хөл дээр нь босгосон түүх ч бий. Харин одоо монголчууд бид 15 настай дүүд нь халуун сэтгэлээр тусалж, цэцэг цэврүү шиг охинд хиргүй цагаахан, гэрэлтсэн инээмсэглэлийг нь дахин бэлэглэвэл ямар вэ. Нэгэн цагт тэр харин мөрөөдлөө биелүүлж, Анхаа эгч шигээ хүндийг өргөлтийн шилдэг тамирчин болох болтугай.
Та бүхэн аянд нэгдэхийг хүсвэл ЭЭЖ Д.Мөнхчимэгийнх нь нэр дээр нээлгэсэн (ХААН банк 5071320523), (Худалдаа хөгжлийн банк 451038475) тоот дансанд хандив өргөөрэй.
Холбоо барих утас: 88063018